
Мэргэжлийн хяналтын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтаар Эрүүл мэндийн багц хууль, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавар, журам, эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны болон түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийн байдлыг шалгасан байна.
Уг шалгалтанд хамрагдсан хувийн эмнэлэгүүдийн ихэнх нь зөрчилтэй байжээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүд нь эмнэлгийн 10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байхад эдгээрийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандартгүй байгаа, эмнэлгүүдэд “Чанар, стандартыг хангасан тул магадлан итгэмжлэл олгов” гэсэн батламжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг ЭМГ-аас олгосон байхад эмнэлгүүд энэ шаардлагыг бүрэн хангаагүй буюу магадлан итгэмжлэл чанаргүй явагдаж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтуудыг зөрчсөн нийтлэг дутагдалтай байжээ.
Үүнээ гадна Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд 21 ороор тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад “Найрамдал” эмнэлэгт орны тоо, зөвшөөрлийг хэтрүүлэн нэмж өвчтөн эмчилж байгаа, “Ачтан” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг “Анухаймед” эмнэлгээр гүйцэтгүүлж байгаа, “Номуун” эмнэлэгт тусгай зөвшөөрөлд заагдаагүй хүүхэд, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, “Амин-Эрдэнэ”, “Номуун” эмнэлгүүдэд эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрөлд заагдсан нийт оронд эмнэлгийн өвчтөн авч эмчилж байгаа, “Номуун” эмнэлэг өмнөх шалгалтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлээгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, “Эрүүл мэндийн статистик мэдээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 тоот тушаалыг зөрчиж байгаа аж.

Түүнчлэн 21 орны зөвшөөрөлтэй “Амарсанаа гүнж” эмнэлэг дээр уламжлалт, дотор, мэдрэл, хүүхдийн өвчний эмчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний бүрдэл болоогүй байхад орны тоог 50 хүртэл ор болгон нэмэлт хийсэн, “Ионсей” ХХК-ийн “Ионсей Найрамдал” эмнэлгийн салбар болох “Агапэ” эмнэлгийг эмзэг бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 18.1.4 дэх заалтыг, Эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарын байдалд тавих дотоодыг хяналт хангалтгүй байгаа нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухай Эрүүл мэндийн сайдын 2007 оны 275 дугаар тушаал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтыг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 225 дугаар тушаалыг тус тус зөрчжээ.
“Номуун” эмнэлгийн их эмч Гэнэндармаа, сувилагч Наранцэцэг нарын эмчлэх, сувилах эрхийн, “Гурван гал” эмнэлгийн их эмч Ц.Базармаа, Д.Оюунчимэг нарын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, их эмч Мөнгөнцэцэг хүүхдийн эмчийн нарийн мэргэжлийн дипломгүйгээр хүүхдийн эмчээр ажиллаж байгаа, их эмч Баярмаа лабораторийн эмчийн мэргэжил эзэмших курсэд сурч байгаа хирнээ лабораторийн их эмчээр ажиллаж байгаа, “Амин-Эрдэнэ” эмнэлгийн их эмч Содчимэг, сувилагч Хулан нарын эмчлэх, сувилах эрхийн, “Баянгол” эмнэлгийн Балжинням, Мөнхтуяа нар сувилах эрхийн, Оюунтуяа, Энхмандал, Дэлгэрмаа, Очирчимэг нар, “Ачтан” эмнэлгийн Их эмч Булгамаа, Золзаяа, Мөнхдэлгэр, Цэндсүрэн, Энхбаяр, сувилагч Отгон, Оюунчимэг, Мөнхзаяа, Наранцэцэг, Болормаа нарын эмчлэх, сувилах эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан нь байсан ч ажлаа үргэлжлүүлж байжээ.

“Гурван гал” эмнэлэгт Мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөнд тухай өвчнийг илрүүлэх шинж тэмдгүүдийг бүрэн илрүүлээгүй, өвчтөнд эмнэлэгт ирснээс хойш 10 цагийн дараа хагалгааг эхлүүлсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд илэрсэн өөрчлөлтийг оношийн үндэслэлд тусгаагүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эрүүл мэндийг хамгаалах технологи Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ MNS5665-5:2006 стандартыг, нийт эмнэлгүүдэд өвчний түүхэнд өвчний оношийг олон улсын ангилал, нэршлийн дагуу бичээгүй, үсгээр товчилж бичсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээг оношлогоо, эмчилгээний зорилгоор ашиглаагүй, өвчтөнийг мэс засалд хэрхэн бэлтгэсэн нь тодорхойгүй, мэс заслын өмнө дүгнэлт гаргаагүй, төлөвлөгөөт хагалганд орж байгаа өвчтөнд эмнэлзүйн лабораторийн шинжилгээ хийгээгүй, мэс засалд орохын өмнө зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хуудас хөтлөөгүй, “Мэс заслын өмнөх дүгнэлт”, “Мэс заслын тэмдэглэл”, “Сувилгааны карт”, “Халууны хуудас” зэрэг эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтыг хөтлөөгүй нь зэрэг зөрчлүүд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн статистик мэдээний талаар авах зарим арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн салбар хорооны дүрэм журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын ”Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим” 3 дахь хэсгийн 3.5.3 заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Найрамдал, Мөнх-Оньч эмнэлгүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Найрамдал эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 702.000 төгрөгний, “Мон мэс” мэс заслын эмнэлэг нь 2011 оны 4 дүгээр сарын 28-нд гаргасан зөрчил дутагдлуудыг бүрэн арилгаагүй бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр лицензи аваагүй сувилагч шинээр авч ажиллуулсан, 5 дугаар сард эмч Жаргалсайхан болон Наранбаатар нарыг захирлын тушаалгүй, гэрээгүйгээр мэс заслын хагалгаанд удаа дараа оруулсан тул 2.100.000 төгрөгийн, хяналт шалгалтаас зайлхийсэн “Оточ өөдий” эмнэлгийн захирал н.Гончигжавт Төрийн хяналт шалгалтын хуулийн 16.1.1 дэх заалтыг үндэслэн 561.600 төгрөгийн шийтгэвэр, нийт 5 023 000 шийтгэвэр ногдуулжээ.
Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй 25 нэрийн 147200 төгрөгийн, хэрэглэх хугацаа дууссан 1 нэрийн эмийг эмчилгээнд хэрэглэхийг зогсоож, улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураав.
Эцсийн дүгнэлтээр Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ор бүхий эмнэлгүүдэд үнэлгээ хийхэд нийт 72 эмнэлгээс бага эрсдэлтэй 20(32%), дунд эрсдэлтэй 44(54%), их эрсдэлтэй 8(14%) эмнэлэг байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хууль, тогтоомжийн хэрэгжилт 68,3%-тай байна гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ