Ерөнхийлөгч Швейцарийн зүг хүлгийн жолоо заллаа

img

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр  нутгаасаа морьдлоо. Тэрбээр энэ сарын 23-25-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж,   26-29-ний өдрүүдэд  тус улсын  Давост зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.

Айлчлалын үеэр Швейцарийн Парламентын дарга, Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал зэрэг өндөр, дээд албаны хүмүүс, мөн  Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Дэлхийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч нар Монгол  улсын Ерөнхийлөгчид бараалхах аж.

Түүнчлэн  тус улсад хийх  ажлын айлчлалын зорилго нь Швейцарийн нутгийн өөрөө удирдах ёсны зарчим, орон нутгийн төсөв хэрхэн батлагддаг, төвлөрлийг сааруулах, шууд ардчилал хэрхэн хэрэгждэг зэрэг асуудлаар   орон нутгийн туршлагыг судалж, энэ чиглэлд Швейцарь  Улстай хамтран ажиллах талаар санал солилцох юм байна.

Давос хотноо жил бүрийн эхээр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ удаа “Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” сэдвийн дор хуралдана. Давосын чуулга уулзалтын дарга К.Швабаас ирүүлсэн урилгын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулга уулзалтад оролцох гэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд болох “Нөөц нь ховордож буй ертөнц дэх түүхий эдийн үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах нь” сэдэвт хуралдаанд оролцож, нээлтийн үг хэлнэ. Мөн “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид” сэдэвт хуралдаан, Авилгалын эсрэг түншлэлийн санаачлагаас зохион байгуулах тусгай хуралдаан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөлийн гишүүний хувьд “Усны найдвартай ирээдүйн төлөөх хамтын арга зам” сэдэвт хуралдаанд тус тус оролцож, үг хэлнэ.

Мөн  чуулга  уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалтууд хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ