Жолооч Х. Эрдэнэбаяр: Эксель ч гэсэн машин шүү залуус аа
Грашиндаа
- Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Намайг Х.Эрдэнэбаяр гэдэг. Орчуулагч, хөтөч мэргэжилтэй.
- Яагаад заавал Эксель гэдэг машиныг ингэж янзалъя гэж шийдсэн юм бэ?
- Би ер нь аливаа хүмүүсийн болохгүй бүтэхгүй гэсэн зүйлс, ер нь хүмүүсийн нүдэнд нэг их өртдөггүй юмаар оролдож ил гаргахыг хүсдэг л дээ.Тэгээд энэ машиныг янзлаад чимээд үзвэл өвөрмөц содон болж, хүмүүс нэг ч гэсэн экселийг сонирхож харж магадгүй гэж бодоод янзалж эхэлсэн.
- Ямар хугацаанд янзалсан бэ?
- Сүүлийн гурван жил л янзалж сэлбэж байна даа
- Яг юу юуг нь нэмж чимэглэсэн бэ?
- Жижиг сажиг зөндөө л юм хийсэн дээ. Хамгийн гол нь хоёр хаалганы дээшээ нээгддэг нугас, урд талын том гэрэл, хөгжим… ер нь тэгээд өөрийнхөө сэтгэхүйгээр л өөрчилсөн дөө.
- Сэтгэхүйгээрээ өөрчилсөн гэдэг нь?
- Хамгийн гол нь өөрт байгаа гарын доорх материалыг ашигласан гэх үү дээ. Энд тэнд захиалж хийлгээгүй. Жишээ нь энэ урд талын том гэрлийн никелийг өөр машины никелиэр тайрч хөрөөдөж тааруулсан, гупер ч бас адил. Одоо спорт хормой хийхэд бэлэн болгочихсон байгаа. Энэ бүгд яг эксел машинд зориулагдаагүй бүгдийг нь тааруулж хийсэн. Ер нь хаалганы нугаснаас бусдыг нь би өөрөө хийсэн. Нугасыг нь өөрийн таньдаг ахтайгаа хамтарч хийсэн.
- Хүмүүс машиныг чинь их сонирхож байна уу?
- Тэр авто шоун дээр бол ёстой санаанд оромгүйгээр хүлээж авч, сонирхож байсан. Тэнд ирсэн машинууд нь өөрсдөө спорт загварын машинууд байсан болхоор миний эксель үнэхээр сондгойрч байсан.Би өөрөө анх тэнд очино гэж бодоогүй байсан. Тэгтэл зохион байгуулагчид нь намайг урьсан. Эхлээд урихад нь ч бас очино гэдэгтээ эргэлзэж л байсан. Аягүй бол онигоо болно, яадаг юм билээ л гэж бодож байсан даа.
- Халтууранд явдаг уу?
- Өө үгүй үгүй. Гэр ажил хоёрын хооронд л унадаг.
- Энэ эксель чамд хэдэн жил болж байна?
- Долоон жилийн өмнө аав маань төрсөн миний төрсөн өдрөөр бэлэглэж байсан.
- Машинд чинь өөр шинэ содон юу байна?
- 2200W хүчин чадалтай хөгжим, DVD тоглуулагч, урд талын суудлын дэрэн дээр LCD дэлгэцтэй, 17 инчийн классик обуд, автомат дохиолол тэгээд урд хойд гэрэл гээд л…Анх бол нэг л их баахан гэрэл энэ тэрээр чимэглэж байсан. Тэгсэн чинь хүмүүс “ёолк юм уу хаашаа юм” гээд байхаар нь боличихсон.
- Нийт хичнээн төгрөг зарцуулав?
- Нийтдээ 5.500.000 төгрөг орсон. Дөрвөн обуд л гэхэд 800.000 төгрөг.
- Машин сонирхдог залуусдаа хандаж юу хэлэх вэ?
- Ер нь манайхан эксель гэхээр л жоохон доош нь хийх гээд байдаг. Хамгийн наад зах нь саяхан оношлогоонд оруулах гээд очоод зогсож байтал миний машины дохиолол дуугарсан чинь хэдэн залуус харчихаад “Эксельд бас дохиолол хэрэгтэй юу” гэж байх жишээтэй. Зарим хүмүүс янзалсан байхыг нь хүртэл харчихаад одоо чи энэ эксель гэсэн бичгийг нь аваад хаячихаач гэдэг юм. Тэгэхээр нь бүр нөгөө талд нь дахиад наачихмаар санагдаад байдаг юм/инээв/. Би бас машинаа даатгуулдаг. Саяхан нэг юм тохиолдоод даатгалаасаа 300 гаруй мянган төгрөг авах гэсэн чинь “Эксельд яахаараа ийм их мөнгө хэрэг болдог билээ” гэж байсан. Тэгэхээр нь би та эхлээд гараад хар даа л гэж хэлсэн. Энэ мэтчилэн хаа ч гадуурхагдаж л байдаг юм. Тэгэхээр хамгийн гол нь хүмүүс ээ эксель ч бас мотортой, дөрвөн дугуутай, таван хүн суулгаад явчихдаг адилхан л машин шүү дээ. өөрсдөдөө байгаа юмаа өөрийн гэж хайрлаад засаж сэлбээд гоё болгох юм бол лада байсан ч ганган л харагдана. Тийм болохоор залуусаа нэгнийгээ битгий доош нь хийгээч ээ л гэж хэлье. Эксель гэсэн машин шүү залуус аа
Гэрэл зургуудыг Ч.Лодойсамбуу












СЭТГЭГДЭЛ БИЧИХ