Нулимстай бүтээн байгуулалт
Барилгын салбарт ажиллагсад айдас дунд ажлаа хийж байна гээд хэлчихвэл буруудахааргүй болжээ. Энэ салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 7-ны өглөө “River stone” орон сууцны хорооллын барилга дээр ажиллаж байсан гурван залуу өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "БоБэ констракшн" гүйцэтгэж байсан юм. Ослын гол шалтгаан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн. Осол гарах үед дээрх ажилчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажлыг дүүжин шатны тусламжтайгаар хийж байхад бэхэлгээ нь тасарч есөн давхараас унаж амь насаараа хохирчээ. Тэдний хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь ГССҮТ-д очсон ч эмчилгээ авч чадалгүй амиа алдсан. Тэд дөнгөж 19-23 настай байсан. Тэдэнд мэдээж бусдын л адил сайхан амьдрах хүсэл мөрөөдөл дүүрэн байсан нь мэдээж.
6
Харин уг барилгын цаад эзэн нь “Шунхлай групп” гэх мэдээлэл байна. Хэдийгээр “Шунхлай групп”-ийн зүгээс манайд огт хамаагүй хэмээн мэдээлсэн. 2012 оны аравдугаар сард цахим сайтуудад “River stone хотхон герман чанарыг мэдрүүлнэ” гэдэг гарчигтайгаар гарсан мэдээлэлд “Саяхан нээлтээ хийсэн Нарны гүүрний баруун урт талд сүндэрлэж байгаа “River stone” хотхоны загварын байрууд үүдээ нээлээ. Нээлтийн туузыг “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, “S Development” компанийн гүйцэтгэх захирал Б.Батжав нар хайчилсны дараа хүмүүс загварын байрыг үзэж сонирхлоо...” гэх мэдээлэл гарч байсан. Харин уг мэдээлэл өдгөө алга болж устгагдсан байна. Тэгэхлээр Шунхлай группыг дээрх барилгын эзэн гэж хэлэх боломжгүй юм.
6
Ер нь барилга хэмээх бүтээн байгуулалтын том ажлыг хэн хийлгэдэг вэ. Өнөөдөр жирийн нэг иргэн компани байгуулаад, барилга барих эрх хүссэнээрээ аваад, тендерт оролцоод байх боломжгүй. Харин энэ салбарт олон жил хүчээ үзсэн нэгэн аль эсвэл мөнгөтэй, төгрөгтэй, танилтай эрхэм энэ салбарт хүчээ үзэж байгаа нь нууц биш. Өөрийн сурсан мэдсэнээрээ, мэдлэг боловсролоороо барилгын салбарт олон жил ажиллаж, барилгачдынхаа хөдөлмөрийг үнэлж, дүгнэж бие сэтгэлээрээ мэдэрсэн удирдлага олон бий. Сайны хажуугаар саар гэгчээр ашгийн төлөө бүхий л арга саамыг эрэлхийлж, бушуухан л босгож байвал бусад нь хамаагүй гэх нөхөд ч олон байна. Ийм л хүмүүс өнөөдөр хүний амь нас эрүүл мэндийг хэдэн халтар төгрөгнөөс дорд үзэж буй юм. Үүнийг дараах тоо баримтаас харж болно.
6
Улсын хэмжээнд 2005-2013 онд л гэхэд зөвхөн барилгын салбарт нийт 581 үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн амь насаа алдаж, 130 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэсэн харамсмаар мэдээлэл байна. Үүн дээр санамсар болгоомжгүйгээр хуруу гараа гэмтээх, биедээ шарх сорви авч байгаа тохиолдлыг нэмбэл бүр ч их тоо гарах биз. Бүтээн байгуулалтад оролцож буй барилгачид маань хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм журмыг баримтлаагүй компанийн эздийн өмнөөс цагаасаа өмнө хорвоог орхисоор байх гэж үү. Зөвхөн барилгын бүс гэлтгүй түүний ойр орчимд явж байсан хүмүүс хүртэл амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал ихэслээ.
6
Тухайлбал, хичээлээ тараад ээж, дүүтэйгээ хөтөлцөн явж байсан 12-хон настай охины дээрээс бетон зуурмаг шахагч унаснаас амиа алдсан. “Тэнгис” кинотеатрын урд замаар алхаж явсан 25 настай оюутны дээрээс төмөр унаснаас амиа алдсан. “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркийн автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барсан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол бүр ч их бий. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талын “Рапид харш” орон сууцны барилгад ажиллаж байсан 26 настай залуу краны оройн хэсэг хугарснаас амиа алдсан. Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын барилгад ажиллаж байсан 40 настай ажилчны дээрээс төмөр сапуд унаж амиа алдсан. Чингэлтэй дүүргийн IV хороонд Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилга дээрээс тус барилгын 13 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.
6
Энэ мэт сэтгэл эмзэглүүлж, харамсмаар, халагламаар осол гарсаар л байна. Тиймдээ ч ажил амьдралын амтыг дөнгөж мэдэрч байгаа сайхан монгол залуус минь цэл залуугаараа амь насаа алдаж, үр хүүхдээ алдсан ээж аав, ханиа алдсан эхнэр, аавыгаа үгүйлэх хүүхдийн нулимс “далай” болоход ойрхон байна.
6
Тэгвэл барилгын салбарт эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдсэн эсэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэх асуудал хэнд хамаатай вэ. Барилгын салбар гэдэг маш их хөрөнгө, мөнгө хүн хүч шаардсан салбар. Барилгын компаниуд ажил эрхлэх эрхээ салбарын яамнаасаа авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бол барилгын явцыг Мэргэжлийн хяналтынхан хяналт тавих ёстой. Тэд тухайн барилгын ажил эхлэхэд хяналт шалгалтаа хийж, асуудалтай бол шаардлага хүргүүлж, засч залруулахыг үүрэгдээд орхидог. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол “үйл ажиллагааг нь зогсоох” шийдвэр гаргах эрхтэй. Гэвч тэд энэ шийдвэрээ эцэст хүртэл хэрэгжүүлэх хуулийн эрх нь олгогдоогүй аж. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулдаг. Хууль дүрмээ зөрчсөн тохиолдолд хэлж зөвлөдөг. Мөн зөрчлөө арилгуулах хүртэлх хугацаагаар албан шаардлага өгдөг. Хуульд үйл ажиллагааг зогсоох заалт бий. Гэхдээ хүний амь нас эрсдэх аюул учирсан нь тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно гэсэн байдаг ажээ. Харамсалтай нь, “Мэргэжлийн хяналтынхан торгож, түр хугацаагаар хаахаас илүү зүйл хийх биш” гэсэн ойлголт барилгын салбарт ажилладаг эрхмүүдэд байдаг гэлтэй.
7
Асуудал хаана замхарч байгаа вэ гэдгийг ил гаргах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар дүгнэлтээ гаргаж, зөрчил дутагдлаа арилгахыг шаардахад “даргатай чинь ярина шүү, чиний мэдлээс хэтэрсэн асуудал” хэмээн сүрдүүлгэд өртөх тохиолдол ч гардаг гэдэг. Тиймдээ ч ашиг орлого багахантай, ажил үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс, жижиг компаниудыг “ниргэчих” гээд байдаг мэргэжлийн хяналтынхан “том” компани, группийн өмнө эрх мэдэл нь “жижгэрдэг” болов уу. Уг нь төрийн төмөр нүүрийг харуулдаг бол барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, хууль зөрчин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх асуудал зогсох юмсан.
7
Эцэст нь дүгнэхэд, Барилгын салбарт ажилладаг 17-25 насны залуучууд, 25-45 насны эрчүүд хамгийн хүнд хэцүү ажил гэж болох барилгын караказ босгох, гадна фасад хийх зэргээр эр зориг, хүч чадал, ур ухаанаа сорин ажиллах сонирхолтой байна. Энэ ажил нь өдрийн 30-45 мянган төгрөг. Мэргэжлийн үнэмлэхтэй бол арай илүү үнэлэгдэж, туслах ажилтан бол багадаа 30 мянган төгрөгийн цалинтай ажилд орно гэдэг өнөөгийн нийгэмд хамгийн эрэлт хэрэгцээтэй байх нь мэдээж. Тиймдээ ч залуус маань барилгын салбарт орж ажиллах хүсэл сонирхол их байдаг бизээ. Гэтэл хэн нэгний хайхрамжгүйгээс, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ асуудалд холбогдох байгууллагууд илүү их анхаарч, үйл ажиллагаанд нь сайтар хяналт тавьж, буруутай этгээдэд оноох хариуцлагаа чангатгахгүй бол барилга гэдэг үхэл хагацал, өнчрөл, харууслын нулимс дагуулсан “нүглийн сав” болох нь ээ. Мөнгө чухал, гэхдээ хүний аминаас илүү байж чадах уу гэдгийг бодох цаг болсон.
7
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ