Сайд, мээр хоёр 10000 багштайгаа уулзлаа

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр анх удаа хотынхоо сургууль, цэцэрлэгийн бүх багш нартай хоёр ээлжээр уулзлаа. Өмнө нь ийм уулзалт Монгол улсад болж байсангүй. Өөрөөр хэлбэл нэг ээлжиндээ 5000, хоёр ээлж нийлээд 10000 хүн багатах “сав” манайд байгаагүй нь нэг шалтаг байсан биз. Харин хот ийм уулзалт хийж болдог гэдэг шан татлаа. Уулзалтанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцож, сайд, мээр хоёр хамтран багш нартайгаа сэтгэлээ нээн ярилцсан юм.

2010 онд нийслэлийн боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр сургуулийн суудлын тоо 4440, цэцэрлэгийн орны тоо 1900-гаар нэмэгдэж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд дорвитой ахиц гарчээ. Нийслэлийн Засаг дарга нийгмийн салбарт тэр дундаа хүүхэд рүү чиглэсэн олон арга хэмжээ авсан бөгөөд эдгээрт 80 сая төгрөг зарцуулсан байна. Нийслэлээс зохион байгуулсан арга хэмжээнүүд ялангуяа орчноо зүлэгжүүлэх, ногоон хот болгох ажилд сургууль, багш нар идэвх санаачилгатай ажилласан тухай хотын дарга мэдээлэлдээ тэмдэглэсэн. 2011 онд 320-920 хүүхдийн суудалтай 7 сургууль, 75-150 ор бүхий 11 цэцэрлэг, 3 сургуулийн спорт заал, 4 сургуулийн гадна биеийн тамирын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаагаа мээр багш нарт дуулгасан. “Багш та бүхэн бол хүмүүнийг хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгчид билээ. Нийслэлийн хэмжээнд энэ оныг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил“ болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын салбарыг “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн жил” болгон ажиллах зорилго байна. Энэ үйлсийг ажил болгоход та бүхний хувь нэмэр асар их билээ. Мөн “Их хотын соёлтой иргэнийг” төлөвшүүлэх ажлын эхлэл сургууль, цэцэрлэгээс эхлэх нь илүү үр дүнтэй бөгөөд эрхэм багш та бүхний санаачилга, сэтгэл зүтгэл юу юунаас илүү тустай байх болно” хэмээн багш нарт хэлсэн Нийслэлийн Засаг даргын үгийг тэд талархан хүлээж авсан. Багш нартай уулзахад урамтай ажээ. Гэгээлэг, оюунлаг багш нар маань аар саархан юмаар хөөцөлдөлгүй, сургууль орчноо сайжруулах, хүүхдийн ирээдүйд илүү анхаарал хандуулахыг сайд, мээр хоёроос хүсч байлаа.

Хүүхэд шигээ сэтгэл нь цагаан багш нар ханын дэлгэц дээр гарах өөрсдийн дүрсийг хараад хөөрөн баясаж харагдах нь бяцхан шавь нараасаа ялгарах юмгүй мэт. Ийм нэгэн сэтгэл татам уулзалт болж хотын дарга Г.Мөнхбаяр, багш нарынхаа эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүдээр дамжуулан урдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байхаар болсон бол тэтгэвэрийн насны багш нарыг орон сууцны зээлээс хасдаг, тэтгэвэрт гарах дөхсөн нэгнийг нь ийм зээлд хамруулдаггүй зэрэг асуудлыг багш нартаа ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэдгээ амлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ