МУГТ Ч.Цэвээнпүрэв Англид халз тулаанд оролцоод иржээ

img

Мэргэжлийн боксын спортоор томоохон амжилтыг үзүүлж Монгол улсыг тив дэлхийд таниулж яваа Мэргэжлийн боксын 57 кг-ийн жингийн Дэлхийн аварга, МУГТ Ч.Цэвээнпүрэв Английн Лондон хотноо халз тулаанд оролцоод иржээ. Энэ халз тулаанд Шотланд, Ирланд, Англи, Монгол улсын 8 тулаанч өрсөлдсөн байна. Тэрээр жин өгсөж 60 кг-ийн жинд тулалджээ. Тэрээр одоо 41 настай хэдий ч энэ спортод хүчин зүтгэсэн хэвээр мөн тогтмол амжилтыг үзүүлж байгаа юм. Улмаар ирэх 2-р сард түүнийг Английн Лондонд болох “Монгол дайчин” нэртэй тулаанд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна. МУГТ Ч.Цэвээнпүрэв “Эв найрамдлын хүч” тулааны спортын клубыг үүсгэн байгуулж энэ клубдээ 30 гаруй шавь нартаа тулааны спортыг зааж түгээж явна. Тэрээр тив дэлхийд “Монгол дайчин” нэрээр тулалддаг. Энэ нэрээр нь ч дэлхийд илүү мэддэг, таньдаг аж. Түүний шавь нарын нэг Мөнхбаяр тулааны спортоор хичээллэж чамгүй амжилтыг үзүүлж багшийнхаа залгамж халаа болж байгаа аж. Мөн Ч.Цэвээнпүрэв эрүүл зөв амьдрах зөвлөмж гаргаж үүний дагуу Баянхонгор аймгийн ард иргэдтэй саяхан уулзаад иржээ. Цаашдаа хөдөө орон нутгаар энэ уулзалт лекцээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Спортоос гадна улс эх орныхоо тэр дундаа монгол түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхээр ихийг хийж бүтээн өөрийн хувь нэмрээ оруулах болно гэж ярьж байв. Мөн хүүхэд залуустаа ч ингэж уриалж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ