МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болно
2025 оны 11 дүгээр сарын 15–16-нд Монгол Ардын Нам (МАН) 31 дэх Их хурлаа “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Хурал хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд намын дотоод удирдлагын хувьд түүхэн чухал шийдвэр гарсан юм.
Их хурлын эхний өдөр эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын даргаар сонгогдож, төлөөлөгчдийн 94.95 хувийн дэмжлэг авсан нь намын эв нэгдлийг илэрхийлсэн томоохон дохио боллоо гэж зарим улстөр судлаачид дүгнэж байна.
Хурлын хоёр дахь өдөр намын шинэчилсэн дүрмийг хэлэлцэж баталсан бөгөөд энэ дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хатуу заалт оруулж батлав. Өмнө нь намын дарга Ерөнхий сайд байж болно гэж заасан нь нөгөө талаараа Ерөнхий сайд болохгүй ч байх боломжтой байсан юм. Үүгээр Г.Занданшатарын оронд Н.Учрал дарга болон Ерөнхий сайдад дэвших замыг нээж буй.
Мөн Их хурлаар намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд шинэ Бага хурлын анхдугаар хуралдаан өнөө өглөө 08:00 цагт товлогдсон ч хараахан эхлээгүй байгаа аж. Тус анхдугаар хуралдаанаар шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, дараа нь Удирдах зөвлөлөө шинээр байгуулах юм.
Шинэ дүрмийн заалт нь намын дотоод удирдлагын төвлөрлийг нэмэгдүүлж, бодлого, шийдвэрүүдийг нэг төвөөс уялдуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нэг дор нам, Засгийн газрын удирдлагын давхар үүрэгт албыг хариуцаж буй даргатай болох нь тогтвортой, хурдан шийдвэр гаргах боломжийг олгохоос гадна, нам доторхи зохион байгуулалт, хяналт хэр үр дүнтэй байх нь гол сорилт болж байна.
Ийнхүү МАН-ын 31 дэх Их хурал нь намын дотоод бүтэц, удирдлагын тогтолцоог шинэчилж, дарга-Ерөнхий сайдын давхар үүргийг дүрмээр баталгаажууллаа. Тун удахгүй Н.Учрал дарга Засгийн газрын тэргүүн болж, шинэ Бага хурал, Удирдах зөвлөл хэр үр бүтээлтэй ажиллах нь ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ