Гурван жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцжээ

img

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд  өргөн барилаа.

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь  манай улсад 2006 оны 12 дугаар сараас эхэлж дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 2.9 тэрбум иен буюу 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот болон 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид олгосноор нийтдээ 1233 ажлын байр шинээр бий болгосон гэж байна.

Өдгөө зээлийн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, энэ шатанд таван тэрбум иен буюу ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0.6 хувийн хүүтэй байхаар яриа хэлэлцээр хийж, нийт зээлийн эх үүсвэрээс 45 сая ам.долларыг жижиг,  дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар, 10 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санхүүжилт хийхээр төлөвлөж байгааг сайд танилцууллаа.

Зээлийг олгох нөхцөл өмнөх төсөлтэйгээ ижил буюу нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 60 мянган ам.доллар, үндсэн хугацаа арван жил бөгөөд  гурван жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ