Дадлагажигч оюутны хөтөлбөр зарлажээ
Ерөнхийлөгчийн Тамгын газраас дадлагажигч оюутны хөтөлбөрийг хуулийн ангийн оюутнуудын дунд дахин зарлажээ. байна. Тус хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн институцийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оюутныг ирээдүйн төрийн албаны үйл хэрэгт бэлтгэх, мэргэжлийн туршлага, манлайллын ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй шүүхийн болон хуулийн шинэчлэлийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломжийг ирээдүйн залуу удирдагчдад олгож байгаа аж. Хөтөлбөрт хамрагдсанаар Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаанаас суралцаж, бодлого боловсруулж буй үйл явцыг ажиглах, туршлага, нэр хүндтэй төрийн албан хаагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөлөлтэй харилцаж, бодит практикаас суралцах юм байна. Дадлагажигч оюутны гүйцэтгэх үндсэн ажилд судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах, уулзалт зохион байгуулах, оролцох, тайлан, мэдээ бичих зэрэг чиг үүрэг багтдаг юм байна. Дадлагажигч оюутныг сонгохдоо: - Хөтөлбөрт оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол - Манлайлах ур чадвар - Сурлагын үзүүлэлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэх аж. Дадлагажигч оюутны хөтөлбөрт гадаад, дотоодын хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан оролцох бөгөөд хөтөлбөрийн хугацаа 1 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 10 хүртэл 3 сар хүртэл юм байна. Тус хугацаанд ажлын өдөр бүр 9.00-18.00 цагаар ажиллана. Дадлагажигч оюутанд ажиллах хугацааны унаа, хоолны мөнгийг олгох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ