Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллуулснаар зөрчил буурчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй хаяа залган оршдог Төв аймгийн Баянчандмань сумын нутгаар олон улсын чанартай зам, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай автозам дайран өнгөрдөг. Тээврийн хэрэгслийн хөдлөгөөн ихтэй, огцом эргэлттэй энэ замд жолооч нар хурдаа тохируулж яваагүй, ослын тэмдэг, наалт хэрэглээгүй зэргээс болж зам тээврийн осол, аваар олон гардаг. Бид Баянчандмань суман дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих постод хэсэг зуур саатаж, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сурвалжлав.
о
Одоогоос гурван жилийн өмнө энэ замд ослын наалт, тэмдэггүйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан автомашиныг, ард нь явж байсан тээврийн хэрэгсэл мөргөж, зорчигчдын амь нас эрсэдсэн осол нэг сарын дотор гурван удаа, дараалан зургаан удаа гарч байсан. Үүнээс хойш хотын захад байрладаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих постууд шалгалтыг эрчимжүүлэн жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ослын тэмдэг, наалт, галын хор, эмийн санг машиндаа авч явахыг шаардсан. Мөн жолооч нарт зориулан энэ постын хажууд бүтээгдэхүүн нь стандартад нийцсэн Дельта авто сервисийн борлуулалтын цэгийг ажиллуулж, жолооч нарын зөрчлийг газар дээр нь арилгуулж, ослын тэмдэг, наалт, галын хор, эмийн санг зах зээлийн ханшаар борлуулж байжээ. Стандартын шаардлага хангасан ослын тэмдэг, наалт нь зургаан сарын хугацаанд ашиглагдаж, 500 метр зайд тусч, өмнө нь тээврийн хэрэгсэл байгааг харуулдаг бол шаардлага хангахгүй наалт 20 метрт газар яваад хуураад унадаг гэнэ.
р
Энэхүү ажил 2012 оноос эхэлсэн ба хотоос хөдөө орон нутгийг зорьж байгаа жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад явдаг байсан аж. Гэвч иргэдийн зүгээс “жолооч нар бизнес хийлээ” гэсэн гомдол гаргаж, Дельтагийн борлуулалтын цэгийг ажиллуулахаа болиод нэг сар гаруйн хугацаа өнгөрч буй юм байна. Борлуулалтын цэг нь барааныхаа үнийг нэмж зардаггүй байсан ба стандартын ослын наалт, тэмдэгийг 6000 төгрөгөөр, зориулалтын автомашины эмийн санг 5000 болон 12 мянга төгрөгөөр, галыг хорыг мөн зах зээлийн үнээр борлуулдаг байжээ. Уг цэг ажиллаж, жолооч нар стандартын шаардлага хангасан ослын гурвалжин тэмдэг, наалтыг хэрэглэдэг болсноос хойш автомашины араас тээврийн хэрэгсэл мөргөж, хүний амь нас эрсдэх осол буурсан тухай холбогдох албаны хүн ярьсан.
р
“Хэнэггүй жолоочийн буруугаас дүүгийн минь амь нас хохирсон”
р
Биднийг пост дээр байх үед хотоос гарах болон нийслэлийг чиглэсэн авотмашины хөдөлгөөн нэлээн их байлаа. Замын цагдаа нар улаан модоо дохин жолооч нарыг зогсоож, шалгалт хийнэ. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлагатай жолооч нар байхад энгийн зүйлээс эхлээд бөөн зөрчил хажуудаа хүний амь тээгээд явж байж хуулийн өмнөөс эсэргүүцэх хариуцлага муутнууд ч байв. Тэд өөрийн болон бусдын амийг хамгаалах үүрэг хүлээн замын хөдөлгөөнд оролцож байгаа, машин унах бол тоглоом биш гэдгийг бүрэн ухамсарлаагүй явдаг аж. Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 6.10-т зааснаар бол галын хор, эмийн сан, ослын тэмдэггүй бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог байна. Мөн уг дүрмийн 10.1-т тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг эзэмшигч өөрөө хариуцна гэж заасан байдаг аж.
Энэ үеэр ослын зогсолтын тэмдэг хэрэглээгүй жолоочийн буруугаас дүүгийнх амь нас хохирсон С.Хишигбаяр гэх иргэнтэй тааралдсан юм. Тэрбээр “Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин ослын тэмдэг, наалттай явах хэрэгтэй байна. Миний дүү Дорноговь аймгийн Сайншанд сумаас Айраг сум хүрэх замд шөнө явж байгаад өмнө нь машин зогссон байгааг мэдэлгүй араас нь мөргөсний улмаас амь насаараа хохирсон. Ослын тэмдэг хэрэглээгүй тэр хариуцлагагүй, хэнэггүй жолоочийн буруугаас болж ийм осол гарсанд харамсалтай байдаг. Ер нь жолооч нар ослын тэмдэг хэрэглэхгүйн улмаас Дорноговийн замд бол байнга ийм осол гарч байна. Өчигдөр гэхэд л микро автобус ослын тэмдэггүй машины араас орж, жирэмсэн эмэгтэй нас барж, хоёр хүн хүнд гэмтсэн осол гарсан” гэж ярьсан.
Жолооч нар ослын тэмдэг, наалт хэрэглэх нь хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй, ингэснээр өөрийгөө болон бусдыг болзошгүй ослоос хамгаалж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэйг Төв аймгийн цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн зохицуулагч цагдаагийн ахмад О.Халиун сануулж байв.
р
“Төвөгтэй” хамгаалалтын бүс ослоос 70 хувь хамгаалдаг
о
Орон нутгийн замд хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн, ослын тэмдэг наалт хэрэглээгүй, хамгаалалтын бүс зүүгээгүй зэргээс болж зам тээврийн осол гардаг. Жолооч нарын зүүх дургүй хамгаалалтын бүс ослоос 70 хувь хамгаалдаг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг аж. Хамгаалалтын бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцож буй жолоочоос яагаад гэдгийг нь асуухад жолоо барихад төвөгтэй байдаг гэж хариулсан. Түрхэн зуурын төвөгтэй байдал түүнийг ямар аюулаас хамгаалахыг тэрбээр мөн ухамсарлаагүй л явна. Бүс хэрэглээгүйгээс болоод ослын үед урагш гүйж нүүр, толгой гэмтэх, хөл дунд чөмгөөр хугарах зэрэг гэмтэл бэртэл авдаг байна. Харин хамгаалах бүс хүний бүсэлхийгээр дарснаар хөдөлгөөний үед урагш гүйдэггүй учир дээрх гэмтэл авах нь бага байдаг аж. Мөн цагдаагийн шаардлагаар ганцхан жолооч л хамгаалах бүсийг зүүдэг байсан бол иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцуулж буй аж. Замын хөдөлгөөний дүрэмд суурингийн гадна 80 км/ц хурдтай явна гэж заасан байдаг ч ихэнх жолооч 100 км/ц дээш хурдтай явдаг. Энэ нь орон нутгийн замд осол гарах бас нэгэн шалтгаан болж буй юм.
о
Энэхүү пост нь 52-ын даваанаас 124-ийн даваа хүртэлх замыг хариуцан ажилладаг ба хөдөлгөөнт эргүүл тогтмол шалгалт хийж байгаа аж. Ингэснээр жолооч нар орон нутгийн замд дүрэм зөрчих болон хулгайгаар мод тээвэрлэх асуудал багассан байна.
х
Малаа дурангаар хариулснаас болж хулгайд алддаг
р
Баянчандмань суманд малын хулгай, зөвшөөрөлгүй мод тээвэрлэх хэрэг тасардаггүй гэнэ. Зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад баригдсан иргэдийн машиныг хурааж, журмын хашаанд тавьсан байлаа. Сэлэнгэ аймгийн Мандал болон хойд сумдаас мод бэлтгэсэн иргэд гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэх, гэрчилгээтэй ч шалгалтаас зайлсхийх, зөвшөөрөлгүй явж байгаад баригдахдаа нэрээ хэлэхгүй нуух, бичиг баримтаа шалгуулахаас зайлсхийх зэрэг зөрчлийг гаргадаг байна.
р
Тус сумын цагдаагийн хэсгийн зүгээс Эрүүгийн хуулийн дагуу хохирлын хэмжээг тооцож, анхны хойшлуулашгүй арга хэмжээг авч Төв аймгийн цагдаагийн газар шилжүүлдэг гэж Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч ахмад С.Батсайхан ярьсан. Малын хулгайн гэмт хэрэг тасрахгүй байгаа шалтгаан нь малчид малаа дурангаар хариулдагаас болдог аж. Малаа алдагдангуут цагдаад мэдэгдэлгүй, өөрсдөө хайгаад олохгүй болохоороо 2-3 хоногийн дараа буюу хугацаа алдаж, цагдаад хандаснаар зарим хэргийн илрүүлэлт уддаг гэнэ. Малын хулгайч нар малаа өөрсдөө дагаж хариулдаггүй, малын хойноос явах, эрж хайх бүл цөөнтэй айлуудыг судалж, хулгайлдаг байна. Оны эхний найман сарын байдлаар есөн хэрэг гарч, зургааг нь илрүүлжээ. Хамгийн гол нь малчид малаа байнгын хариулгатай байлгавал малын хулгай гарахгүй байх боломжтойг хэсгийн төлөөлөгч онцолж байв.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ