Хөгжлийн банк нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулахгүй

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуультай холбоотойгоор банкны тухай хэд хэдэн хууль өөрчлөгдөж байна. Хөгжлийн банк нь бүтээн байгуулалтад шаарлагатай томоохон хөрөнгийн эх үүсвэр болох бөгөөд удирдлагыг нь засгийн газраас томилохнээ.

Улс орны эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Засгийн газраас Хөгжлийн банк байгуулахаар болсон.

Хөгжлийн банк нь статусын хувьд төрийн өмчийн банк байхаар тооцож, өөрийн хөрөнгийг улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлэх юм.

Харин удирдлагын хувьд банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Засгийн газраас томилох, гүйцэтгэх удирдлагыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж Төлөөлөн удирдах зөвлөл нь томилохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар гаргахаар хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор манай улсад УИХ, Засгийн газрын түвшинд боловсруулагдаж батлагдсан 417 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Эдгээрээс улс орны хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий, түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нэмүү өртөг бий болгоход чиглэсэн тийм төсөл хөтөлбөрийг эн тэргүүнд авч үзэх юм байна. Эдгээр том төслөө хэрэгжүүлээд эхэлбэл төр засгийн оролцоогүйгээр жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжтой гэнэ.

Энэ оны улсын төсөвт банкны дүрмийн санд зориулж 16 тэрбум төгрөг суулгасан. Хөгжлийн банкны асуудлыг арилжааны банкны хуулиар зохицуулахгүй, бусад орны жишгийн дагуу тусдаа хуультай байхаар ийм төсөл оруулж иржээ. Хөгжлийн банк нь арилжааны банкны адил хадгаламж төвлөрүүлэхгүй, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй.

Тайлан мэдээллээ Монголбанкинд гаргаж өгөх үүрэгтэй, сангийн бодлогын үүднээс Монголбанк мөнгөн хөрөнгийн урсгалд нь хяналт тавьж байх юм байна.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ