Сүрлэн байшин шиг засаглал
Засгийн газар унах нь ардчилсан нийгэмд энгийн
шахуу үзэгдэл. Парламентад аль ч улстөрийн хүчин нь олонхи болж
чадаагүй хүч тэнвэртэй нөхцөлд Засаг байнгын шүүмжлэлтэй нөхцөлд үйл
ажиллагаагаа явуулдаг. Төрийн тогтолцоо төлөвшчихсөн хэтийн болон ойрын
хөгжлийн бодлого нь тодорхой, хууль тогтоох байгууламж дагаад бужигначихдаггүй
тийм л төртэй улсад энэ солио холио дагаж хямраад байх онцын асуудал биш. Харин
манайд бол бүх зүйл нь эсрэгээрээ Төрийн тогтолцоо хууль тогтоох, хэрэгжүүлэгч,
шүүх засаглалаа холиод бантан хутгачихсан болохоор энэ огцролт төрийн
байгууламжаа улам хэврэг болгоно.
Давхар дээлийг яаралтай тайлахыг шаардаад байгаагийн гол утга учир энэ. Хууль тогтоох дээд байгууллагын түшээ хэрэгжүүлэх дээд байгууллагын сайдын дээл нөмрөөд сууж байна гэдэг аль нэгэнтэй нь хариуцлага тооцох гэхээр усанд хаясан чулуу хэрхэн долгио үүсгэдгийн адилаар бүхнийг долгилуулна. Үр дүн нь цунами болох ч аюултай. Засаглалын эл хямрал эдийн засгаа бүрэн сүйтгэх дөхөж байна. Гадаад орчин тийм ч хүндэрчихээгүй байхад эдийн засаг ингэж хүндэрсэн нь ганц Н.Алтанхуягийн танхимд ноогдох хариуцлага мөн үү биш үү гэдгийг эрүүл саруул ухаанаар дэнсэлж үзэх ёстой. 2004 оноос эхлээд мөнгө цутгах шиг болсон. Нийгмийн халамж руу хэчнээн тэрбумаар хийж, хэчнээн их наядын хөрөнгө оруулалтыг царцаав. Халсаандаа үргэлж мөнгөтэй байх юм шиг төр өөрөө бизнесмэн болж дэргэдээ асар том мөнгө эргэлдүүлсэн улсын компаниуд байгуулж, сангуудаараа дамжуулан мөнгө угаагаад эхэлсэн. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь парламент өөрөө. Тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй олигархиуд парламентын суудлын 60 хүртэлх хувийг эзлэж байна гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай халаглаж байна билээ. Үнэн үг. Парламентын суудлыг эзэлсэн тэд өөрсдийн эрх ашгийг л энэ тэргүүнд тавина. Өөрсөддөө зориулж хууль батлана. Авилгал, тендерээр өнгөтэй өөдтэй болгоныг хамж гүйцсэн. Ашигтай ашиггүй нь огтоос хамаагүй. Хууль хэрэгжүүлэх, захиран зарцуулах сайдын суудалд өөрснөө заларсан болохоор хяналт тавина гэж юу байх вэ дээ.
Одоо халаглаад яах билээ. Тэртэй тэргүй энэ Засгийн газар удах ч үгүй нь тодорхой байсан. Кинон дээр цаад эздийг нь гэж Д.Сүхбаатар жанжин халагладаг даа. Засаглалын хямралын цаад шалтгаан нь ердөө л давхар дээл байсан. Танил тал, ха
маатан садан, хүү охиноо чухал албан тушаалууд дээр тавьж хөгжлийг гажуудуулсны бололцоог эрхэм түшээ хэрнээ сайдын алба давхар хашдаг явдал байсан. Хоёр өөр институци нэг болчихоор доошхи бүх засаглал, захиран зарцуулалт найзан дундаа явагдсан хэрэг. Муу эрд халдага дараа гэгчээр бид түүхэндээ байхгүй их хэмжээний мөнгөтэй болсон нь нэрмээс болсон. “Зүгээр хэвтэж бай, төр халамжлаад өгье” гэж улс төрийн намууд олсон хэдээ баруун солгойгүй цацсан. Засаглалын ийм буруу бодлого, тогтолцоотой байхад яаж эдийн засаг нь өөдөө нар үзэх билээ.
Хүссэн ч хүсээгүй шинэ Засгийн газрын тэргүүнийг томилж таарна. Парламент давхар дээл тайлах сонирхолгүй байгаа юм чинь өмнөхөөсөө нэг их дээрдэхгүй. Ерөнхийлөгч саналыг нь хүлээж аваагүйд бухимдаж баргийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг босго давуулахгүй. АН-ынхан МАН-тай хүч хамсаад тавьж гэмээн тэр айдсаас ангижрах оролдлого хийнэ. Өөр гарц тэдэнд бараг харагдахгүй л болов уу. Ингэж гэмээн шинэ Засгийн газрынхаа насыг уртасгаж мэдэх юм. Яагаад гэвэл МАН парламентад хүчтэй сөрөг хүчин. МАН-ын зарим гишүүний зүгээс Ерөнхий сайдыг томилж кабинет бүрдүүлсний дараа төсвөө хэлэлцье, өмнөх Засгийн газрын кабинет өөрчлөгдөх тул асуудал хариуцсан яамдад ноогдох төсвийн байдал өөрчлөгдөнө гэж мэдэгдэж байна. Энэ тохиолдолд арваннэгдүгээр сарын 15 гэхэд хуулийн дагуу батлагдах ёстой төсөв хойшлогдоно. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад арванхоёрдугаар сарын 15 гэхэд хэлэлцээд батлая гэж нэмэлт тайлбар өгч байна. АН-д энэ хүндхэн цохилт болно. Олон хуульд гар дүрэх хэрэг гарна. Цалин тэтгэвэр тэтгэмжээ сүүлийн саруудад тавьж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн санхүүжилтээ хүлээж байгаа олон ажил зогсоно. Засгаа огцруулсан АН-д хэрвээ ийм сонголт хийхэд хүрвэл ард иргэдийн зүгээс хүндхэн дарамттай учирна. 2016 он хүртэл сөрөг хүчний зүгээс тоглогдох хурцхан драмууд хүлээж байгаа. Тэр бүхний ард булшлагдахгүйгээр үлдэнэ гэдэг магадлал тун бага. Тэртэй тэргүй дотоод хямралаасаа болж унаад байсан нэр хүндээ энэ бүхний эцэст МАН бага багаар сэргээнэ. АН хэрвээ засгаа унагаагүй чирээд явсан бол энэ бүх довтолгооноос мэнд үлдэх бололцоо байлаа. Эцсийн бүлэгт улс төрийн намууд төлөвшиж, засаглалын тогтолцоог хямраагаад байгаа энэ асуудлуудыг нэг мөр шийдэхгүйгээр өчүүхэн сэвшээ салхинд нураад уначих сүрлэн байшин босгожээ, бид.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ