Г.Хайдав: Би 82 жил алтан тайзтайгаа найзалжээ

img

Урлагийн ариун сүмд олон жил заларсан Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, доктор, профессор Г.Хайдав гуайтай чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ. Эрхэм уншигч та таалан болгооно уу.

ый

-Сайхан намаржиж байна уу. Хайдав гуайгаар сонин сайхан их биз дээ?

-Үнэхээр сайхан байна, охин минь.  Ард түмнийхээ урам хайр, буян хишгээр сайн сайхан л явна. Саяхан эрдэмтдийн 40 жилийн ойн баярт оролцоод дөрвөн сайхан дуугаа дуулаад ирлээ. Би одоо 90 настай. Найман настайгаасаа алтан тайзтайгаа нөхөрлөсөн. Би 82 жил алтан тайзтайгаа найзалжээ. Наймхан настай, хөдсөн дээлтэй Ленин клубын тайзан дээр Ленин багшийг шон босгоод утсаар холбоод дэнгийн оронд чийдэн авчирсан тухай оросын ард түмний бүтээсэн дууг нэг ч орос хэл мэдэхгүй байхдаа дуулж байснаа одоо ч мартаагүй явна. Хүн сайхан дурсамжаараа сэтгэлээ тэжээж явдаг юм байна. Саяхан “Саран ээж” байгууллагаас “Хан аав” хэмээх одон шиг сайхан тэмдэг авлаа.  Шинэ дуулгах мэдээ нэг иймэрхүү дээ.

й

-Таны олон төрлийн цуглуулгатай гэдэг юм билээ?

-“Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэж У.Шекспир хэлсэн байдаг. Номонд монгол хүний агуу ухаан, сэтгэл байдаг болохоор яах аргагүй миний хобби. Тэр ч утгаараа 3000 гаруй номтой баян хүн шүү би. Мөн сайн эр хүний хэрэглэдэг гурван зүйл бий. Тэр нь гал, хутга, сур. Энэ гурвыг шүтдэг болохоор хутга, гал, сурын цуглуулга бий. Надад олон орны шүдэнзний хайрцаг байдаг. Аавын минь эдэлж хэрэглэж байсан буян шингэсэн хөөрөгнөөс эхлээд хэд хэдэн хөөрөг байгаа. Би улаан, хөх, бор өнгөнд дуртай. Бор өнгийг би эр хүний өнгө гэж боддог шүү.

й

-Хэлэх дуртай үг?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай. Монгол хүний заяа завагт гэдэг. Энэ нь заяа их сайхан ойр байна гэсэн үг шүү дээ.

й

-Таныг 700 гаруй дуу дуулсан гэдэг?

-Одоо 800 гарчихсан шүү дээ хүү минь. Үндэсний 20 гаруй, гадаадын 30-аад орны сонгодог дуурийн гол дүрд оролцож байлаа. Би 84-тэй байхдаа “Евгенин ониген” дуулж байсан.”Манай аялгуу” дуугаа 70 гаруй жил дуулж байна. Миний дуулах арга ухааныг авсан олон шавиараа бахархаад сууна. Миний шавь нар дотроос Увс нутгийн хүү С.Жавхлан шиг цэвэрхэн дуулдаг хүн ховор шүү. Жинхэнэ монгол ухаанаар дуулж яваа хүү дээ.

й

-Та олон оронд эх орныхоо соёл урлагийг сурталчилсан хүн. Энэ талаар ярьж өгөөч?

-Тийм ээ, Орос орны 15 холбоот улс, Албаниас бусдад нь очсон.  Югославаас эхлээд Австри, баруун Герман, Хятад, Солонгос, Японд дуулж байлаа. Тэр бүх улсын тэргүүнтэй уулзаж, ихэнх орны мэргэжлийн тайзан  дээр дуулж байсан минь яахын аргагүй бахархал.  Москвагийн их театрын 200 жилийн ойгоор хүндэт төлөөлөгчөөр оролцож байсан шүү. Надад өвөрмонгол, хятад, орос, буриад шавь ч бий.

й

-Таны наснаасаа залуу харагддаг нууц юу байна аа?

-Эрүүл, саруул ухаантай, эрч хүчтэй эерэг энергитэй аав, ээжийн хүүхэд болж төрсөн минь зол. Хонины сүүлийн годон талыг нь иддэг. Сүүлний годон талын хэсэг ямар ч үед хор болохгүй. Хоол нэртэй хор, эм нэртэй хорноос хол байх нь хамгаас чухал шүү дээ.  Би насыг тоо, өвчинг үрэвсэл гэж боддог. Өвчин гэж бүү ярьж байгаарай. Муу нүгэл шүү. Түүний оронд үрэвсэл гэж бодож бай. Үрэвсэл эдгэнэ.

й

-Таныг чамгүй сайн тогооч гэдгийг телевизээр харсан шүү?

-Миний төрсөн эгч, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Оросын аугаа хоёр жанжин К.Е.Ворошилов, Буденный нарын зоогийг бэлтгэж байсан Монголын анхны тогооч нарын нэг. Тэр эгчийн том хүү Баатар орост Плехановын дээд сургуулийг тогоочийн мэргэжлээр төгссөн. Эгч маань хүүтэйгээ хамт надад хоол хийх арга зааж өгсөн. Хувьсгалаас өмнөх ноёд язгууртны зоогийг ч би хийж чадна .Би эрүүл биетэй, саруул ухаантай говийн хүний хүү болж төрснөөрөө бахархдаг.

ы

-Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Хамаг чадлаараа л ярьдаг. Гараа зангидаж байгаад хамаг чадлаараа ярьдаг.

й

-Хөдөлмөрийн баатар болохдоо хэлсэн үгийг чинь зарим хүмүүс таагү хүлээж авсан гэдэг. Тэр тухайгаа эргэн дурсвал?

-“Би Монгол эх орон, соёл урлагийн төлөө “илжиг” шиг зүтгэж байгаад авлаа” гэж хэлэхэд “Хүмүүс ямар тэнэг хүн бэ? цаашид чамайг харахгүй шүү дээ” гэж билээ. Би шударга хүн болохоор тухайн үед тулгамдаад санаанд орсноо л хэлж байгаа нь тэр дээ/инээв/.

й

-90 нас хүрнэ гэдэг хүн болгонд олдохгүй хувь заяа. Та өдий наслахдаа сайхан муухай ихийг л үзсэн байх?

-Би чинь Халхын гол, 1941, 1945 оны эх орны дайны сэжүүрээс үзсэн болохоор юунаас ч айдаггүй. Мөн галд түлэгдэж, Хэрлэнгийн гол үертэй байхад живж үзсэн. Гурван удаа машины, нэг удаа онгоцны осолд орсон. Оюутан байхдаа Свердловск, Новосибирскийн хооронд онгоц маань цахилгаанд орж нуруулдсан өвстэй газар осолд орохоо шахаад буусан. Гурван хоног хаашаа ч холбоо барих боломжгүй байж байгаад онгоцоо засаад Москва уруу нисч билээ. Өвөө нь үхэхээс бусдыг үзлээ. Тэс ч л яваа эр хүн дээ би. Би есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь болохоор юу эсэхийг үзэх билээ дээ. Ухаан, сэтгэл хоёроо л өөд нь татаж амьдардаг.

й

-Таныг Н.Норовбанзад гуайн багш нь гэдэг?

-Н.Норовбанзад намайг багш аа гэж хүндэлдэг байсан. Би сургуульдаа уртын дууны багшаар авч байлаа. Бид хоёр 1960-аад онд намар цэрэг татлага болох үед Толгойтын цаана цасан шуургатай өдөр цэргийн хуаран дээр хураасан өвсний нөмөрт зогсоод Н.Норовбанзад уртын дуугаа, би ари дуулж явсан юм шүү. Норовоо маань зуун жилдээ ховор заяах уртын дуучин байсан даа. Мөн монгол хоолойгоор дуулж болохгүй дуу дэлхийд байхгүй болгохсон гэж мөрөөдөг. Энэ мөрөөдөл маань биелсэн цаг нүд анихад харамсах зүйл алга.

й

-Хүн байхын учир юу вэ?

 -Монгол хүн хамгийн түрүүнд хүмүүн болох ёстой. Хүмүүн болох эрдмийг сурах хэрэгтэй. Миний үе болон надаас өмнөх үеийг аав, ээж, эмээ, өвөө нь хүмүүн болгож хүмүүжүүлж байсан. Хүн соёлтой байх ёстой. Эмэгтэй хүүхэд гурав, эрэгтэй хүүхэд таван нас хүртлээ хүмүүждэг. Чингис хаан ухаантай байснаараа Монгол Улсыг дэлхийд таниулж гайхуулж чадсан. Жинхэнэ эр хүн гэж хэн бэ? гэж асуувал хамгийн түрүүнд Чингис хаан гэж хэлнэ. Өнөөдөр эзэн Чингис биднийг харж байгаа гэдэгт итгэдэг болохоор дэлхий сөнөнө гэдэгт эргэлздэг. Сөнөлөө гэхэд миний Монгол л хамгийн сүүлд сөнөнө.

й

-Таныг үс сайхан хар хэвээрээ л байх юм аа?

-Сайн харвал цагаан үс байлгүй яахав. Эр хүн тэргүүндээ элдэв зүйл хүргэдэггүй юм. Монгол хүн тэргүүнээ л дээдэлдэг болохоор будаг гэдэг юмыг түрхэж үзээгүй өдийг хүрлээ дээ.

й

-Таны хоёр дахь эх орон яах аргагүй Орос улс?

-Тэгэлгүй яахав. Миний алдарт их сургуулийн багш нар дээд тал нь 100 гарсан хүн байсан. Голденвейзэр100, Гедике гэж 90 гарсан доктор профессоруудаар хичээл заалгаж байсан. Миний сургуулийн захирал Александар Свешников бусад агуу багш нараасаа сурсан зүйл их бий. Тэд маань жинхэнэ хүнлэг, энэрэнгүй ёстой хүний хайлан байсан даа.

й

-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Аз жаргалыг  хүн зүтгэж байж олдог. Монгол эх орон шиг ийм сайхан улс хаана ч байхгүй. Монгол хүн урт наслах заяатай. Урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэлэн дуртай үг:
“эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай. монгол хүний заяа завагт гэдэг. энэ нь заяа их сайхан ойр байна гэсэн үг шүү дээ.
2014-09-22
гоё хэлсэн байна шүү:
би насыг тоо, өвчинг үрэвсэл гэж боддог. өвчин гэж бүү ярьж байгаарай. муу нүгэл шүү. түүний оронд үрэвсэл гэж бодож бай. үрэвсэл эдгэнэ.
2014-09-22
хүний дээд:
та урт насалж удаан жаргаарай
2014-09-22
1111:
bair ogloo geed bsan unen uu. odoo ch utgehee boluod ba shuu, ooroos ni asuuhgui yavaa,bair ogoh estoi nuh yum gej boddog shuu, hotiin darga bat-uul ee
2014-09-22
unshigch:
urt nasalj udaan jargaarai
2014-09-22