Боловсрол, иргэншил судлалын шинэ бүтээл хэвлэгдлээ
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн “Монголын боловсрол, иргэншил судлал” номын нээлт өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Номын нээлтэд монголын шинжлэх ухааны салбарын үе үеийн нэрт эрдэмтэд, судлаачид оролцсон бөгөөд бүтээлийн талаарх санал бодлоо солилцсон юм.
ы
“Монголын боловсрол, иргэншил судлал” ном нь гурван хэсэг, арван нэгэн бүлгээс бүрдэх бөгөөд монголын боловсролын судалгаа, нүүдэл иргэншил судлалын асуудлыг “боловсрол судлалын зарим асуудал”, “боловсролын түүх, шинэчлэл”, “нүүдэлчдийн төр ёс, мэдлэг, уламжлал”, “нүүдэлчид ба харьцуулсан судлал”, “иргэншил судлал, хөгжил”, “шинжлэх ухаан, технологи” зэрэг сэдвийн хүрээнд өгүүлжээ. Дээрх чиглэлийн судалгааг монголчуудын мэдлэг ухаан, шинжлэх ухааны боловсрол, боловсролын макро орчин, чиг хандлага, их сургуулийн менежментийн хөгжил бүлгийн хүрээнд боловсруулсан байна.
й
Зохиогч даяаршлын эрин үед өөрийн орны боловсролын тогтолцоог илүү танин мэдэж, боловсролын тогтолцооны төсөөтэй хийгээд ялгаатай талуудыг тодорхойлох арга зүй болон иргэний боловсрол, дээд боловсролын эдийн засгийн механизмыг судлан өөрийн санал бодлоо тусгаж монгол улсын хөгжилд мэдлэг оюуны ач холбогдол, үндэсний хөгжлийн үнэт зүйлс, тулгуур зарчим түүхэн хандлагын тухай өөрийн саналыг дэвшүүлжээ.
й
Академич Б.Энхтүвшин сүүлийн жилүүдэд нүүдлийн нийгэм иргэншил судлалын талаар бичиж туурвисан бүтээлүүдээ тус номонд багцлан оруулахдаа соёл иргэншлийн хөгжилд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийг төр ёсны уламжлал, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, технологийн судалгаа, төв азийн соёл иргэншлийн хөгжил, нүүдлийн нийгэм зэрэг өгүүлэл, илтгэлээрээ тодотгон харуулсан байна. Мөн нүүдэлчид, бэлчээрийн ашиглалт, тал нутгийн соёлын хөгжилд тэдгээрийн гүйцэтгэсэн үүргийг судлан дүгнэсэн ба соёл иргэншлийн харьцуулсан судалгаа, хил залгаа бүс нутгийн нүүдэлчдийн судалгаа, монголын нүүдэл соёлын аюулгүй байдал, чиг хандлагын талаар зохиогчийн удирдлаган дор зохион байгуулагдсан олон улсын экспедицийн судалгааны үр дүн, баримтад дүгнэлт зөвлөмжийг боловсруулсан нь ихээхэн сонирхол татахуйц юм.
й
Иргэншлийн онол, иргэншлийн хөгжил, иргэншлийн стандарт болон нүүдлийн нийгмийн судалгааны орчин үеийн асуудлуудыг уг бүтээлд өгүүлэхдээ монголын нүүдэлчдийн өв соёлыг нарийвчлан судалж, өнөөгийн шинжлэх ухаан технологийн дэвшилттэй уялдуулан хөгжүүлэх, “соёлын өв-технологийн шинэчлэл-боловсрол” гэсэн гурвалсан үзэл баримтлалыг бодлого боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх түвшинд төр засаг, шинжлэх ухаан, их дээд сургуулиуд цаашид анхаарах ёстойг таниулахыг зорьсон аж.
ы
Иргэншил гэдэг ойлголт шинжлэх ухааны хэллэгт нилээд хожуу буюу 18 дугаар зуунд орж ирсэн байх ба харин хүн төрөлхтний соёл-иргэншил хэдэн мянган жилийн түүхтэй юм. Иргэншил хэмээх ойлголт улс төрийн хүрээнд илүүтэй хэрэглэгдэж үндэстнүүдийг зэрлэг ба иргэншсэн гэх, иргэншсэн ба иргэншээгүй гэх, хотожсон соёлжсон ба хоцрогдсон бүдүүлэг гэх харьцуулалтыг улс төрийн зорилгоор буй болгож яваандаа их гүрнүүдийн колоничлох, нөлөөндөө байлгах зорилгыг “зөвтгөгч” шалгуур болгож хэрэглэсэн тохиолдол олон юм. Иргэншлийг онол, сургаалийн хувиар авч үзвэл хүмүүсийн нийгэм соёлын нийтлэг байдал мөн юм. Монголчууд бид бол нүүдлийн амьдрал соёл уламжлал дээр суурилсан иргэншил бүхий үндэстэн мөн гэж зохиогч тодотгон өгүүлжээ.
ы
Мөн зохиогч иргэншил бол зөвхөн хотын амьдралаас үүдэлтэй бус харин хамтын амьдрал, засаглал, хууль эрх зүй, бичиг соёл, мэдлэг боловсрол, технологи шинжлэх ухаан, урлагийн өвөрмөц зохицлын нэгдэл болохыг харуулж байгаа гэдгийг тэмдэглэсэн байна. Эцэст нь зохиогч XXI зуунд боловсрол судлал, нүүдлийн нийгмийн түүх, соёл, уламжлал, шинэчлэлийг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн уулзвар дээр гүнзгийрүүлэн судлахын ач холбогдол өсөн нэмэгдэх нь дамжиггүй юм хэмээн тодорхойлжээ. Нээлтийн ажиллагааны төгсгөлд зохиогч номын дээжээсээ уригдан ирсэн зочдод гардуулан өгсөн юм.
ы




Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ