230 сая төгрөгөөр 50 мянган ширхэг “Тусгаар тогтнол-90” медаль хийлгэнэ
“Ой тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаар зарлигийн дагуу энэ түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ““Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна.
Ерөнхийлөгчийн 163 дугаар зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.
1921 онд Монгол Улсад улс төрийн намыг байгуулж, түүхэн үйл явдлын үйл хэргийг санаачлан улмаар Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон.
Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж амжилт гаргасан олон арван хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.
Энэхүү 1 медаль хайрцгийн хамт 3600 төгрөгийн өртөгтэй бүтээгдэх бөгөөд нийт 50.000 ширхэгийг хийлгэхэд 180.0 сая төгрөг, медалийн үнэмлэх нэг бүрийг 1000 төгрөгөөр хэвлүүлэхэд 50.0 сая төгрөг, нийт 230.0 сая төгрөг шаардагдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ