Баян, хоосны ялгаа бага ч гэсэн арилгахсан даа
“Дээд баян эрдэм ном
Дунд баян үр хүүхэд
Адгийн баян авдар сав, алт мөнгө, адуу мал” гэсэн онч мэргэн үг бий. Гэтэл өнөөдөр энэ үг эсрэгээрээ болчихсон биш. Өнөөгийн амьдралын үнэн төрхийг зураглавал өдөр, шөнө шиг ялгаатай. Монголын нийгмийн хамгийн ядуу давхарга гэвэл хэдхэн эрдэмтэд,тэгээд ариун үйлст багш нар, цалингаас цалингийн хооронд амьдарч буй төрийн албан хаагчид маань гарцаагүй орно. Цалингийн зээл гурван жилийн хугацаатай “тултал” нь авчихаад л шар нар, бор хоногийг өнгөрөөж сууна.
ы
Баян хүн үр хүүхдэдээ эд хөрөнгө, ухаалаг хүн үр хүүхдэдээ мэдлэг боловсрол, мэргэн хүн үр хүүхдэдээ хүн чанар өвлүүлдэг билээ. Монголын нийгэм тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал, авлига хэрээс хэтэрсэн байгаа нь юутай холбоотой юм бол гэсэн асуудал урган гарна. Сайтар тунгааж үзвээс сэтгэхүйн хоосрол буюу тархины ядуурал хамгийн гол буруутан нь аж. Гоёж гоодох, зугаа цэнгэлд их хэмжээний мөнгө зарцуулж цөс нь хавиргаа “нүднэ” гэгчээр мөнгөө үрж ядсан хэсэг бүлэг бий. Өдөрт 4-5 удаа хувцсаа сольж гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүмүүс монголд борооны дараах мөөг шиг олширсон . “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”. “Алтан шаахай өмсөвч алцан майга хэвээрээ” гэж монголчууд ярьдаг. “Их мэдлэг бол хүний дээд чимэг мөн” гэсэн сайхан үг бий. Харин манай нийгэмд энэ үгсийн утга хаачсан бэ? “гангараа” хэмээх нэгэн чамин лут ойлголт бий болоод эрдэм номыг шүтэхээсээ илүү эд хөрөнгийг илүү үзэж байгаа нь үндэсний эмгэнэлмөхөл ойртож буйн илрэл ч байж мэднэ.
ы
Хүний оюун тархинд орсон хөрөнгө оруулалт шиг үнэтэй өв гэж хаана ч үгүй. Хулгайд алдагдахгүй, өвлүүлсэн хүндээ хамгийн найдвартай хөрөнгө болдог. Баячууд үнэтэй машин, гар утас, хувцас, зуслангийн олон давхар хаус, уясан хурдан мориороо гангарч гайхуулдаг болж. Монголд жинхэнэ чимэг болох эрдмээ өчүүхэн ч болов дээдлэх сэтгэл хомс байгаа нь юутай уйтай. Эдийн засгийн их гүрэн Америкт баян хоосны ялгаа асар их бөгөөд үндэсний нийт орлогын 1/4 нь хүн амын зөвхөн нэг хувь дээр төвлөрч байдгаас харагдана.
ы
Энэ үзэгдэл яг одоо Монгол Улсад маань ч маш хурдацтай явагдаж байна. Автобусныхаа мөнгийг халаасан дахь хэдэн бутархай төгрөгөөрөө арай ядан төлсөн эгэл ажилчин дэндүү олон. Төр засаг маань нийгмийг чирж урагшлах хүчирхэг дундаж давхаргыг бий болгох нь зайлшгүй биелүүлэх ёстой даалгаврын нэг болоод байгааг ухаарах цаг ирчихэж. Албан ёсны тоо баримтад дурдснаар манай улсын хүн амын 40 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж байна.
чя
Энгийн хүмүүст тэр болгон харагдаад байдаггүй монголын эрхэм дээдсүүд сүүлийн үед унах онгоц, нисдэг тэрэг, бүр тийрэлтэт онгоцоор гангарч бийлэгжүү загнах болжээ. Баячуудын хувцас гэхэд л хэдэн өрөө дүүрсэн байдаг. Гэтэл сольж өмсөх хувцасгүй, хоногийн хоолгүй яваа хүн эх оронд минь олон. Хэтэрхий тансаг байдлаа хумьж ядарсан нэгэндээ туслах мөс чанар монгол хүмүүнд баймаарсан.
ы
Хэдхэн жилийн өмнө 30 метр квадрат талбайтай нэг өрөө байрыг 20 сая арай хүрэхгүй төгрөгөөр худалдаад авчихаж болдог байсан бол өнөөдөр доод тал нь 50 сая төгрөгөөр дөрвөн ханын дундах хананаас нь ус гоождог, халаалттай жижигхэн талбайг худалдаж авах болчихоод байна. Ийм байртай болно гэдэг дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд бараг мөрөөдөл. Учир нь урьдчилгаа мөнгө төлөөд орсон ч 20 жил өртэй амьдрах хувь тавилантай золгодог.
ый
Инфляци тогтворгүй өнөө цагт дундаж болон түүнээс доош орлоготой эгэл жирийн бидний нурууны ачаа өдрөөс өдөрт хүндэрсээр. Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар 300 гаруй эх амаржиж эх орондоо иргэн болон мэндэлснээ тэнхээ мэдэн зарладаг. Гэтэл тэдний дунд ядуу амьдралаас үүдэлтэй сульдаатай хүүхэд төрж байна. Харин сульдаатай эхчүүдээс тураалтай хүүхэд төрж буй тийм ядуу дүр төрх өнөөгийн нийгэмд ч байсаар байгааг нуух аргагүй.
ый
Гэтэл баячуудын нэг өдрийн хэрэглээ буюу хувийн онгоцоороо ийш тийм зугаалах мөнгө нь бидний өчнөөн жил үнэнчээр хөдөлмөрлөөд олох мөнгөн дүнгээс илүү гарах жишээний. Нэг гүүр давж амьдарвал нилээд баян, хоёр гүүр давж амьдарвал хосгүй баян гэсэн явган яриа хүртэл гарчихаж. Зайсан гэсэн энэ нэр одоо баячуудын хороолол гэсэн агуулгыг илтгэж, тэнд зөвхөн баячууд л амьдардаг гэсэн ойлголт аль хэдийнэ газар авсан. Монголын баячууд Зайсан хавьд амьдардаг. Байгаль орчны яамнаас Дархан цаазат газрыг мэдэлдээ авч, Газрын албанаас салгаж зөвшөөрөл өгөх болсноос хойш тэнд газрын наймаа хэрээс хэтэрсэн.
йы
Тусгай хамгаалалттай гэх энэ газар тусгай баячуудын амьдардаг хотхон, “диваажин” болж хувирсан. Зайсанд нийт 146 иргэн аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх авчээ. Дархан цаазтай Богд уул, Зайсангийн амны барилга байгууламж багтахаа байлаа. Өөрийн хөлжиж, баяжих эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, газрын наймааны “мафи” үүсгэсэн гээд хэлчихэд хатуудахгүй л болов уу. Тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь төрөөс булааж хувьдаа аваад байна. Монголын тэргүүн баячуудын газар Зайсанд бий.
ы
Гэтэл ядуус нь хүн тавьдаг чимээгүй хоттойгоо айлсаад чимээгүйхэн амьдарч сууна. Баян чинээлэг гэж хэн нэгнийг үзэн ядах гэсэнгүй. Гагцхүү баяжсан арга нь шударга байж, эгэл жирийн хүмүүсийн цалин нь хангалттэй, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд шийдвэр гаргагчид сэтгэл зүрхээ үнэнчээр зориулах нь л чухал байна. Залхуу хүн ядуу байдаг гэж хэлэх нэгэн бий. Зарим тохиолдолд энэ үг үнэн хэдий ч нийгмээрээ залхуу гэж туйлшрах нь буруу. Яаж ч хичээгээд, өглөөний шар нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаад авдаг цалин нь боломжтой нэгний барьж яваа цүнхний үнэнд хүрэхгүй. Гуравхан сая хүний амьдралын ялгаа ийм байхад бид шударга, хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байна гэж ам бардам хэлж чадах гэж үү. Баян, хоосны ялгаа бага ч гэсэн арилгахсан даа.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ