“Монголын сагсан бөмбөгийн төлөө хамт явсанд баярлалаа”
Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн зуны спортын XYII наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд амжилт дүүрэн оролцож, шилдэг найман багийн нэгээр шалгаран Монголын сагсан бөмбөгийн түүхийн хуудаснаа бичигдэх бахдам амжилт үзүүлсэн билээ. Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сагсчид сэтгүүлчидтэй уулзан, аяны богц задалж, Азийн наадам, амжилтын талаар ярилцав.
ө
Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Г.Баттөр “Манай баг “Инчон-2014” Азийн наадамд амжилттай оролцоод шилдэг наймд үлдлээ. Бид сэтгэл маш өндөр байна. Манай улсад сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж, манай сагсчдын ур чадвар өндөр болж байгаа. Биднийг энэ амжилтыг гаргахад тусалж дэмжсэн Монголын сагсан бөмбөгийн холбоо, спонсорууд лигийн багийн эздүүд, багш дасгалжуулагчид, бэлтгэл сургуулилтын заалаар хангаж байсан клуб, сургуулиуд, бэртэл гэмтлээс сэргийлэн туслалцаа үзүүлсэн брэнд компани, сагсан бөмбөгийн үнэнч дэмжигчид, гэр бүлийнхэн гээд бүх хүнд баярлалаа. Тамирчиддаа баяр хүргэе” хэмээн ярилаа.
ө
Б.Билгүүн: Монголдоо аваргын төлөө тоглож байгаа мэт мэдрэмж төрсөн
а
Бид хурлын дараа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг, “SBL Хасын хүлгүүд” багийн тамирчин Б.Билгүүнтэй ярилцлаа.
ө
-Баяр хүргэе. Монголчууд та бүхний амжилтаар, сагсчдаараа бахархаж байна.
-За баярлалаа. Бид энэ амжилтыг гаргасандаа их баяртай байгаа. Баг хамт олон, ар гэрийнхэн, ажлын хамт олон гээд маш олон хүн сэтгэл зүрхээрээ дэмжсэний дүнд энэ амжилтад хүрсэн.
а
-Манай баг ямар арга барилаар тоглосон бэ?
-Бид урьдчилсан шатнаасаа шалгараад зооны тэмцээнд орох зорилготой байсан. Манай багийн хамгийн хүндрэлтэй асуудал нурууны өндөр байдаг. Түүнийг яаж аргалах вэ, хамгаалалтаа ямар арга барилаар хийж тоглох вэ гээд л тоглосон.
ө
-Амжилт гаргахад нөлөөлсөн хамгийн чухал зүйл юу байв.
-Энэ баг бол хамгийн олон жил хамт тоглосон бүрэлдэхүүн байсан. Манай зарим тамирчдын хувьд хамгийн сүүлийн удаа оролцож байгаа тэмцээн байсан бол заримынх нь амжилт гаргах боломжтой цаг үе байсан. Бүгд сэтгэл зүрхээрээ, өөрт байгаа боломжоо ашиглаж тоглосон доо.
ө
-Тоглолтын хуваарь шахуу байсан. Тамирчид ядарч байсан байх.
-Манай багийнхан БНСУ-д есдүгээр сарын 16-ны өдөр очсон. Тэгээд хоёр удаа урьдчилсан тоглолт хийчихээд есдүгээр сарын 20-ноос өөрсдийн хуваарийн дагуу тоглолтондоо орсон. Бид 4-5 юм уу 5-6 тоглолтод орно гэсэн төлөвтэй явсан. Гэтэл урьдчилсан шатнаас гараад шигшээд орохоор тоглолтын хуваарь өөрчлөгдөөд, маш шахуу хуваарьтай явсан. 10 тоглолт дараалж хийхдээ хоёрхон өдөр амраад, ачаалал их авч байсан.
ө
-Тамирчдын витаминжуулалт, хоол ундны хувьд ямар байв.
-Витаминуулалтыг тамирчид өөртөө хэрэгтэй юмаа уугаад, хэрэглээд явчихдаг. Харин хоол ундыг Солонгост байсан монголчууд өглөө, орой хоолыг нь авчирч өгье гээд, монгол хоол авчирч өгдөг байсан. Ер нь нэг их асуудал гараагүй.
ө
-Азийн наадамд та бүхнийг тоглож байгаа спортын ордонд дэмжигчид маш олон байсан. Мөн энд бүгд л дэмжиж, цахим хуудсаараа урмын үг дамжуулж байлаа шүү дээ.
-Энэ бүхэн мэдээж бидний амжилтад эерэг нөлөө үзүүлнэ. Манай бүх тоглолтыг заал дүүрэн хүмүүс үзэж, дэмжиж байхад бид нар монголдоо аваргын төлөө тоглож байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Солонгосын багтай тоглоход “аймаар” олон монголчууд байсан шүү дээ. Бид хүртэл гайхаж байлаа. Солонгосчууд олуулаа байсан ч тэр заалны гуравны хоёр хэсгийг монголчууд эзэлчихсэн байсан.
ө
-Тэмцээний үеэр таныг гадны багт тоглох санал ирсэн гэж байсан. Та ямар хариулт өгсөн бэ?
-Санал гэхээсээ илүү БНСУ-ын баг буцаад тоглох сонирхол байгаа эсэхийг асуусан. Би өмнө нь тэнд сурч байсан, намайг тодорхой хэмжээнд мэддэг болохоор тэр шүү дээ. Гэхдээ би тоглоё гэж хэлээгүй. Монголдоо хийх ажил их байна гэдэг хариултыг өгсөн. Тавьсан саналуудыг бодож үзэж байгаад нэг хариу гаргая гэж бодож байгаа. Тоглоно, тоглохгүй гэсэн хариу хэлээгүй.
ө
-Та бүхэн байнгын бэлтгэлтэй байдаг мэргэжлийн тамирчидтай маш сайн өрсөлдлөө. Харин өөрсдөө бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Монголын лигийн тамирчид бүгд адилхан өглөө 09:00 цагт ажлаа эхлээд 18:00 цаг гэж тараад, нэг цай уугаад л бэлтгэлдээ гараад, 22:00, 23:00 цагийн үед тардаг. Иймэрхүү байдлаар л явдаг. Биднийг мэргэжлийн тамирчин гэж хэлэхэд арай болохгүй. Харин гадны тамирчид бүгд сагсан бөмбөгөөр хоолоо олж идэн, ажил хийх шаардлагагүй зөвхөн сагсаа тоглоод явж байдаг.
а
-Бэлтгэл хийх заалны хувьд асуудалтай байдаг гэсэн.
-Заалны асуудал гардаг. Бэлтгэл хийдэг сургуулиудын хичээл эхэлсэн болохоор өдөрт нэг удаа бэлтгэл хийх боломжтой болно. Заридаа өдөр 2-3 удаа бэлтгэл хийх шаардлага гардаг. Тэгэхээр өглөө, өдрийн цагаар заал олдох магадлал багатай. Тэнд боломжтой байна гэвэл утсаар яриад л очиж бэлтгэл хийдэг. Энэ тал дээр төр засгаас тусалвал илүү амар юм уу. Заалнуудын талбайн хэмжээ нь стандартын шаардлагад нийцдэг ч орон зайны хувьд жижигхэн. Энд тийм зааланд бэлтгэл хийж байгаад гадаадад очоод том заал руу оронгуут бүх юм орон зайн хувьд өөр болоод эхэлдэг.
а
-Стандартын шаардлага хангасан Буянт-Ухаа спортын ордонд бэлтгэл хийх боломж хэр олддог вэ?
-Заримдаа. Хааяа нэг олдоно. Гэхдээ энэ тэмцээний бэлтгэлийг нэг сар гаруйн хугацаанд хийхэд тэнд бэлтгэл хийх боломж нэг их олдоогүй.
а
-Энэ спортыг төр засгаас дэмжих хэрэгтэй гэж байна. Таны хувьд.
-Төр засгаас дэмжлэг гэхээсээ илүү хоёр холбооны асуудлыг хурдан шийдэж өгвөл илүү амар байна. Лиг эхлэх болгонд ямар нэгэн бэрхшээл гарч байна. Тэмцээнд багаараа оруулахгүй нэг бол дасгалжуулагчийг эсвэл тэр тамирныг оруулахгүй гэсэн шийдвэр гардаг байсан. Энэ жилээс эхлээд лигийн нэг багт шигшээ багийн гурван тамирчин байх ёстой гээд байгаа. Манай Хасын хүлгүүд багт шигшээ багийн таван тамирчин байгаад байдаг. Тэгэхээр манай баг хоёр тамирчнаа болино гэсэн үг үү эсвэл бид багаа барьж үлдэхийн тулд шигшээ багаас нэрээ татах шийдвэр гаргахад хүрч байгаа юм. Тэгэхээр хоёр холбооны асуудлыг эвтэйхэн шийдээд өгвөл дараа дараагийн төр засгийн дэмжлэг нь болох байх. Бид нарт хүндрэлтэй асуудал гардаг ч гэсэн өөрсдөө зохицуулаад явчихаж болдог.
а
-Баярлалаа. Амжилт хүсье.
а
О.Баярцогт: Илүү амжилтын төлөө мэргэжлийн чиглэл рүү явах хэрэгтэй
а
Мөн Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогттой цөөн хором ярилцав. Тэрбээр сагсан бөмбөгийн тамирчдаараа бахархаж байгаагаа хариулт бүртээ илэрхийлж байлаа.
а
-Азийн наадамд өвөрлөн явсан зорилгоо биелүүлээд ирлээ. Баяр хүргэе.
-За Баярлалаа. Биднийг үнэхээр их дэмжсэн бүх сагсан бөмбөг сонирхогчиддоо баярлалаа.
а
-Энэ удаагийн тэмцээнд ямар арга барилаар тамирчдаа залж тоглуулав.
-Ер нь бол сүүлийн дөрвөн жил гаруй шигшээ баг дээр ажиллаж байна. Маш олон хожигдсон /инээв/. Энэ хожигдол болгон дээрээ дүгнэлт хийж, юу нь болохгүй байгаагаа судалж, Азийн багуудын хийгээд буй довтолгоог хамгаалах, яаж хамгаалалтыг сэтэлж довтлох вэ гэдэг дээр ажилласан. Бэлтгэл сургуулилтын маань үр дүн гарлаа.
а
-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан бэ?
-Бид бэлтгэл сургуулилтаа нэг сар гаруйн хугацаанд монголынхоо нөхцөл байдалд тааруулаад хийсэн. Үүнээс илүү хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Бүх тамирчин маань ажилтай. Тэд маань сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилт хийхэд ажиллаж байгаа байгууллагууд нь цалинтай чөлөө олгодоггүй. Энэ хүмүүс бүгд ардаа амьдралтай болохоор түүнийгээ орхиод бүтэн 2-3 сар бэлтгэл хийх ямар ч нөхцөл бололцоо байхгүй. Гэхдээ бэлтгэл хийсэн нэг сари гаруйн хугацаа тэмцээнтэйгээ нийлээд хоёр сарын турш амьдралаа хаяад зүтгэж, өдий хэмжээнд тоглож байгаа тэдэндээ баярлахаас өөр аргагүй.
а
-Ямар улстай хийсэн тоглолт хамгийн хүнд нь байв.
-Бүх тоглолт хүнд байсан. Хамгийн бололцоотой хоёр тоглолт гэвэл Филиппин, Катар хоёрыг хожих бололцоо байсан. Бидний бэлтгэл сургуулилт дутуу. Тамирчид ядралт авсан, удаан хугацаанд хоол унд таарахгүй байх нь нөлөөлсөн байх.
ө
-Манай тамирчид илүү амжилт гаргахын тулд юу хийх ёстой вэ?
-Мэргэжлийн чиглэл рүү явах ёстой. Үүний тулд бид ганц төр засгийг хараад байх хэрэггүй. Төр сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийг байгуулахаар маш их зардал гарна. Доод тал нь хоёр сая төгрөгийн цалин авч байж залуус маань амьдралаа авч явна. Тиймээс хувийн клубуудыг байгуулах хэрэгтэй. Аль аль талаасаа оролцоотой байх ёстой юм л даа. Зөвхөн төр засаг гээд суугаад байж болохгүй. Жишээлбэл, SBL Хасын хүлгүүд багаа мэргэжлийн клуб болгоод ажиллаж байгаа. Манай тамирчид 11 сарын цалин аваад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ гэсэн үр дүнгээ үзүүлж байгаа.
а
-Та энэ мундаг тамирчиддаа хандаж сайхан үг хэлээч.
-Олон сарын хугацаанд гэр бүлээ, ажил амьдралаа хаяад монголын сагсан бөмбөгийн төлөө муухай ааштай, хахир хатуу, өндөр шаардлага тавьдаг миний үгэнд ороод энэ хэмжээнд хүртэл хамт явсанд үнэхээр их баярлалаа. Бид энэ тэмцээнээс маш их туршлага хуримтлуулж чадсан. Энэ сагсчид Монголын сагсан бөмбөгийн суурийг тавьж чадлаа. Энэ суурийг цааш нь хадгалж баталгаажуулж, Азийн наадмын аварга болгохын төлөө үе үеийн сагсчид дасгалжуулагчид хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг манай тамирчид ойлгосон байх гэж бодож байна.
а
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
ө
Ийнхүү түүхэн амжилт өвөртлөн ирсэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн хүчирхэг, чадварлаг тамирчид ирэх 11 дүгээр сард Тайландад болох элсний сагсан бөмбөгийн 3x3 тэмцээнд оролцох юм байна. Энэхүү тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ