П.Сэрдамба “Бөртэ чоно”-ын эзэн боллоо
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно”-ын эзнийг тодруулж, спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Энэ оны спортын салбарын шилдгийн шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тодорч “Бөртэ чоно”-ын эзэн болсон юм. Тэрбээр энэ жил Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр П.Сэрдамба дэлхийн аваргын алт, хүрэл медальт ширэн бээлийтэн болж онцгой амжилт тогтоосон. Харин П.Сэрдамба маань “Бөртэ чоно”-оо өөрөө гардаж амжсангүй. Учир нь тэрбээр Казакстан улсад шигшээ багийнхантайгаа хамт хотуудын тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт П.Сэрдамба оролцож буй тэмцээнийхээ алтан медалийг олимпийн аварга Э.Бадар-Уугантай хоршуулан хүртсэн амжилттайгаар шинэ оноо угтах гэж байна. Харин шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч багш Т.Сүхбаатар шалгарсан юм. Түүний удирдсан охид анх удаа ДАШТ-ээс багаараа хүрэл цом хүртэж гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Ингээд шилдгээр тодорсон тамирчдыг танилцуулья. П.Сэрдамба /бокс/ – 510 оноо О.Насанбурмаа /чөлөөт бөх/ – 363 оноо Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ – 330 Б.Сэр-Од /хөнгөн атлетик/ – 302 Б.Гангаамаа /уулын спорт/ – 228 П.Лхамдэгд /жүдо/ – 203 М.Бундмаа /жүдо/ – 202 С.Мөнхбат /үндэсний бөх/ – 193 Б.Оюунсүрэн /чөлөөт бөх/ – 184 У.Мөнх-Эрдэнэ /бокс/ – 176































СЭТГЭГДЭЛ БИЧИХ