Э.Ёндоншарав: Одоо л театрын босгоор алхлаа
Бие дааж найруулсан анхны бүтээлээ үзэгчиддээ өргөн барьсан УДЭТ-ын залуу найруулагч Э.Ёндоншаравтай ярилцлаа. Түүний найруулсан “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийн үзэгдэл бүрийн дараа үзэгчдийн алга нижигнэж, залуу уран бүтээлчийн бүтээлийг үнэлэхийн сацуу, цаашид хийх урмаар шагнаж байлаа. “Би чинь уяач болно гэж боддог байсан. Адуунд их хайртай... Шалгалтад нь унасан ч шантралгүй зүтгэсээр УДЭТ-ын хаалгаар орж ирсэн дээ” гээд л гүндүүгүй ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
ө
-Анхны бие даасан уран бүтээлээ үзэгчдэд толилууллаа. Үзэгчдийн алга ташилтаас харахад тэд танд сайн дүн өгч буй бололтой. Баяр хүргэе.
-Баярлалаа. Б.Баатар найруулагчдаа их баярлаж байгаа. Б.Баатар найруулагч маань чамд жүжгийн эрх өгнө гээд л энэ жүжиг дээр орсон. АЖ А.Очирбат гуайн зохиол. Жүжгээ найруулахдаа өөрөө зохиолоо бичиж үзлээ, найруулагч хүн юу хийх ёстойг, тэр ажлын сайхныг мэдэрлээ. Миний тархи, зүрхэнд бүрэлдэж, шаналж, зүдэрч хийсэн уран бүтээлийг үзэгчид хүлээж аваад алга ташина гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал байдаг юм байна гэдгийг одоо мэдэрч байна. Сайхан уран бүтээлүүд хийж үзэгчиддээ хүргэх хүсэл, эрмэлзлэл дүүрэн байна даа. Бүх уран бүтээлчиддээ их баярлалаа.
б
-Уран бүтээлдээ гавьяатуудтай хамтарч ажиллажээ. Нэгдүгээрт тэдний тус дэм их байсан байх. Мөн тэдэнд “зааварлахад” ямар байв.
-Саад бэрхшээл зөндөө гарч байсан. Жүжиг тавина гэдэг амархан, хэр баргийн хүний хийчих ажил биш гэдгийг бүр сайн ойлгож байна. Тэднээсээ их ч юм сурлаа.
ө
-Өчигдөр МУСТА гэх цолоор энгэрээ мялаажээ.
-Өчигдөр миний амьдралд хамгийн тод од гийлээ. Намайг илүү сайн уран бүтээл хийгээрэй гэх урмаар ташуурдуулан МУСТА гэдэг цолыг энгэртээ зүүлээ. Өглөө манайхан гэнэт хуралдаад Ёндоншаравыг МУСТА шагналд тодорхойлохоор уран бүтээлчдээс санал аваад, намайг болох юм уу гэж сандрахад “зүгээрээ миний дүү” гэж тайвшруулсан. Энэ баярт явдалтай ээж маань хөдөөнөөс ирж таарсан юм. Энэ цолыг би энгэртээ зүүж ээжийгээ сайхан баярлууллаа. Театрынхаа хамт олонд маш их баярласан. Театрын хамт олонгүй бол би хэн ч биш шүү дээ.
ө
-Багагүй өндөр шалгууртай гэгддэг УДЭТ-ын босгыг хэрхэн давсан бэ?
-Надад бол маш өндөр босготой байсан. Одоо л энэ жүжгээрээ босгыг нь давлаа гэж бодож байна. Театрын ажилтны тоонд ороод, ажиллаад, цалингаа аваад явдаг ч зүрх сэтгэл дотроо театрын хүн гэж хэлж чаддаггүй байсан. Анх би УДЭТ-т жүжигчнээр шалгалт өгч байсан. Тэгээд тэнцээгүй. СУИС-т бас эхний удаа унаж байсан ер нь хөдөөнөөс ирэхдээ дандаа л бүтэлгүйтэж явсан /инээв/. Дараагийн жил нь ахиж СУИС-д шалгалт өгч, хойтон жил нь дахиж өгөөд тэнцээд “Гарын таван хуруу” киноны Шагдар Л.Лхасүрэн багшийн ангид суралцаж төгссөн. Төгссөн жил драмын театрт жүжигчин шалгаруулж авч байна гэхээр нь очиж шалгалт өгөөд тэнцээгүй. Мөн л дараа жил нь шалгуулаад орсон. Их сургуулийнхаа хоёрдугаар курсээс л найруулагчийн мэргэжлийг сонирхож эхэлсэн. Л.Лхасүрэн багш маань ч нөлөөлсөн. Тэгээд театрын туслах найруулагч СТА н.Батхүү ах маань жилийн чөлөө авч, түүний оронд туслах найруулагчаар ажиллаж байгаад, үргэлжлүүлэн ажиллахаар үлдсэн. Энэ жүжгээр Б.Баатар найруулагч маань надад маш их урам, боломж олгосон. Тэр боломжийг алдсангүй гэж бодож байгаа. Үзэгчдийн алга ташилтаас.
ө
-Хэд хэдэн жүжгүүд дээр туслах найруулагчаар ажиллаж, өөрийн уран бүтээлээ тавилаа. УДЭТ-ын найруулагчдаас их зүйл сурч байгаа байх.
-Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг би их азтай. Энэ мундагууд Ч.Түвшин, Б.Баатар, Н.Наранбаатар, Ч.Найдандорж гээд энэ давтагдашгүй дөрвөн өөр өнгөтэй, мундаг уран бүтээлчтэй хамт ажиллаж байна. Надад бүгд зөвлөнө. Тэднийхээ арга барилаас суралцаж байна.
ө
-Их сургуульд элсэх, театрт орох шалгалтандаа унасан ч хүсэлдээ үнэнчээр шантрахгүй тэмцжээ.
-Юу ч тохиолдсон зорьсон зорилгодоо шантралгүй хүрдэг миний ээжийн зан надад шингэсэн шиг байгаа юм. Би нэг зорьсондоо заавал хүрэхийг хичээдэг. Би Хэнтий аймгийн Баянмөнх сумынх. Сумандаа найман жилийн сургуулиа төгсөөд 10 жил байхгүй учир аймгийн төв очиж сурна эсвэл хотод сурна, үгүй бол уяач болно гэж бодож байлаа. Тэгээд хотод сурахаар болж, Есдүгээр ангид орох жилээ манайд зочилсон ээжийнхээ хамаатнуудтай фургоноор хотод ирж байсан. Хот руу сургуульд явахгүй уяач болно гэхэд аав маань “Чи аав, ээж хоёрынхоо амьдралаар амьдрахгүй. Толгойгоо ажиллуулж, амьдрах ёстой заавал хот руу сургуульд яв” гэсэн. Тэгээд хотод 10 жилээ төгссөн. СУИС гэж байдгийг мэдсэн. Эхний жил шалгалт өгөөд тэнцээгүй ч дараа жил орсон доо.
б
-Энэ дунд орхих бодол орж ирээгүй юу?
-Би хэзээ ч шантрахгүй юмсан гэж боддог. УДЭТ-т орох шалгалтанд уначихаад малчин болно гээд гэртээ очсон. Тэгэхэд аав минь “Чи хүрээд ирж болж байна. Чамд дахиад л саад тулгарна. Мал чинь шуурганд уруудад үхчихвэл чи яах юм. Чи тэндээс буцаад хаачих вэ. Ингээд эргэж буцаад яваад байх юм бол хүний амьдрал өөдлөхгүй. Чи хэзээ ч урагшаа алхахгүй” гэж хэлсэн нь толгойд орсон доо. Бэрхшээлийг даваад байх юм бол хүн өөрийгөө олно. Би зах дээр тэрэг түрж үзсэн, тоосгоны үйлдвэрт ч ажиллаж байлаа. Тэгж явахдаа хүмүүс амьдралын төлөө “махаа зулгаан” зүтгэж байгааг мэдэрсэн. Өнөөдөр хүн юу хийж байна түүнээсээ аз жаргалыг л мэдэрч байвал болоо.
ө
-Адуунд эртэй, элэгтэй хүү байж дээ.
-Тиймээ. Таван хошуу малаас адуу хамгийн содон үнэртэй амьтан. Хөдөө өссөн хүүхдүүд бүгд мэднэ дээ. Хийморьлог. Намайг оюутан байхад Цайз зах дээр морин тэрэг байдаг байсан. Кино үйлдвэрт гэр хороололд амьдардаг. Цайз зах руу явж нүүрс авахдаа хомоол үнэртэж нэг их гоё болчихоод л, нүүрсээ түрээд гэр лүүгээ гүйчихдэг байж билээ /инээв/.
б
-Тэгвэл хүлэг морины тухай бүтээлийг их сайн найруулах байх.
-Тэгэлгүй яахав /инээв/. Би нэг сайхан монгол жүжиг тавина даа гэж бодож байгаа.
ы
-Жүжгийн "Хүний амьдрал тааж боломгүй оньсого мэт. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй". Энэ таны үг үү?
-Тиймээ. Амьдрал хүмүүсийн сайхан сэтгэл, хайр дээр тогтдог. Муу, муухай зүйл байгаа ч сайхан нь 1000 дахин их.
б
-Та амьдралыг ямар өнгөөр төсөөлдөг вэ?
-Хүн бүр өөр өөр өнгөнд дуртай. Миний хувьд ногоон өнгөнд дуртай. Түүгээрээ төсөөлдөг. Ногоон өнгөний хувирдаггүй, үндсэн өнгөө алддаггүйд дуртай. Хүн амьдралынхаа туршид ямар ч үед, хэнтэй ч уулзсан өөрөөрөө л байх ёстой гэдгийг Б.Баатар найруулагчаасаа сурч байна.
б
-Тэгвэл хайр гэж?
-Хайр бол амьдрал. Хайртай хүн рүүгээ тэмүүлэхдээ хэн ч хурдал гээгүй байхад өөрийн эрхгүй, амьсгаадталаа автобусны буудал руу гүйгээд. Гүйснээ бодоод инээх тэр мэдрэмж.
бө
-Гэр бүлийнхээ тухай яриач?
-Манай гэр бүлийн хүнийг н.Насанбурмаа гэдэг. Мөн урлагийн хүн. Би чинь өглөө гараад орой харина. Харин охиноо харах, цэцэрлэгээс нь авах гээд бүгдийг гэргий маань зохицуулна. Гэрийн найруулгыг хийдэг хүн дээ.
б
-Дараагийн уран бүтээлийнх нь талаар сонирхвол.
-Мэдээж театрынхаа бүтээлүүд дээр туслах найруулагчаар ажиллана. Хийхийг хүссэн нэг жүжиг бий. Гэхдээ одоо маш их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй, сурах хамгийн том зорилготой байна. Ер нь бидний үеийн залуус сурч мэдэж, заавал урагшаа алхаж байх ёстой.
ө
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ