"Чухалчлаагүй" ЧУХАЛ асуудлыг чуулганаар хэлэлцлээ

img

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Патентын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Технологи дамжуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар уг асуудлуудыг хэлэлцэж байгаад завсарласан нь ийн үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир инноваци гэдгийн утгыг тодруулж асуухын зэрэгцээ шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд энэ талаар хэрхэн ажиллаж, оролцож байгааг лавласан юм. Үүнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хариулахдаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн зэрэгцээ одоо буй хөрөнгөнийхөө гуравны хоёрыг хүртэл зарцуулаад явж байна гэсэн. УИХ-ын гишүүн Х.Наранхүү импортыг орлосон бүтээгдэхүүн, шинээр хийсэн бүтээгдэхүүн хоёрын ялгааг хуулийн төслөөс олж харахгүй байна, үүнийг хэлж өгнө үү гэсэн юм. БСШУ-ны сайд хариулахдаа, гурван чиглэлээр тухайн бүтээгдэхүүнд шаардлага тавьдаг, одоо манайд хэрэглэж байгаагаас илүү үр дүнтэй бүтээгдэхүүн гарч байна гэхэд тэр нь инновацид хамаарч болох аж. Жишээ нь “Дархан -44” гэх галд илүү тэсвэртэй, ургац сайн өгөхүйц бүтээгдэхүүн байна гэж ярив. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, яагаад хоёр хуулийн давхардал яваад байна вэ, шинэ бүтээгдэхүүний талаарх судалгаа, шинжилгээ бий юу ер нь, хуулийн төсөлд гадаад нэр, томъёо их байна, үүнийг цэгцэлж болохгүй юу, мөн энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор яагаад хэлэлцээгүй юм бол, чухам аль салбарт инновацийг хэрэгжүүлэх вэ гэх зэргээр асуусан. Асуулт, хариулт дуусч санал хэлэх үеэр, УИХ-ын гишүүн Х.Наранхүү инноваци гэдгийг нэр томъёоны хувьд нь нэлээд тайлбарлаж, шинэ бүтээгдэхүүн болон импортыг орлож байгаа, манайд байхгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг инновациас ялгах хэрэгтэй гэсэн бөгөөд ер нь инноваци бол хаана ч байхгүй бүтээгдэхүү н л гэсэн утгатай хэмээсэн юм. Тэрнээс бус шинээр нэр томъёо гаргаад оруулж ирэх нь хэцүү л дээ. Монголын хувьд хаана ч байхгүй шинэ бүтээгдэхүүн, ямар нөхцөлд гарч ирэх вэ гэвэл гадаадаас шинэ бүтээгдэхүүн аваад, түүнийг манайд нутагшуулах гэсэн л үг шүү дээ гэж тэрээр хэлсэн. Энэ хууль нь манай оюуны өмчийн болон Патентийн хуультай бас холбогдох ёстой. Харин яг энэ оруулж ирсэн байдлаараа бол батлагдан гарахад хэцүү байдал харагдаад байна гэж Х.Наранхүү гишүүн хэллээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг гэдгийгээ хэлээд, мэдээж энэ хоёр хуулийг хэлэлцэх байх, гэхдээ гишүүд анхааралтай хандаж, ажиллаж өгөөсэй гэсэн юм. Харин Н.Ганбямба гишүүн, хоёр хуулийн төслийг хамтатгаад явахад буруудахгүй, энд ярьж байгаа гишүүдийн хэлсэн, ярьсан бүгд л хуулийн төсөлд байгаа гэх зэргээр ярив. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад дэмжигдлээ. Үүний дараа Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулга хийсний дараа өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Очирбат уншиж танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, асуудалд анхааралтай хандаж, тэрхүү баярт өдрийг тэмдэглэх өдөр судар дээр нь тодорхой судалгаа, шинжилгээтэй хандах нь зүйтэй юм гэсэн. Харин хууль санаачлагч гишүүн Н.Батбаяр, түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил болно гэдгийг хэлж, манжийн дарлалаас чөлөөлөгдсөн манай ард түмэн тусгаар тогтнолоо баяр болгон тэмдэглэж яагаад болохгүй гэж гэх зэргээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьсан сэдвээ үргэлжлүүлэн тайлбарлалаа. Мөн Д.Ганхуяг гишүүн уг хуулийн төслийг дэмжихэд болохгүй гэх газаргүй гэдгийг хэлж, хуулийн төсөлд оруулж ирж буй гол ялгаа, нэмэлтийг нь тодруулсан. Н.Батбаяр гишүүн, энэ жил олон түүхт ойг тэмдэглэж байгааг дурдаад, тэдгээр баяруудын дотроос хамгийн чухалд нь энэхүү 100 жилийн ой тооцогдоно гэдгийг тайлбарласан юм. Тэрээр 1911 онд юу болсныг санахаа байтлаа бид түүхээ мартсан байна. Бид сармагчин биш хүн гэдгээ нотлохын тулд энэхүү эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх хэрэгтэй гээд холбогдох түүхэн баримт бичгийг авчирснаа уншиж сонсголоо. Энэ үеэр гишүүд нэлээд маргалдах талтай болсон ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, уг баярыг тэмдэглэсээр л ирсэн, олон нийт мэдэж байгаа байх. Харин тэр яриад байгаа цол олгох эсэх, амралтын өдөр байх уу гэдгээ л энд ярилцъя гэсэн юм. Түүнчлэн Хууль зүйн сайд Ц.Нямдорж үг хэлж, 1911 оны үйл явдалтай холбоо бүхий түүхийг товч хэлж, Н.Батбаяр гишүүнийг бусад руугаа хамаагүй дайрч болохгүй гэдгийг мөн хэлж байв. Тэрээр бөхийн цолыг өгөх асуудлыг энэ удаа болих нь зөв байхаа, бөх барилдана л биз. Жилд ганц өгдөг цолыг хоёр болгож өгөхгүй байхын учир шалтгааны талаар манай урдаа барьдаг их аваргууд ярилцлага өгсөн байна билээ. Харин тэр амралтын өдрийг бас яриад л шийдье. Ер нь ингээд бие биенээ маргалдах нэрээр янз бүрээр дайрч давшлахаа болих нь зөв байхаа гэсэн юм. УИХ-ын гишүүн Р.Раш мөн саналаа хэлж, сайхан тэмдэглэе, амралтын өдөр байх нь зүйтэй, харин цол өгөх нь хэр зохистой юм бол гэх зэргээр ярилаа. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, энэ талаар хангалттай ярилаа, нэг тал руугаа туйлшрахаа болих хэрэгтэй, амралтын өдөр, баяр цэнгээн бидэнд олдсон уу гэхээс багадаагүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Загджав хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлээд, бусад зүйлд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тэрээр, бүх асуудлаа ингэж бөөгнүүлээд оны эцэс рүү хамаг асуудлаа оруулж ирдэг зэрэг дутагдлаасаа салах хэрэгтэй УИХ-ын гишүүд бид, гэсэн утгатай үг хэлсэн. УИХ-ын гишүүн З.Энхболд 100 жилийн ойгоо тэмдэглэх, тэмдэглэхдээ жил бүр ёслон өнгөрүүлэх ёстой гэж хэлж байв. Энэ мэтчилэн гишүүд маргасаар Төрийн байгуулалтын байнгын хорооны оруулж ирсэн тус тусдаа хураалгасан саналын томъёоллыг УИХ-ын дарга Тамгын газраас тодруулж асуусан юм. Ингээд баяр ёслолтой холбоотой буюу “амралтын өдөр болгон тэмдэглэж байх” гэсэн утгатай саналыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын томъёоллыг гишүүд дэмжсэнгүй. Дараа нь “бөхийн цол олгодог болох эсэх” дээр санал хураахад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдсэнийг УИХ-ын дарга мэдэгдлээ. Дараагийн асуудлыг хэлэлцэх болоход чуулганыг нэлээд гишүүд орхиж гарсан байсан тул УИХ-ын дарга танхимыг аядуу хүлээцтэй байдалд байлган, чуулган хэсэг зуур саатсан. Ингээд танхимд ирц бүрдсэний дараа "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхийг гишүүд дэмжсэн юм. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тогтлоо. Үүний дараа Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай  хуулийн төслүүд, Тогтоолын заалтыг хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хийсэн бөгөөд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн санал, дүгнэлтийг хэлэлцэх үеэр гишүүн Э.Бат-Үүл асуулт асуун, үгээ хэлж, Д.Хаянхярваа гишүүн хариулж байсан ч танхимд гишүүдийн ирцийн байдал хангалтгүй байгаа болон үдийн завсарлага болсон зэргийг харгалзан УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганаар дээрх чухал асуудлуудыг хэлэлцсэн боловч санал хураах мөчид ирц хангалтгүй байсан нь гишүүдийн ядарсныг уу аль эсвэл чухалчилж үзээгүйх үү. Юутай ч ирц хангалтгүй гэх шалтгаанаар чуулганыг завсарлуулсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ