Гайтай ч судалгаа, гайхмаар ч судалгаа
Хэдхэн хоногийн өмнө хичээлийн шинэ жил эхэлсэн дээ. Тэр үеэр багш нар өнгө өнгийн баглаа цэцэг тэврээд олон шавь нарынхаа дунд баяр хөөртэй уяхан зарим нь нүдэндээ нулимстай зогсож байлаа. Дандаа тийм хөөр дүүрэн өдрүүд хөврөөд байдаг юм шиг хөндлөнгөөс харж байгаа хүмүүст санагддаг нь нууц биш. Угтаа бол хөмсөг зангидсан өдрүүд эхэлж байдаг юм. Багш хүнд хичээл заах гэдэг ажлаас гадна АСУУДАЛ тасрахгүй. Хэл амтай эцэг эх, хэцүү хүмүүжилтэй хүүхэд, хэдэн төгрөгөө амьдралд хүргэх, дээрээс нь ДЭЭРЭЭС ИРСЭН СУДАЛГАА-нд даруулах. Тэгээд л хөөр баяр хийсэн одож, хөмсөг зангидсан өдрүүд эхэлнэ.
х
Нэг тийм дуу байдаг даа. ДЭНДҮҮ ДЭЭ, ДААНЧ ДЭНДҮҮ... гэж. Тэр л дууны дахилт шиг дэндүү сонин судалгаанууд дээрээс ирэх юу ч биш. Ам хэл сугалчих шахлаа гэдэг шиг ор хөнжил, дотуур өмдний тоо асуух шахсан дэндүү хүрээ хязгааргүй судалгаанууд ирнэ. Сольж өмсөх хувцас, сойз, шүүгээнд байгаа хэдэн цоорхой оймсны тоо ч асууж мэднэ. Хаа газар, төр засаг судалгаа авдаг л байх л даа. Тэр нь хэрэгтэй газраа хэрэг болох нь ойлгомжтой. Судлаж сурвалжилж байж дүн шинжилгээ, мөн чанарын таньж мэддэг хойно. Гэтэл манай дээрээс ирдэг зарим судалгаа арай л биш, ээ. Бага залуу насанд социологи энэ тэр судалж байхад ямар ч санал асуулга тухайн хувь хүний хувийн нууцад халдахгүй байх ёстой гэж заадаг байсан санагдах юм. Дээхэн үед л хачин сонин судалгаа авдаг байсан тухай шог хошин зохиол дээр шог хошиноор үзүүлдэг байв. Тэгвэл энэ цагт тэр судалгаанууд дахиад сэргэж, төрийн албан хаагчдын хоосон толгой, нойтон бөгстэйг улам харуулаад байх юм.
х
Нэг тийм дуу байдаг даа. АЖИЛ ТӨРӨЛ ЧИНЬ ХААНА ВЭ?... гэж. Тэр л дууны үг шиг НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ хэсэг дотор АМЖИРГААНЫ ТҮВШИН, ОРОН СУУЦНЫ НӨХЦӨЛ, ӨРХИЙН ОРЛОГО гэсэн хачин МОРАЛЬ- гүй судалгааг өнгөрсөн долоо хоногт багш нар эцэг эхчүүдээр бөглүүлэв. Хүн амынх нь дөнгөж 20 хүрэхгүй хувь нь хангалуун амьдардаг гэдгээ ийм судалгаатай судалгаагүй ДАРГА нар мэддэг л баймаар. Харах нүдэн дээр нь 60 орчим хувь амжиргааны “ДУНДААС ДООГУУР” түвшин амь зууж байгааг мэдэхгүй юм шиг ТАВЛАСАН судалгаа авч байх юм. Орон сууцны нөхцөл бол бүр тодорхой. Бүгдээрээ бид нар ЗАЙСАН-гийн аманд залраагүй. Улаанбаатарын 60 орчим хувь нь гэдэг байхаа, өлзий хээтэй зуух, савласан нүүрс, хагалсан түлээ гээд гэр хороололдоо утаан дундаа, уулсынхаа энгэрт амьдарч байгаа биз дээ? Ийм тодорхой зүйлээр судалгаа авч “ӨӨР” бишгүй чухал ажилтай багш нарыг ЗОВООХ ямар гээчийн САДИСТ санаа агуулсан СУДАЛГАА вэ? Хачин юм, хачин юм л байх юм. Хүний эрх энэ тэрд чинь халдашгүй хувийн нууцын дотор АВСАН ДҮН, ОЛСОН ОРЛОГО багтана гээд заасан санагдах юм. Хувийн нууцад хувийн чанартай мэдээллүүд л багтдаг гэдэг. Гэтэл хөөрхий, дээрээс ирсэн ДЭНДҮҮ судалгаанууд ДАНДАА хүний хувийн нууцыг хөндөнө. Хөөрхөн тэмтэрнэ. Хожим хойноо ямар ашигтай, хэнд зориулсан, ямар зорилготой нь тодорхойгүй. Аавынх нь халаасан дахь мөнгөөр ХҮҮД нь зориулж хичээл заах гээд байгаа юм шиг ӨРХИЙН ОРЛОГО гэдэг хачин асуулт байна. Судалгаа авсан багш нараас асуухад энэ асуултанд эцэг эхчүүд хариулахаас татгалзаж, олонх нь бүр дургүйцэж байсан гэв. Аргагүй ш дээ бидний хэдэн төгрөг олох БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ямар хамаатай юм. Бас болоогүй, регистр гэж социализм ханхалсан нэг зүйл бий. Нийгмийн амьтан болсон ХҮН биднийг гараг ертөнц дээр төрсөн он сараар нь КОДЛОЖ байгаа юм. Еврейн хорих газруудад л Германчууд арьс маханд арилшгүйгээр тоо шивдэг байсан тухай кино үзэж байлаа. Тэр хэдэн тоо одоо бол хүний хамгийн чухал нууц. Ер нь төрсөн он сар, өдрөө бусдад хамаагүй хэлдэггүй нэг МООД сүүлийн үед манай нийгэмд дэлгэрээд байна даа. Ерөөл хараал, бөө мөргөл, шашин шүтлэгтэй л холбоотой юм гэсэн. Хүүхнүүд бол хөөрхий нас зүсээ нуудаг бололтой юм билээ. Гэтэл хувь хүний нууцтай энэ их мэдээллээр ЯАМ яах гээд байгааг ойлгохгүй юм. Хэдэн багш, хэдэн хүүхдүүдтэй холбоотой судалгаа байж болно. Ном сурах бичиг, техник хэрэгсэл, анги танхимын судалгаа авч л байдаг. Түүнд нь хэнч гайхахгүй. Харин эцэг эхийн мейл хаяг, утасны дугаараар яах гээд байгааг бас ойлгохгүй. Ийм гайхалтай дэлгэрэнгүй судалгааг бөглөх гэж хичнээн багш олон хүүхдийн шуугиан дунд хичээл заагаад чамгүй ядарсан дээрээ хайран цагаа үрсэн бол. Энэ хооронд нэг ч гэсэн багш шинэ ном уншиж, заах арга, санаа сэдэл бодож боловсруулж суусан бол монголын ирээдүйд хэрэгтэй байхсан. Аав ээжийн утасны дугаар, мейл хаяг ангийн багшид л байхад хангалттай санагдах юм. Дээгүүр суугаа дарга нар хаагуураа хадгалах гээд байгаа СУДАЛГАА юм. Эцэстээ цаасны үрлэг, цагийн гарз гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гол нь хийсэн ажилтай, худлаа ч гэсэн хэлэх үгтэй болох ОРОЛДЛОГО байж мэднэ. Овоорсон цаас, судалгаа дундаа сууж байх онцгой сайхан мэдрэмж төрдөг ТҮШМЭЛ онцлогийг мэдэхгүйдээ би гэдэг хөөргөн амьтан худлаа хөвсөлзөж байж ч магад. Энэ судалгааг боловсруулахдаа юу бодож байсныг ёстой бурхан мэдэх хэрэг. Хэрэг дээрээ бурхан ч мэдэхгүй байж болно.
х
Нэг тийм нийтээр дуулдаг дуу байдаг даа. “АРААСАА НЭХЭЛТЭЙ ААВЫН МИНЬ, АРГАМЖАА НЬ... гэж. Тэр л дуу шиг араасаа нэхэлтэй судалгаа ар араасаа олон ирвэл хичээл заах уу, судалгаа бөглөх үү гэдэг ноцтой асуудал үүсэхэд тун ойрхон байна. Жилийн өмнө яг өдийд сайд нэг сайхан зүйл амласан юмсан. Багш нарын цаасны ачааллыг багасгана гэж. Тэр уг нь тун зүгээр АМЛАЛТ байлаа. Харамсалтай нь хэрэгжсэнгүй. Харин бүр дордоод багш нар, гэр бүл, нөхөр хүүхдийнхээ судалгааг хийж эхэллээ.
х
Дээр бөглөсөн өнөөх АЛДАРТ судалгааны нэг хэсэг нь БАГШ нартай холбоотой асуултууд байна. Төгсөн сургууль, боловсролын үнэмлэхний дугаар гээд болж байна. Тоон дунд үсэг гэгчээр гэнэт гэр бүлийн судалгаа орж ирнэ. Нөхрийн овог нэр төдий асуувал болж байна. Нөхөртэй, нөхөргүйг асууж өрх толгойлсон багш нарынхаа тоо судалгааг гаргах гэж байгаа бол болж байна. Тэр судалгаандаа үндэслээд ахуй амьдрал, ажил төрөлд нь тус дэм болдог бол хамаа алга. Гэтэл нөхрийн төгссөн сургууль, гэрчилгээний дугаар, гавьяа шагнал гээд хадуурч өгнө. Амаа булаадаг морь гэдэг шиг. Бас болоогүй мэргэжил боловсролтой холбоотой асуултууд дахин давтан бөглөхөөр байх жишээтэй. Ийм л дутуу боловсруулсан атлаа хэтэрхий хэрэгт дуртай судалгаа олон дахин ирүүлж ажилд саад болсноос цүнх нь хүнддээд нуруу нь бөгтийсөн сурагчдаас яагаад цүнх нь ийм хүнд байгааг асууж асуудлыг шийдэхгүй бол ирээдүйн Монголчууд бүгдээрээ БӨГТӨРИЙНХӨН болох нь, ээ цаана чинь. Хүүхэд бүхэн сургууль дээрээ өөрийн шүүгээтэй, түүндээ цүнхнийхээ ачаанаас хөнгөлдөг СОЁЛ бараг дэлхийн бүх улсад бий. СОЁЛ гэхээсээ ирээдүйнхээ эрүүл мэндэд анхаарсан ухаалаг явдал. Ийм асуудлаар судалгаа хийж, багш нар эцэг эхчүүдийн саналыг асуу.
х
Саяхан өвөрмонголын нэг багш бидэнд ШОХОЙ САМБАР хоёр одоо ар өвөр монгол манай танайд л үлдэх нь гэж билээ. Сургалтанд ямар хэлбэрээр техник технологи нэвтрүүлэх талаар судалгаа хийгээсэй. Хичнээн багш шохойны нунтаг цагаан тоосны харшил тусаж, эрүүл мэндээрээ хохирч, хичнээн багш дуу хоолойны сөөнгөжилт өвчинд ээрүүлснийг судалдаг болоосой. Аав ээжийнх нь хувийн нууцад халдсан ХУУЧИН судалгаа боловсруулж суухаар сонгон нэртэй илүү цаг, даалгавар нэртэй хэт ачаалал, бяцхан оюун санаанд нь ямар дарамт учруулж буйг асуусан судалгаа хийгээсэй. Тоо бөглөж ажил хийснээс цоо шинэ үйл эхлээсэй. Өмнө нь жил бүхэн л олон янзын судалгаа бөглөдөг байсан. Харин энэ жилийнх шиг ийм хариуцлагагүй СУДАЛГАА бөглөж байгаагүй санагдана. Сангийн яам юм уу, үгүй бол тагнуулын алба бөглүүлж мэдэх олон асуулттай судалгаа хөөр баярыг үгүй хийж хөмсөг зангидахад хүргэж байна.
х
Багш хүн хичээл сайн заах хамгаас чухал боловч түүнээс өөр олон хариуцлага байдгийг дарга нар мэднэ. Гэхдээ хичээлээ сайн заах гэдэг эрхэм үүрэг нь магадгүй манай гэр сургуулиас, эсвэл бүр Грек, Ромын үеэс ч нэн тэргүүнд байсан гэдэг нь гарцаагүй.
х
ХАРИН ГАРЦААГҮЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД НЬ ГАЙХМААР СУДАЛГААНУУД “ГАЙ” БОЛОХ ВИЙ ДЭЭ.
а
П.Батхуяг
ө
Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ