Сэлэнгийн хөвөөнд биелсэн мөрөөдөл
Үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний бэлчирт, хормойноос нь зүүгдэн, энгэрт нь асах зээ охиноо хөтөлж, тэвэрч, үргэлж хамт явах энэ хүнийг Л.Баатар гэдэг. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгийн тавдугаар багийн иргэн. “Жарамгайн цөөрөм” нөхөрлөлийн захирал. Хиймэл нууранд загас үржүүлэн, шувуун эрчимсэн аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж, бүтээхийг эрхэм болгосон түүнтэй уулзаж, сонирхолтой, авууштай яриа өрнүүлэх, бүтээлч амьдралтай нь танилцах боломжийг Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат бидэнд олгосон юм.
б
Лундаагийн Баатар гуай Баянхонгор аймгийн Заг сумын унаган хүү. Долоодугаар анги төгсөөд мал дээр гарч, Улсын сайн малчин ижий, аав хоёртоо тус дэм болж байгаад 1979 онд тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуульд урилгаар суралцах эрхтэй болж зургаан жил сурч, малын эмч мэргэжил эзэмшжээ. Дээд мэргэжилтэй тэрбээр аймгийнхаа намын хороонд хуваарилагч, Баянгол суманд малын эмч, Баянбулаг сумын Засаг дарга хийж байсан ба мал эмнэлгийн салбар хувьчлагдахаас өмнөх хугацаанд Заг сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байж.
б
Тэднийх 2007 онд Эрдэнэт хотод шилжин суурьшиж, жимсний мод ургуулах хүсэлдээ хөтлөгдөн, “Бөхөнгийн өвөр” хэмээх газар уулын баяжуулах үйлдвэрийн цехийн хаягдлын нуурыг тойруулаад мод тарьж эхэлжээ. “Жилдээ 40-60 мянган мод тарьж, ногоон байгууламж бий болгож байсан. Өмнө өөрийн нутагт байхдаа газар ухаж, мод тарих гэж оролддог байлаа. Хөрс муутай газарт чацаргана, үхрийн нүд хоёр л ургуулж чадсан даа. Ойн мэргэжилтэн, агрономич биш болохоор бэрхшээлтэй зүйл байсан ч хийе гэсэн үнэн сэтгэл, сонирхол байсан учир уншиж, судлаад ойлгож мэдээд тарьж, ургуулахыг хичээсэн” гэж Л.Баатар гуай ярьдаг юм билээ.
ө
Ийнхүү Эрдэнэт хотод гурван жил буян үйлдсэн, мод таригч загас үржүүлэн Сэлэнгэ мөрөнд тавих эгэлгүй мөрөөдлөө биелүүлэхээр 2010 оны тавдугаар сард Булган аймгийн Сэлэнгэ суманд иржээ. Ирэнгүүтээ булгын голидрол түшиглэн 50 мянган метр куб устай хиймэл нуур байгуулан алгана, улаан нүдэн, цурхай загасыг үржүүлэн загас үржүүлэх ажлаа эхлүүлжээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, жилд 20 сая орчим төл загасыг өргөн Сэлэнгэд тавьж, үүнийгээ Монголын ард түмэнд барьж буй миний бэлэг. Би загас үржүүлгээс нэг ч төгрөгийн ашиг олдоггүй. Энэ сайхан орны хүү нь болж төрсөн болохоор энэ мэтийн бэлгийг эх орондоо барьж, ирээдүй хойч үедээ үлдээх баялгийг таслахгүй байх хэрэгтэй гэнэ.
ө
Өдгөөгөөс 21 жилийн өмнө Чулуутын голд найз нартайгаа загасчилж явахдаа зэвэг загасыг анх үзэж, нутагтаа загас үржүүлэхээр сэтгэл шулуудаж байсан Л.Баатар гуай төрсөн нутгийнхаа “Загийн хөх нуур”-нд зэвэг, хадран үржүүлэн, баялаг бүтээж өгсөн гавьяатан. Нутгийн зон олон минь миний энэ хөдөлмөрийг үнэлж, жуух бичгээр шагнасанд талархаж явдаг гэж даруухан агаад бахархангуй өгүүлэх түүний царайнаас илүү ихийг хийж бүтээх хүсэл, эрмэлзэл гэрэлтэнэ. Өнгөрсөн хугацаанд болон одоо ч монгол орны загасны аймаг, гол мөрөнийг судалсаар байгаа аж.
ө
ө
Намрын адаг сар ургахад цөөхөн хоног үлдсэн энэ үед усны шувууд дулаан орныг зорьсон байгаа. Харин “Жарамгайн цөөрөм”-ийн хиймэл нуурын бидэртэх мандалд нугас, галуу гоог, гоог дуугаран хөвнө. Уулын өвөр бэлээр нүцгэн толгой, улаан хүзүүтэй цацагт хяруул алхаж, тахиа донгодох дуу сонсдоно. Эд бол Л.Баатар гуайн гэр бүлийн эрхлэн явуулж буй шувууны эрчимжсэн аж ахуйн амьтад. Эднийх галуу, нугас, цацагт хяруул, торгоны тахиа, нутгийн тахиа, сувдан гургуул гэх зургаан төрлийн шувуу үржүүлдэг байна. Шувууд өвлөөс бусад цагт өглөө зургаан цагт хашаанаасаа гарч, 12 цагийн турш идээшлээд орой байрандаа ирдэг гэнэ. Тэдний тэжээл, арчилгаа, маллагааг гол баатарын маань эхнэр Д.Цэрэнлхам хариуцдаг аж.
ө
Тэрбээр “Бид шувуу тэжээх нь хамгийн ашигтай юм байна гэдгийг мэдээд л эрчимжсэн аж ахуйтай болсон. Эдгээр амьтан богино хугацаанд баг зардлаар их ашгийг өгдөг. Хоол тэжээлийн хувьд нэг их асуудал болохгүй. Өөрсдөө мал шиг бэлчээрлэж идээшлээд хүрээд ирдэг, хариулага, маллагаа шаардахгүй. Улаан буудай, улаан хивэг иднэ. Жилд таван тонн тэжээлийн хаягдал будаа худалдаж аваад өгөхөд, гурван улирал дамнаад хүрнэ. Шувуу их бага иддэг амьтан. Нэг өндөглөгчөөс 20-60 өндөг гарна. Шувуунууд өндөглөгч, өндөг дарагч гэж байдаг. Цацагт хяруул голдуу өндөг дарна. Ямар ч шувууны өндгийг өөрийн дэгдээхий шигээ өсгөдөг сайхан сэтгэлтэй амьтан шүү” хэмээн ярьсан. Гэрийн гадаа олон янзаар дуугаралдан овоорч, эзнээсээ тэжээл нэхэх багавтар биетэй цацагт хяруул, тахианууд өнгөрөгч хавар төрсөн дэгдээхийнүүд ба эзэн нь тэднийг “нэгдүгээр ангийнхан” гэж нэрлэх юм. Дэгдээхийнүүд 5-6 сарын хугацаанд нас бие гүйцэж, аравдугаар сарын сүүлчээр шувуунуудаа худалддаг байна. Цацагт хяруулыг 150 мянган төгрөгөөр, галууг 50 мянга, сувдан гургуулыг 100 мянгаар зардаг бол торгоны тахиа 100 мянган төгрөг, нутгийн тахиа 20-25 мянган төгрөг байдаг аж. 300 орчим шувуутай энэ аж ахуй жилдээ 20 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг гэсэн. Зарлагаа хасаад.
ө
а
Гавьяаны амралтад гарсан гээд амарч суухыг ор тас мартаж, хөдөлмөрлөж, бүтээх сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн ажиллаж, амьдарч буй Л.Баатар гуайн эзэмшлийн 10 га газарт хүний гар хүрээгүй, бүтээж босгоогүй зүйл гэж үгүй. Зургаан тоннын даацтай дүүжин гүүр барьж, хөдөөд усан оргилуур хийсэн бол усан цахилгаан станцыг энгийн аргаар хийн 110 вольтын хүчтэй цахилгаан гарган авч, шувууны сангас исгэж био газ үйлдвэрлэн газын плитка хүртэл ажиллуулжээ. Хүн байнга шинийг сэтгэж, бүтээж байх ёстой гэсэн үзэлтэй тэрбээр мөсөн зооринд хадгалсан моддоор монгол гэр тарьж, ургуулахаар шийджээ. Өвлийн цагт зооринд битүү цас чихэж, үүндээ моддыг шуудайнд хийн хадгалсан ба наймдугаар сарын 1-нд гаргаж тарьсан нь 80 см орчим өндөртэй ургасан байна. Таван ханатай монгол гэрийн тойргийг 20 см-ын зайтай хоёр үе татсан ба ургаад ирэхээр нь дээд талыг нь боовол гэр болно гэж тайлбарлав. Мөн энэ нь анх удаа монгол гэр газраас ургуулсан тохиолдол болох юм. Ургасан хойно нь олон хүн санаа аваасай гэж бодож байгаа гэлээ.
ө
Ойн дунд унасан бургас сүлжиж урласан, зэрлэг улиангарын тайрдсан сандалтай хэдэн газар, моддын дор тайрдас дээр ногоон будагтай банз тавьж хадсан амралтын сандал, ширээ байх. Үүнийг Л.Баатар гуай сургалтын заал, ажил хэргийн уулзалтын өрөө зэргээр нэрийдэх ба түүнээс сурч мэдэхийг хүссэн хүмүүс “Жарамгайн цөөрөм”-ийг зорин ирж сургалтад хамрагддаг бол байгалийн сайхан цогцолсон энэхүү газарт хүний гараар бүтээсэн зүйлийг үзэж, мэдэх гэсэн олны хөл тасардаггүй аж. Энэ бүгдийг бидэнд үзүүлэхдээ “би та бүхнийг санаа авч, боломжтой зүйлийг нь өөрийн амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж бодож байна” гэж хэлнэ.
ө
11 хүүхэдтэй айлын гурав дахь хүү тэрбээр хүн ямагт шинэ зүйлийг сэтгэж, хийж бүтээхийн төлөө байх ёстой. Үр хүүхэд минь үлдэх орчлонд тэндэндээ өвлүүлж үлдээх зүйлийг амьд ахуйдаа бий болгох хэрэгтэй хэмээнэ. Гурван хүүхдээ ч энэ жишгээр хүмүүжүүлсэн ба дунд охин Б.Батцэцэг нь аавынхаа ажлыг үргэлжлүүлэхээр шийдсэн ба БНХАУ-ын Харбин хотноо зохиогдож буй загас үржүүлгийн туршлага судлах семинарт НҮБ-ын урилгаар явсан гэж баяртайгаар өгүүлнэ. Гол баатар маань аливаа шинэ зүйлийг бүтээж, эдийн засгийн нөөц боломжийг өөртөө бий болгохын тулд хүн заавал дээд сургууль төгссөн байх албагүй. Мэдээ мэдээллийн энэ нийгэмд өөрөө хүсвэл хүссэн зүйлээ сурч, мэдэж, бүтээж, хийж болдгийг миний амьдрал харуулж байна гэж боддог гэж ярьсан.
ө
"Хүн малаас ялгаатай учир өөрийн хөдөлмөрийн шимийг хүртэх ёстой"
ө
Эдний нутаглаж буй “Хараагийн ар” хэмээх газар улаазгана, долоогоно, үрэл, мойл, тэхийн шээг зэрэг ургамал, жимс ургадаг байна. Харин Л.Баатар гуай Оросын Сибирь сортын үхрийн нүд, зэрлэг чацарганыг тус бүр 200 ширхэгийг энд тарьжээ. Хүүхдүүдээ жимс түүхийг зөвшөөрдөггүй тэрбээр жимс идмээр байгаа бол өөрөө тарьж, ургуулаад ид. Байгальд ургасан жимсийг мал иднэ. Харин та нар хүн учир баялгийг өөрөө бүтээж, өөрийн бүтээсэн хөдөлмөрийн үр шимээ хүртэх ёстой гэж захьдаг. Хүмүүс ирж жимс түүхдээ сайхан ургасан жимснүүдийг мөчиртэй нь хугалаад аваад явж байна. Өнөөдөр л өөрсдөө болж байвал маргаашд үлдэх үр хүүхдэд нь идэх хоол үлдэх эсэх нь хамаагүй болж, Монголын ард түмэн энэ сайхан эх орныхоо байгалийн баялгийг хайрлан, хамгаалсаар үр хүүхэд, хойч үедээ үлдээх хэрэгтэй шүү дээ хэмээн Л.Баатар гуай халаглан ярьж, өвөө гэж дуудан өвөр дээр нь эрхлэх жаахан зээгийнхээ салхинд сэвэлзэх үсийг илбэнэ.
ө
Загас үржүүлэгч, мод таригч, байгаль хамгаалагч, шувууны аж ахуй эрхлэгч олон төрлийн мэргэшил, мэдлэг, чадвартай гол баатар маань энэ их ажлын хажуугаар ном бүтээгээд амжжээ. Тэр болон түүний аав хоёул анчид байсан буюу чоно агнаж, шагнагдаж хүртэл байжээ. Чонын амьдралыг дэндүү мэдэх хашир анчны хувиар, олон олон тэнгэрлэг амьтны амийг бүргэлгэсэн нүглээ нимгэлэхийг сэтгэж, анчин хүн амьтныг занаж бус хайрлаж агнахыг учирлаж тэрбээр аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн “Их дуудлага” номыг бүтээсэн нь хэвлэлтээс гараад удаагүй аж.
ө
Шинийг санаачилж, их үйлсийн төлөө сэтгэлийн дуудлагаараа тэмүүлж яваа Л.Баатар гуай нуурын мандалд хөвдөг байшин бариад, нууранд загас үржүүлэн амьдрах мөрөөдөлтэй. Ойрын хугацаанд буюу 2-3 жилийн дараа Монгол оронд анх удаа гэж хэлэгдэхээр хоёр зүйлийг бүтээгээд та нарыг хүлээж байна. Намайг сураглаад хүрээд ирээрэй. Санаагаа хэрэгжүүлэхээсээ өмнө олонд дэлгэвэл бусдад алдагдах, миний санааг ашигласан ч яг миний бодсоноор биш буруу хийчих болов уу гэж бодож байна хэмээсэн юм. Ингэж хаширласан нь хэдэн жилийн тэрбээр үлийн цагаан оготныг бага зардлаар бүрэн устгах санаа гаргаад салбар яаманд танилцуулахад “бусдад битгий хэлээрэй” гэж авчихаад, үүгээр нь далимдуулан олон тэрбум төгрөг идэж байсан ба ийм явдлаас сэрэмжилж буй гэнэ.
а
Уулзалтын төгсгөлд тэрбээр гурван зүйл захив. Эхнийх нь өнгөрсөн социалист ниймийн үед төр нь ард түмнээ аваад явдаг байлаа. Одоо энэ үед төр бараг алга болсонтой адил болж, Монголын ард түмнийг олон намд хувааж бие биентэйгээ дайсагналцахад хүргэж байна. Тиймээс хүүхэд, залуучууд намд хуваагдаж хоорондоо бүү тэрсэлдээсэй, дайсагнаарай гэж хэлсэн. Удаад мөнгө нь өмнөө, хүн нь хойноо байдаг энэ нийгэмд сайхан амьдрахын тулд эрчимжсэн аж ахуй эрхэл, заавал дээд сургууль төгсөнө гэж зүтгэх хэрэггүй, аав ээж нь хэдэн төгрөгөө үрж таван жил сурахад төр чамд ажил өгөхгүй байгаа нь чамайг хаяж байгаатай адил. Ингэж байснаас сургалтын төлбөрт өгч буй мөнгөөрөө хэдэн шувуу, загас үржүүлснээр асар их мөнгийг өөртөө бий болгоно гэж захилаа. Харин эцэст нь аавынхаа дэлгэсэн дээл шиг нутаг дээр гуравхан саяулаа амьдарч буй монгол хүн бүр эзэмшил газартай болж, нутаг орон, байгаль дэлхийгээ хайрлаж, үр хойчдоо өвлүүлэх хэрэгтэй хэмээсэн.
ө
Оюун санаагаараа үргэлж шинийг эрэлхийлж, хөдөлмөр, зүтгэлээрээ түүнээ бүтээж, эх орноо хайрлан, монголын ирээдүй хойчийн төлөө үнэн зүрхнээсээ халамж хандуулах үйл хэргээс нь үлгэрлэн дуураймаар, хийж буй болгосныг нь шагшин магтмаар эгэл нэгэн сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн, Сэлэнгийн хөвөөнд аж төрж байна.
a
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ