“Төрийн гэрэгэ”-д бүтээн байгуулалтынхаа нэрийг дэвшүүлж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар бий болсон “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –Төрийн гэрэгэ”-д компаниуд бүтээлийнхээ нэрийг дэвшүүлж эхэллээ. Тухайлбал “НЭПКО” компани “Британника ширээний нэвтэрхий толь”-ио “Төрийн гэрэгэ”-ээр шагнуулахаар нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт холбогдох материалуудаа өнөөдөр ирүүлэв.
Тодорхойлолтод “Монгол хэлээр гарч байгаа Britannica ширээний нэвтэрхий толь нь манай соёл гэгээрлийн түүхнээ тохиолдож буй шинэ, бахархам хуудас бөгөөд анх удаа дэлхийн стандарт шалгууртай, түүхээр хүлээн зөвшөөрөгдсөн толь юм. Нэвтэрхий толийг өмчлөх, түгээх эрх нь олон улсын болон манай орны зохих хууль эрхийн актын дагуу гэрээгээр баталгаажсан болно. Энэхүү тольд манай дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны 25000 гаруй өгүүлэл дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр, улс үндэстний бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн 1300 шахам хүний намтрыг нэмж орууллаа. Түүнчлэн манай эх түүхийн онцгой эргэлт болсон 1000 шахам үйл явдал, үндэсний брэндүүд, шилдэг бүтээн байгуулалт ба хамт олны нэрс бас бичигджээ. Ийнхүү манай талаас 4000 орчим толгой үг нэмж орууллаа” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ