“Сүүлчийн шөнө” хайрын үнэнийг мэдрүүлнэ

img

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” монголын уран сайхны кино энэ сарын 10 буюу ирэх баасан гаригт нээлтээ хийнэ. Өнөөдөр тус киноны уран бүтээлчид сэтгүүлчидтэй уулзав. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр сэтгэлийн тухай, хайрын үнэн учралыг энэхүү уран бүтээлээр харуулжээ. Хүмүүний нэгэн насны амьдралын гурван үеийн хайр сэтгэлийг өгүүлэх гэж хичээсэн гэж кино кохиолыг бичсэн СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар өгүүллээ.

а

Харин найруулагч Н.Наранбаатар “Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг. Би энэ киног бүх насныханд зориулж байгаа. Хүн хорвоод төрөх, өтлөх, өвдөх, үхэх нь үнэн гэж хэлдэг түүний нэг хувилбарыг хайрлаж, дурлах нь үнэн гэж болох юм. Хүн хэдий нэр төр, алдар хүнд, амжилт дүүрэн амьдарсан ч гагцхүү амьдралын сүүлийн мөчид хамгийн нандин үлдэх зүйл бол хайр юм гэдгийг энэ кино өгүүлнэ. Бидний хамгийн үнэт зүйл бол хайр юм. Үүнийг хэрхэн хайрлах, нандигнах, гэрэл гэгээгтэй байлгах нь тухайн хүн, субъектын харьцаанаас шалтгаална. Өнөөдөр ихэнх кино залуучуудын сэдэвтэй байдаг тиймээс би бүх насны үзэгчдээ хүндлээд тэдэнд зориулсан кино хийсэн” гэж ярилаа.

а

“Сүүлчийн шөнө” кинонд хүний амьдралын 17-20 нас  буюу амьдралыг илүү бадрангуй гэгээлгээр хардаг, бүх юм сайхан болно гэж итгэдэг үеийг харуулсан бол тодорхой хэмжээгээр төлөвшил, гэр бүл, байр суурьтай болсны дараах гоо зүй, үзэл бодлын хувьд өөрчлөлт бий болдог 37-48 нас ид үеийг тусгажээ. Мөн амьдралыг таньж мэддэг, өөртөө хорвоо ертөнцийг буулгаж чаддаг 55-65 насны үеийг буулгаж, эдгээр насанд тохиолддог хамгийн эгзэгтэй, ээдрээтэй, зөрчилтэй хэсгүүдийг харуулжээ. Ийм дүрийг бүтээхэд жүжигчдээс маш өндөр ур чадварыг нэхдэг. Манай жүжигчид бүгд бидний бодож байсан хэмжээнд тоглосон гэдгийг найруулагч онцолж байлаа.

а

Энэхүү киноны хоёрдугаар найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос, оператороор Н.Отгонзориг, зураачаар залуу уран бүтээлч н.Хүрэлээ, хөгжмийн зохиолчоор н.Халиун нар ажилласан бол дүрүүдэд МУГЖ Н.Батцэцэг, Төрийн соёрхолт, МУГЖ С.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, н.Баярмаа, Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн, Эмоци продакшны жүжигчин н.Мөнгөнсүх, жүжигчин О.Оюун, Бэки зэрэг уран бүтээлчид тогложээ.

а

Эрхэм уншигч та хайрын үнэн учралын тухай, хүмүүний дахиж амьдрах гол цэнэг бол дурсамж, түүн дундаа хамгийн гэгээн дурсамж байдаг гэдгийг харуулсан “Сүүлчийн шөнө”-д саатаарай.

а

М.Тогтохжаргал: Анхны хайр бол хүний амьдралд мөнх орших зүйл

а

Бид хэвлэлийн хурлын дараа УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргалтай бүтээсэн дүр, сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

ө

-“Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд ямар дүр бүтээв. 

-“Сүүлчийн шөнө” хэмээх нэгэн сайхан уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Киноны нээлтийн өдрөө хоног тоолон хүлээж байна /инээв/. Би гурван сайхан хүүхэдтэй нэгэн айлын эзэгтэйн дүрийг бүтээлээ. Амьдрал нь сайхан тогтсон бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтайгаа хамтран тоглосон.

а

-Идэр насны гэрийн эзэгтэйн дүр бүтээхэд ямар байв.

-Амьдрал хэвийн үргэлжилж байхад нөхөр маань өөр хайр хүсээд, өөр хүнтэй учраад явж байгаа тэр үед эмэгтэй хүн яаж ухаалгаар хандах, хүүхдүүддээ үүнийг яаж ойлгуулах вэ гэсэн асуудал надад тулгарна. Хэрэв миний амьдралд энэ явдал тохиолдвол би яах вэ гэж хамгийн түрүүнд, зохиолоо уншингуутаа л бодсон. Ер нь бүгдийг миний амьдралд тохиолвол яах вэ гэж бодоод л дүрээ бүтээсэн дээ.

а

-Энэхүү уран бүтээл их хурдан хугацаанд бүтчих мэт санагдлаа. Хэдий хугацаанд зурагт авалт хийгдсэн бэ?

-Их богино хугацаанд бүтсэн. Найруулагч маань ерөнхий төлөвлөгөөг маш сайн гаргасан, арын албаны хүмүүс мөн сайн ажилласны дүнд энэхүү уран бүтээл маань богинохон хугацаанд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

ө

-Та дэлгэцийн уран бүтээлд тэр бүр тоглодоггүй. Энэ удаа хэд дэх дүрээ бүтээв.

-Би чинь ар гэр, ажил төрлийн шалтгаанаар тэр болгон дэлгэцийн уран бүтээлд тоглож чаддаггүй. Гэхдээ аль болох тоглохыг хүсдэг. Дэлгэцийн уран бүтээлд дөрөв дэх дүрээ бүтээлээ. Харин найруулагч Н.Наранбаатартай хамтарч ажиласан хоёр дахь бүтээл болж байна.

ө

-Хайр сэтгэлийн үнэн учралын тухай кино гэж Ш.Гүрбазар зохиолч тодорхойлсон. Та хайр сэтгэлийн тухай бодлоо хуваалцвал.

-Хайр сэтгэл бол мөнхийн байдаг. Хүний амьдралд мөнх оршин тогтнох зүйлийн нэг гэж боддог. Түүнийг юугаар ч төсөөлж, юутай ч зүйрлэж боломгүй. Анхны хайрын учрал, анх учирсан хүн л гээд л.

ө

-Тэгвэл та анхны хайрынхаа тухай яривал.

-Миний анхны хайр бол миний хань. Үр хүүхэдттэй болсон гээд миний анхны гэсэн бүх юм ханьтай минь хамт байдаг. Дурсамж бүхэн зүрх сэтгэлд хамгийн нандин үлддэг. Тиймдээ ч гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж хамт байхыг боддог. Жаахан л зав гарвал гэр рүүгээ гүйчихнэ дээ. Харин киноны үйл явдал шиг зүйл болвол бас хэцүү шүү дээ.

ө

-УДЭТ-ын тоглолтууд эхэлчихлээ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ.

-Манай хамт олон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаар аялан тоглож, орон нутгийн үзэгчиддээ уран бүтээлээ толилуулаад ирээд удаагүй байна. Бэсрэг долоон жүжиг маань тоглогдох гэж байна. Мөн “Чөлөөт хос”, “Буруугүй буруутан” жүжгүүд нээлтээ хийх гэж байна.

ө

Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ