Борис Березовский: Лужков өөрийгөө дүүжилчихсэн нь дээр дээ
Путины гол дайсан гэгддэг Борис Березовский 65 насныхаа ойг тохиолдуулан “Сегодня” сонины сэтгүүлчтэй ярилцжээ. Тэрээр Тимошенког Тереза эх болохыг зөвлөөд, Лужковыг өөрийгөө буудан хөнөөсөн нь дээр гэж үзсэн байна. Харин Януковичийг цус залгилахыг хүсдэг гэснээ Медведевийг давжаа хэмээн тавлажээ.
- Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байна даа? - Өө, энэ талаар бодож амжаагүй байна шүү. Үнэнээ л хэлье. Гэхдээ хэзээ ч төрсөн өдрөө тэмдэглэхгүй гэж байгаа юм биш шүү. Заримдаа тэмдэглэдэг л юм. 60 насны төрсөн өдрөө бол сайн санаж байна. Бараг бүх найзаа урьж билээ. Тэгэхэд найз нар маань намайг орхиогүй байжээ.
- Тэгээд хэдэн найз цугласан юм бэ? - Зуун найз.
- Тэгэхэд Украины хамсаатан найзууд чинь байсан уу. Юшенко, Тимошенко гэх мэт? - За хүлээгээрэй, би хэдэн онд 60 хүрсэн юм бэ? 2006 онд юм байна... Аан, тэгэхээр украин найз нар минь намайгаа орхичихсон үе байж. Зөвхөн Саша Волков л найз хэвээрээ үлдсэн байж билээ. Тэр эхнэрийнхээ хамт баяр дээр минь ирсэн.
- Одоо 65 хүрчихлээ. Хэрвээ болоод өнгөрсөн зарим зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ. Тухайлбал, 1999 онд Путиныг дэмжих байсан ч юм уу? - Дүгнэлт хийх цаг болоогүй гэж би бодож байна. Харин 20 жилийн дараа энэ асуултад хариулж болох юмаа.
- Украины талаар ярилцья. Оростой хийн хоолойн асуудал болон бас бус асуудлаас болж түнжин хагарч, Баруун Европтой ч сайн харилцаагүй боллоо. Украин хаашаа явж байна вэ? Саяхан, Чех улс Данилишинд улт төрийн орогнол олголоо... - Хийн хоолойн асуудлаас болж Оростой муудсан гэж ойлгож болохгүй. Хийн хоолой бол хоёрдагч асуудал. Кремль Украиныг гар дороо байлгахыг хүсээд байгаа юм. Тэгээд л хийн хоолойг энэ удаад шалтаг болгон ашигласан хэрэг. Харин Баруун Европын тухайд бол Янукович Ерөнхийлөгч болсон болохоор харилцаа муудахаас өөр аргагүй. Тэр чинь яг Путинтэй адил дээрэмчин шүү дээ. Яг л ихрийн өрөөснүүд шиг. Гэхдээ дээрэмчид хоорондоо хэл амаа олоход бас хэцүү. Харин ч бүр байнга эвдрэлцэж муудалцаж суудаг. Мэдээж, Янукович бол европын талын хүн биш. Гэхдээ тэр Путинээс өөрийгөө хамгаалахын тулд тийм дүр эсгэх зайлшгүй хэрэгтэй. Энэ тоглоом удаан үргэлжилнэ ээ. Европын улстөрчид бол дүүрчихсэн... улс. Харин Данилишинд улс төрийн орогнол олгосон нь нэгэн дохио юм. Иймэрхүү дохиогоор Януковичийг итгэж үнэмшүүлж чадна гэж найдсан байх. Барууны орнууд ийм алхам хийснээр Юшенкогийн байгуулсан ардчиллыг Януковичоор устгуулахгүй байхыг хүссэг хэрэг. Миний бодлоор, Украин улс хүнд үеийг туулж байна. Энд улстөрийн хийрхэл, хямрал газар авчээ. Юлия Тимошенкогийн тухай ярья л даа. Тэр одоогийн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон хүн. Тэр хатан хаан болохыг хүссэн ч ард түмнээ огт бодоогүй. Тэр одоо өөрийнхөө амбицийн үр дагаврыг амсаж сууна. Гэхдээ амьдрал хэдийд ч үргэлжилдэг жамтай. Үүнийг би эмгэнэл гэж хэлмээргүй байна. Украин харин хөгжлийн луужингаа үүрд Европ руу эргүүлж, Орос тийш даялахаас өнгөрсөн. Ямар ч Янукович үүнийг эргүүлж дөнгөхгүй.
- Өнгөрсөн арванхоёрдугаар сард та Януковичийг төрийн эрхэнд гаргахгүйн тулд боломжтой бүх алхмаа хийнэ гэж байсан. Януковичийн тухай хэлсэн бүх муу зүйл тань энэ хугацаанд биелсэнгүй. Та юу хүлээж байсан юм бэ, таныг баярлуулсан зүйл бас юу байв? - Европын нөлөө Украинд хичнээн бат бөх тогтсоныг би бүрэн тооцоогүй байж болох юм. Бас Янукович Оростой тэврэлдэх гэж зүтгээгүй нь сайн хэрэг. Түүний ард Оросоос ашиг сонирхол, үзэл бодлоороо хол, санхүүгийн хүчтэй бүлэглэл байгаа. Тэд өөрсдөө Барууных учир тэднийг хар дансанд хийхийг хүсэхгүй нь тодорхой. Янукович ч үүнийг хүсэхгүй.
- Тимошенког ямар хувь тавилан хүлээж буй бол. Түүний рейтинг хэрхэх бол? - Тимошенкогийн рейтинг цаг хугацааны эрхээр өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Янукович түүнийг буланд шахах тусам түүний рейтинг өснө. Харин зүгээр мартчихсан бол рейтинг нь унах байсан юм. Гэвч Янукович түүнд хэтэрхий их гомдож, өширхсөн тул зүгээр орхиж чадахгүй. Бүх дайсантайгаа тооцоо бодохоор тэр улайрч байна. Жишээ нь, би хэзээ ч Луценког таалж байгаагүй. Гэхдээ түүнийг яах гэж шоронд хорьж байгаа юм бэ? Тэр нийгэмд аюултай гэж үү?
- Суллачихсан чинь хилийн чанад руу гарчихвал яах вэ? - Гарвал сайн л биз дээ. Нэг ч гэсэн толгойны өвчин алга болно. Гэхдээ Янукович заавал цусыг нь залгилах гэж улайрах юм. Ингэснээр тэр өөрийгөө мөшгигчдийн тоог л нэмж байгаа юм шүү дээ.
- Та өнөөдөр Юлия Тимошенкотой холбоо барих уу? - Үгүй. Холбоо барилгүй уджээ. Гурван жил өнгөрсөн байна.
- Ам мурийчихсан юм уу? - Үгүй ээ, бид ам мурийгаагүй. Хэзээ ч би түүнтэй уулзахыг эхэлж санаачилж байгаагүй. Тэр хэрэгтэй үедээ өөрөө ирчихдэг байсан. Дараа нь тэр насанд хүрсэн том хүн гэдгээ ойлгоод хэн нэгний зөвлөгөө тэр тусмаа миний зөвлөгөөг сонсох хэрэггүй гэж үзсэн. Үүнийг нь би байх л ёстой явдал гэж хүлээж авсан. Тэр үнэхээр том болсон хүн шүү дээ. Саяхан 50 нас хүрчихлээ.
- Ямар шатлгаанаар таниас зөвлөгөө хүсдэг байсан юм бэ? - Бидний яриа зөвхөн улстөрийн шинжтэй байсан. Оросын тухай, Украины тухай гэх мэт.
- Путинтай харилцаагаа хэрхэн сэргээх тухай зөвлөж байсан уу? - Хэзээ ч үгүй.
- Өнөөдөр та Тимошенкод юу гэж зөвлөмөөр байна вэ. Тэр хэрхэн эргэж амжилт олох вэ? - Украины ард түмний өмнө тэр хэн болж харагдахыг хүсдэг байсныг анзаарч харья. Тэр яг л Жанна д`Арк шиг ард түмнээ ирээдүйд хөтөлж, бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрэх нэгэн мэт харагдахыг хүссэн. Харамсалтай нь тэр энэ дүрдээ бүрэн ороогүй. Хүмүүс түүнийг ард түмнийхээ төлөө биш эрх мэдлийн төлөө тэмцэж байгааг олж харсан хэрэг. Тэр ялагдлынхаа дараа сүмд очих хэрэгтэй байсан юм. Хэрвээ үнэхээр тэр ард түмнийхээ төлөө шаналагч юм бол сонгуульд ялагдсаныхаа дараа сүмд очиж, ард түмнийхээ төлөө залбирал хийхээс өөр зам үлдээгүй. Тэгэхээр тэр Жанна д`Аркийн дүрээ Тереза эхийнхээр солих ёстой. Тэгээд эвлэрэх хэрэгтэй. Ингэсний дараа л хүмүүс түүнийг дагаж, дэмжих байлаа. Гэвч тэр өөр зам сонгосон.
- Тухайн үед Тимошенкод өгч байсан зөвлөгөөг тань Янукович одоо хэрэгжүүлж эхэлсэн гэж танд бодогдохгүй байна уу? - Тийм ээ, би зөвшөөрч байна. Янукович аливаа хувьсгал бүрий дараа хийх ёстой алхмыг маш нарийн зохион байгуулалттай хийж байна. Эдийн засгийн эрх мэдлийг богино хугацаанд авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ч мөн гартаа атгах гэх мэт бүх алхмыг хийсэн. Тэр Юшенко, Тимошенко нараас ч илүү сайн хийж буй, энэ ажлаа. Путин ч цагтаа яг л ингэж хөдөлсөн. Энэ бол хувьсгалын дүрэм шахуу юм даа. Янукович яг түүхийн дагуу, маш нарийн алхам хийж байгаа нь үнэн.
- Та энэ алхмыг нь буруутгахгүй байгаа юмаа даа? - Би Януковичийн дэглэмийн эсрэг үзэлтэн. Гэхдээ яг л түүхийн, дүрмийнх нь дагуу хийж буй ажлыг хэрхэн буруутгах вэ дээ.
- Тэгэхээр ямар алхам хийж буй нь биш юунд хүрэхийн төлөө хийж буй нь чухал байх нь ээ? - Яг үнэн.
- Манай улстөрчдөөс хэн нь илүү ирээдүйтэй санагддаг вэ. Яценюк, Тигипко, Тягнибок нараас? - Тягнибокийн тухай би дуулсан, гэхдээ юу ч хэлж чадахгүй нь. Харин Тигипког анхааралтай ажигладаг. Би сонгуулийн нэг, хоёрдугаар шатанд Тимошенкод нэрээ татаж аваад, Тигипког дэмж гэж зөвлөж байсан. Хэрвээ Тимошенко нэрээ татчихвал, гуравдахь хүн буюу Тигипко шууд Януковичийн өрсөлдөгч болох байлаа. Ийм тохиолдолд Януковичт ялах боломж үлдэхгүй байсан юм. Гэвч Юлия өөрөө ялахаар шийдсэн. Тэгээд л дүн нь энэ. Яценюкийн тухайд бол дурсахгүй байсан нь дээр дээ. Тэр бол улстөрч гээд байхаар хүн биш.
- Тэгэхээр Тигипко илүү ирээдүйтэй хэрэг үү. 2015 онд Ерөнхийлөгч болох магадлал хэр байх бол? - Болохыг нь би үгүйсгэхгүй ээ.
- Үүний тулд тэр засгийн эрхэнд үлдэх ёстой юу, эсвэл сөрөг хүчинд шилжих хэрэгтэй юу? - Энийг чинь харин мэдэхгүй юм байна. Үүнийг улстөрч хүний гол хоёр чанар л шийдэх хэрэг. Нэг нь бодит байдлыг зөв харж, мэдрэх чадвар, нөгөө нь хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөх явдал. Өөрөөр хэлбэл, галт тэрэгнээс үсэрч буух мөчөө л зөв сонгох хэрэгтэй.
- Оросын талаар ярилцья. 2012 оны сонгуульд Путин, Медведев хоёрын хэн нь Ерөнхийлөгчид өрсөлдөх бол? - Би нэг л зүйлийг мэдэж байна. Ямар ч хоёрдагч хувилбар гэж байхгүй. “ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев” гэсэн цаасан дээрх нэр л байдгаас ямар ч Медведев гэдэг хүн үгүй. Харамсалтай нь, өвчтэй, бараг ургамал шиг Медведев Дмитрий Анатольевич гэж бий. Би танд хариуцлагатай хэлье. Медведев бол өвчтэй хүн. Тэр давжаа өвчтэй. Давжаа өвчин гэж юу вэ? гэж үү. Энэ бол өсч, өндөр болж чаддаггүй хүний тухай асуудал огтхон ч биш. Тухайлбал, Путин намхан, жижигхэн хүн. Гэхдээ тэр давжаа өвчингүй. Энэ өвчинд гадаад шинж тэмдэг гэж бий. Жишээ нь, намхан нуруу, биедээ томдсон толгой, бүлтгэр нүд гэх мэт. Энэ бол зөвхөн гадаад шинж. Хамгийн гол нь давжаа өвчин сэтгэл зүйн маш том үр дагавартай гэдгийг тэр бүрий хүмүүс мэддэггүй. Медведевийн өвчин яг тэр сэтгэлзүйд нь л байгаа юм. Давжаа өвчтэй хүмүүсийн гол шинж нь өөрийгөө хувь хүн гэж үзэж чаддаггүй. Тэдэнд үргэлж зааж зааварлах хүн хэрэгтэй байдаг. Тэгэхээр Медведев, Путин хоёрын дунд өрсөлдөөн гэх зүйл байхгүй. Эзэн, давжаа хоёр л бий.
- Өөрөөр хэлбэл, сонгуульд Путин өрсөлдөх нь ээ. Эсвэл одоогийн албандаа үлдэх юм болов уу? - За, би мэдэхгүй юм даа. Ер нь Путин ямар сандал дээр сууж байгаа нь тийм чухал биш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ялгаа алга. Учир нь тэр л Оросыг жолоодохоос хойш.
- Та Лужковыг одоо яах ёстой гэж бодож байна вэ? - Лужковын төлөө харамсдаг гэж хэлж чадахгүй. Тэр эдүгээ болж буй бүх зүйлийг өөрөө л хийсэн хүн. Харин намайг өөр нэг зүйл зовоодог. Лужков олон жилийн турш Оросын дээд элитүүдийн хүрээлэлд байсан. Гэтэл одоо гутамшиг болж, бүр Латвиас улстөрийн орогнол эрэхдээ хүрлээ гэжүү. Ингэтлээ доошоо ороод байхдаа яахав дээ. Мэдээж, Путин түүний амар амгаланг үзүүлэхгүйн тулд бүх зүйлийг хийсэн л байж таараа. Улстөр гэдэг бие үнэлэлт гэдэг нь ойлгомжтой. Түүнийг хаана ч орох газаргүй болгочихсон байж болно. Гэхдээ л дэлхий дахины өмнө нэр хүндийг нь тэгж гутааж байхад бусдаас гуйж явна гэдэг гутамшиг бишүү. Эхлээд Англи түүнд орогнол олгохоос татгалзлаа. Гэтэл дараа нь Латвиас гуйлаа. Тэр цагтаа латвичуудыг фашистууд хэмээн харааж, үндэсэрхэг үзэлтнүүд гэж үзэн ядаж байсан хүн шүү дээ. Оросын улстөрийн элит хүн ийм гэж бодохоор аймшигтай юм.
- Тэгээд тэр одоо яах ёстой гэж? - Өөрийгөө дүүжлэхгүй юу. Эсвэл буудчихаж болно шүү дээ. Тэртэй тэргүй л тамд шатахаас хойш буудчихад яахав дээ.
- Лужков сөрөг хүчин байгуулж, Путин, Медведевт цохилт өгч болохгүй гэж үү? - Лужков ямар юмных нь сөрөг хүчин болох вэ дээ. Тэр худалдаачин байсан, тэр чигээрээ л үлдсэн. Харин Латвид хэдэн агуулах авчихаад тэндээ юу агуулахаа тооцож чадах байх.
Орчуулсан Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ