2011 онд зарим ЕБС-иудыг спорт заалтай болгохоор төлөвлөжээ
Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхний дунд биеийн тамирыг түгээх тэднийг багаас нь бие бялдрыг нь хөгжүүлэх, спортод татан оролцуулах хэрэгтэй гэж ярьж байгаа хэдий ч спорт заал талбайн хүрэлцээ хангамж муу байгаа. Харин БСШУЯ-наас энэ онд зарим ЕБС-иудыг спорт заалтай болгохоор төлөвлөж байгаа ч энэ ажлыг 100 хувь хийх боломжгүй учраас шат дараатай хэрэгжүүлнэ гэж албаныхан хэлж байна. Тэгвэл стандарт хэмжээгээр бол нэг хүнд спорт заал талбай 2м2 байх ёстой. Гэтэл МУ-ын нэг хүнд ноогдох спорт заал талбайн хэмжээ ердөө 22-хон см байгаа нь нэг хөлний хэмжээтэй адил гэсэн үг. БСШУЯ-ны сургалтын газраас гаргасан статистик судалгаагаар 2009 онд улсын хэмжээнд 755 ЕБС үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Үүнээс төрийн өмчийн 605, хувийн хэвшлийн 150 сургууль байдаг. Нийт 755 сургуулийн 607 нь биеийн тамирын заалтай. Төрийн өмчийн сургуулиас 557 нь спортын заалтай бол төрийн өмчийн бус сургуулиас ердөө 50 нь биеийн тамирын заалтай байжээ. ЕБС-ийн биеийн тамир, спортын заалтай сургуулийг хувиар тооцож үзвэл 80,4% нь л заал танхимтай байх юм. Ард түмнийхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх Засгийн газрын 05-р тогтоол 2010 онд гарсан. Тэгвэл томчууд гэхээсээ хүүхэд багачууд өсвөр үеийнхнийг спорт биеийн тамираар чийрэгжүүлэх, ийм орчин нөхцлөөр бүрэн хангаж өгөх зайлшгүй шаардлага урган гарч байна. Олимп тив дэлхийн аваргууд, улсынхаа нэрийг дэлхийд гаргах тамирчдыг бага балчраас нь бэлтгэж тэдний эрүүл мэнд цаашлаад чийрэг хүн болж өсөж бойжиход анхаарая гэвэл юун түрүүнд заал танхимтай болгох хэрэгтэй бизээ. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ