Хүүхдийн эрхийн асуудал гутлын улан дор байна
Өнөөдөр “Миний эрхийг бүдүүлгээр зөрчлөө” гэж хэн хүнгүй дуугарах боллоо.
Зарим нэг нь өөрийнхөө эрхийг хэтэрхий өндөрт тавих болж.
Саяхан л олны дунд халуухан байсан сэдвийг энд сөхье. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг жиргээч Т.Мөнх-Оргил шүүхэд өгөв. Иргэн Т.Мөнх-Оргил нь хотын даргатай шүүхдэлцэх болсон нь ийм учиртай. Хотын даргын гаргасан шийдвэр, захирамж төдийгүй, нийгмийн хамаг халуун сэдвийг хамж шимэн өөрсдийхөө муулж, ёожилж шоглох жиргээчдийг хотын дарга галзуурчихсан хүмүүс гэж товчхондоо өгүүлсэн юм. Гэтэл жиргээч Т.Мөнх-Оргил энэ үгнээс болж сэтгэл санаагаар унасан төдийгүй нэр төрөө сэргээлгэхээр хотын даргатай шүүхдэлцэн хэрэг нэг тийшээ шийдэгдсэн. Зарим нэгнийх нь эрх ийм хүчтэй бас сэтгэл санаагаар тэд ийм амархан унадаг байх нь.
Монголд оюутны эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?
Хоёрхон хоногийн өмнө Оюутны эрхийн өдөр тохиов. Нийгмийн хамгийн хангалуун хэсэг гэж нэрлэгдэх болоод байгаа оюутнууд ч яаж зүгээр байхав эрхийнхээ өдөр Оюутны талбайдаа жагслаа. Уг нь өөрийгөө хөгжүүлэхийн төлөө өөрсдөө л хичээчихвэл тэдэнд энэ нийгмээс дутаад байх зүйл бараг байхгүй. Тэд зөрчигдөөгүй эрхийнхээ төлөө янз бүрийн шаардлага тавилаа. “Оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах нь төрийн хамгийн зөв шийдвэр мөн”, “Оюутны нийтийн тээврийн нөхөх олговрыг 500 төгрөгөөр батлуулъя” гэсэн уриа лоозон барин тэд жагсчээ. Фейсбүүкээр МОХ-оос гаргасан мэдээлэл түгнэ. Уг мэдээлэлд :Оюутнуудаас мөнгө нэхсэн кондукторт арга хэмжээ авна. Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчиж байгаатай холбоотойгоор иргэдээс шүүмжлэл маш их ирдэг. Учир нь нийтийн тээврээр оюутнууд ихэвчлэн картаар үйлчлүүлдэг нь автобус компаниуд алдагдалтай ажиллахад хүргэдэг гэлцдэг. Зарим эх сурвалжуудын мэдээлээр оройн цагаар буюу 19:00 цагаас хойш нийтийн тээврийн кондукторууд оюутнуудыг визагаар явуулахгүй хэмээн мөнгө нэхдэг байна. Оюутнууд нийтийн тээвэр зогсох хүртэл үнэгүй явах эрхтэй. Иймд оройн цагаар оюутнуудаас мөнгө нэхэж байгаа кондукторуудыг холбогдох газарт нь мэдэгдэх хэрэгтэй. Оюутнуудын мэдээллийн дагуу тухайн кондукторт арга хэмжээ авна хэмээн хэллээ. ХЭРВЭЭ ТАНЬД ЗОРЧИХТОЙ ХОЛБООТОЙ ХҮНДРЭЛ ТУЛГАРВАЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН УТАС: 326352 дугаарт мэдэгдэж тэр дорно арга хэмжээ авахуулах боломжтой юм" гэжээ. Өндөр настны хөнгөлөлтөөс урьтаж оюутнуудад төрөөс сургалтын төлбөрийг хөнгөлж байсан, Оюутан бүр тэтгэлэгтэй болсон, автобусаар нэг ч төгрөг төлөхгүй явах болсон дээрээс нь нэг үеэ бодвол оюутнууд цагийн ажил хийх бүрэн боломжтой болсон гээд тэд үнэхээр хүчтэй. Эрхийнхээ төлөө тэмцэж чаддаг аж.
Монголд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?
Баар, цайны газар хэсэн хүний төлөө сурч байгаа мэт аашлах оюутнууд
автобусанд үнэгүй зорчино. Кондуктор урдаас нь юм ярьвал хэрүүл хийж
мэдлэггүйгээ гайхуулна. Харин ЕБС-ийн балчирхан хүүхдүүдэд зогсох газар
олдохгүй, тулах тулгуур олдохгүй ийш тийш өнхөрнө. Аргагүйдээ хажуудах хүнээ
нална, буцаагаад нөгөө хүн түлхэнэ. Дээрээс нь автобусны мөнгө нэхэгдэж,
кондуктор хүн харж байгаад нуруунаас нь чимхэнэ. Оюутнуудтай адил тэд баардаж
шоудаагүй, бас тэтгэлэг аваагүй. Оюутнууд шиг эрх яриад тэмцэж чадахгүй. Тэгье
гэсэн ч тийм эрхийг энэ нийгэм өгөхгүй нь тодорхой байна. Тиймээс автобус
компаниуд хэрүүлчээс нь айж харин сул дорой хүчгүйгээс нь ийн ичих ч үгүй мөнгө
нэхэж зогсох.
Монголд хүүхдийн эрхийг хэн ч анхаарч ойшоохоо байсан. Үүнийг гэрчлэх маш олон хүчин зүйл нийгэмд бий. Ядаж л хүүхдийн амь нас хохирсон тохиолдолд чанга хуулиар хэрэгтэнг шийтгэж чадахгүй байна. Үүний шалтгаан нь хүүхдийн амь нас дэлгүүрийн хямдхан бараа мэт мөнгөөр хэмжигддэг болсныг илтгэж байна. Хүүхэд бие эрхтэн жижиг байлаа гээд үнэлэмж нь багасдаг гэх хууль байхгүй. Гэтэл яг тийм хууль манайд үйлчилж байна. Жишээлбэл хурдан морины хүүхэд амь насаа алдсан тохиолдлууд 100 хувь нөхөн төлбөрөөр шийдэгдсэн байдаг. Мөн 2010 он гарсаар хүүхдийн бие эрхтэн амь нас хохирсон зам тээврийн болон олны анхаарал татсан хэд хэдэн хэргүүдийг авч үзвэл мөн л мөнгөний зохицуулалтаар шийдэгдсэн байхыг ажиглаж болохоор байгаа юм. Дэлгүүрт ороод харвал хүүхдийн хувцас том хүнийхээс үнэтэй байдаг болсон. Тэгвэл амьдрал дээр яагаад урвуу хамаарал үүснэ вэ?Хамгийн харамсалтай нь эцэг эхчүүд нэгэнт босоод ирэхээс өнгөрсөн гэж үзсэнээс тэр үү, аль эсвэл амьдралын боломж тааруу байдлаас болж байна уу? Харин сэтгүүлч миний бие үүнийг ялзарсан нийгмийн бузартсан сэтгэл гэж дүгнэмээр байна. Иймэрхүү байдал энэ нийгэмд улам идээших учиргүй. Тиймээс хүүхдийн төлөө дуугардаг байгууллага болон хувь хүмүүс юуны түрүүнд хүүхдийн амь насыг мөнгөний үнэлэмжээс салгаж, хууль зөрчсөн этгээдэд чанга хуулийг оноодог болох хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд олны анхаарал хүүхдэдтэй холбоотой хэргүүд эцэст нь хуулийн байгууллагаар хэрхэн шийдэгдсэн талаар баримт сөхье.
Жишээ: 1 2014 оны эхээр олон нийтийн сүлжээ болон шар мэдээний хэд хэдэн цахим сайтуудаар өсвөр насны охины нүцгэн зураг тархсан юм. “Монгол охид арай ч дээ” гэсэн тайлбартай угаалгынхаа өрөөнд нүцгэн зогсож буй нэгэн охины зураг фэйсбүүкээр цацагдав.
Арван жилийн дунд сургуулийн сурагч охин “Өргөө-1” кинотеатрын урд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад халааснаасаа утсаа алдсанаас болж ийм хэрэг гарчээ. Охины утсыг авсан “хулгайч” хувь хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, нууц зургийг нь олон нийтэд бүдүүлгээр цацсан байна. Энэ бүхнийг харсан фэйсбүүк хэрэглэгчид охины зурган дотор бүдүүлэг, доромжилсон сэтгэгдэл бичиж тэр тусмаа залуучууд “Монгол охид тэр чигээрээ биеэ үнэлэгчид болчихсон юм биш үү” хэмээн хошуу нийлүүлэн бусдыг муулж байсан.
Охин анги хамт олон, сургуулийнхаа хүүхдүүдийн өмнө нүүр хийх газаргүй, ирээдүйд амьдрах итгэлгүй болчихсон байсныг тухайн үед medee.mn веб хуудас охинтой хийсэн ярилцлагаар хүргэж байсан байна. Түүний сэтгэл хэрхэн шаналж, бусдаас ямар их ичиж буйг бидний хэн нь ч мэдэхгүй. Охины зургийг цацсан этгээдийг олох ажил тэгсхээд нам жим болов. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэг ч байгууллага ам ангайсангүй.
Жишээ:2 12 настай хүүг хөнөөсөн этгээд 3.6 жилийн ял сонсов
2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр иргэн Ш.Алтанхуяг гэгч гэгээн цагаан өдөр гарцаар гарч явсан хүүг дайрч амь насыг нь хөнөөв. Талийгаач хүүг иргэн Ш.Алтанхуяг 15 метр орчим газар чирсэн байдаг. Ш.Алтанхуягийг шүүх хурал тус оны 9 дүгээр сарын 5-нд нууцлагдмал болж мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлаас хол өнгөрсөн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 3.6 жилийн ял эдлүүлэхээр болов. Ш.Алтанхуяг өмнө нь төрсөн эгчийнхээ хүүхдийг хөнөөсөн нь тогтоогдож, 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Гэхдээ тэрбээр эдлэх ялынхаа тал хугацааны дараа Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байсан. Хоёр дахь удаагаа хүүхдийн аминд хүрээд байгаа түүнд ямар учраас 3.6 жилийн ял оноосныг албаны эх сурвалжаас тодруулахад, “Угаасаа түүнийг шүүсэн хуулийн заалтад “Таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Гэхдээ Ш.Алтанхуягийг зөвхөн хорих ялаар шийтгээд өнгөрсөн юм биш. Хэрэгтэн өөрөө талийгаач хүүгийн ар гэрт 56 сая төгрөгийн тусламж өгсөн зэрэг нь тодорхой хэмжээгээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх” гэсэн тайлбар өгч байв. Арван настай хүүгийн амь дэндүү хямдхан үнэлэгдэв.
Жишээ 3 Баяр наадмын зугаа болж 8 настай хүү амиа алдав
2013 оны 3 дугаар сарын 17-ны бүтэн сайн өдөр Ховд аймгийн Жаргалант суманд “Монгол цэргийн баярт” зориулсан хурдан морины уралдаан болж Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Н.Галбадрахын их насны морийг унан уралдаж байсан найман настай хүү нэг км орчим газар дөрөөндөө чирэгдэж, харамсалтайгаар амь насаа алдсан явдал болсон. Хүүг анх олж харсан нутгийн иргэдийн яриагаар тархи нь бяцарч, гоожсон хүүгийн цогцос танигдахын аргагүй болж, зүрх шимширмээр байдалтай байсан гэдэг.
Энэ хэрэгт хариуцлага хүлээх эзэн холбогдогч тогтоогдоогүй юм.
Хурдан мориноос унаж нас барсан хүүгийн амийн төлөөс 2 сая төгрөг
Энэ хэрэгтэй зэрэг өөр нэгэн хэрэг гарсан нь Жилдээ намар хавар хоёр
улирал уламжлал болгон явагддаг нэгэн уулын тахилганы уралдаан. Дорноговь
аймгийн Улаанбадрах суманд “Баянбогд” уулын тахилганд зориулсан хурдан морины
уралдаан. Уг уралдаан мөн л 17-ны өдөр болж гурван насны морь уралдсан
байна. Энэ үеэр Ж. Баттулгын уясан морийг унаж явсан 10-11 орчим насны хүү
мориноосоо унаж бэртэн, аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад
хэд хоногийн өмнө нас барж, хүүгийн ажил явдал уржигдар болж өнгөрсөн сурагтай.
Нутгийн иргэдийн ярьж байгаагаар хүүгийн ар гэрт Ж. Баттулга өвчтэй байх үед нь
ирж 2 сая төгрөг өгчихөөд л сураггүй алга болжээ.
Жишээ 4 “Хоёр хүүхдээ хазсан эцэг 3.6 жилийн ялаар шийтгүүлэв”
Энэ оны 3 дугаар сард Сүхбаатар дүүрэгт эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Тамлан зовоосон эцэг дөрвөн сар саатуулагдсаны эцэст суллагдсан. Одоогоор тус хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учир түүний эхнэр гурван хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж магадгүй болоод байгаа аж. Учир нь хэрэгтэн болон хохирогчийг тусгаарлаагүйгээс дахин дарамтлах нөхцөл боломжийг нээж өгснөөр хохирогчид нөлөөлж, дарамтлан, удаа дараа сүрдүүлэн улмаар хохирогч мэдүүлгээсээ буцах, гомдлоо татаж авах зэрэг тохиолдлууд гардаг гэдгийг Лантуун дохио төрийн бус байгууллагынхан хэлж байв.
Хоёр настай охин, найман настай хүүгээ танигдахгүй болтол нь хазсан эцэгт
эцэст нь шүүхээс 3.6 жилийн оноов. Эрүүгийн хуулийн 100.1 буюу
байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар тус ялыг оноожээ.
Хүүхдүүдийн гэмтэл хөнгөн гэж гарсан бөгөөд эцэг нь жирийн дэглэмтэй хорих
ангид ял эдлэх гэнэ.
Энэ талаар “Лантуун дохио” ТББ-аас мэдээлсэн бөгөөд “Ер нь энэ хэргийг дахиж
давж заалдан ахуйн шинжтэй гэр бүлийн маргаанд хамааруулж ял эдлэхгүй шахам
үлдэх сонирхол байх шиг. Хүүхдүүдийн ээжид нөхөн төлбөр гэж нэг сая таван зуун
мянган төгрөг тооцжээ” гэсэн юм.
5 настай хүүгээ заазуурдсан эцгийн хэргийг шүүхээр шийдвэрлэлээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт таван настай хүүгээ заазуурдаж, биед нь гэмтэл учруулсан гэх нийгмийг цочроосон хэрэг 2013 оны зургаадугаар сарын 10-ны өдөр гарсан билээ.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туулын задгайд оршин суух Н.Довчинжамц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү болох 5 настай Б.Идэрсүрэнг шалтгаангүйгээр зодож ар нуруу, далны доод хэсэгт заазуураар зүсэж танхайрсан болон эхнэр О.Болормаа болон өөрийн төрсөн хүүхдүүд болох Б.Идэрсүрэн, Д.Чойдорж нарыг заналхийлж, биеийг нь хазаж, байнга зодож тарчлаасан хэргүүдэд нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Довчинжамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэргийг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүхээр хянан хэлэлцээд, Н.Довчинжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 7 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх жишээнүүд манай улсад хүүхдийн хүчирхийлэл ямар байгааг харуулна. Хүүхдүүд дөнгөж 1-2 наснаасаа гэмт үйлдлийн золиос болж шүүх хурлын гэрч болцгоож байна. 5-12 насандаа биедээ онц хүнд хэмжээний бэртэл авах, морь малд чирэгдэн амиа алдах байдал үүсчээ.
Гэтэл өнөөдөр хүүхдийн эрх ярихаараа ээж аавууд хүүхдээ загнахаа больё, хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээ болино, багш нар хүүхдэд гар хүрэхгүй гэх зэрэг тулга тойрсон өчүүхэн зүйл ярьж ямар ч шийдэлд хүрэлгүй жилээс жил тойрсоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ