Усалгаатай тариалан эрхлэх боломж байгаа эсэх судалгааг 2012 онд хийнэ

img

Дэлхийн олон улс оронд уул уурхай, цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн хаягдал усыг тариалангийн усалгаанд хэрэглэх техник, технологи хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр удаж байгаа бол  манай  тухайд  хаягдал усыг дахин ашиглах оролдлого дөнгөж эхлэлийн шатандаа явж байгаа юм.

Ундны цэвэр усны нөөц багасч байгаа өнөө үед бороо цасны ус, хот суурины зам талбай, барилгын дээврээс гарсан ус,  уул уурхайн гүний шүүрэлтийн ус, усан цахилгаан станцын турбинээр дамжин гарсан ус зэргийг газар тариалангийн усалгаанд хэрэглэж байна.  Манай оронд одоогоор Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цэвэрлэх байгууламжид механик цэвэрлэгээгээр цэвэрлэгдсэн усаар усалгаа хийдэг 70 га-гийн, Шивээ овоогийн нүүрсний уурхайн газрын гүний ус шүүрүүлэх байгууламжаас хаягдсан усаар усалгаа хийдэг 30 га-гийн услалтын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгээр тус тус шинээр барьж ашиглаж байна.

Монголд арав орчим усан цахилгаан станц зуны улиралд ажилладаг бөгөөд турбинээс гарсан усыг дахин ашиглахгүйгээр голын гольдролд нь хаяж байна.  Эдгээр усан цахилгаан станцыг түшиглэн усалгаатай тариалан эрхлэх боломж байгаа эсэх судалгааг 2012 онд хийхээр төлөвлөж байна. Мөн Дархан хотын төв цэвэрлэх байгууламжид механик ба биологийн цэвэрлэгээ хийгдэн Хараа голд нийлүүлэгдэж байгаа усаар усалгаа хийдэг 50 га-гийн услалтын системийг шинээр барих ажлын зураг төслийг ирэх онд захиалан хийлгэнэ.

Энэ услалтын системийг барьснаар зөвхөн хаягдал усыг ашиглаад зогсохгүй, олон жилийн хугацаанд байгалийн аясаар ялзмагжсан лагийн бордоогоор хөрсийг бордож өндөр ургац авч болдогийг тариаланчдад сурталчилж, зааж сургах юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ