№2. Дуулиан, Бэрхшээл, Гэмт хэрэг.
Оны онцлох 8 үйл явдлыг Shuud.mn сайт уншигчидтайгаа хамтран тодруулахаар эхний нийтлэлээ гаргаж оны шилдэг Амжилт. Бүтээн байгуулалт, Айлчлалд та бүхний саналыг авсан билээ. Улирч буй энэ оны Амжилт, Бүтээн байгуулалт, Айлчлалыг тодруулахаар санал асуулгад идэвхтэй оролцсон та бүхэндээ талархахын ялдамд Оны Дуулиан, Оны Гэмт хэрэг, Оны Бэрхшээлийг хамтдаа тодруулцгаая. Эдгээр номинацид “өрсөлдөгч”-дийн хэн нь ялагч вэ гэдгийг эрхэм та бүхний санал асуулгын үр дүн шийдэх юм. Ингээд онцлох үйл явдлуудыг нэрлэе
ОНЫ ОНЦЛОХ ДУУЛИАН
Ц.Элбэгдорж & Барак Обама
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцсон орон орны Төрийн тэргүүн нарын зураг Монголд төдийгүй дэлхий дахинд дэгдсэн ДУУЛИАН-ны нэг яах аргагүй мөн.
Төрийн тэргүүн нарын зургийг авах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гараа өргөн хэн нэгэнтэй мэндчилсэн. Гэтэл түүний гар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг хааж таарсан нь байнга паппараци хайж явдаг гярхай зурагчны хараанд өртөж улмаар дэлхий дахинд дуулиан тарив. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгч Монгол улсын Ерөнхийлөгчийн нүүрийг тагласан эл дуулиант зургийг “Пүүл” агентлагийн фото сурвалжлагч Аилан Танненбаум фото хальсандаа буулгаж, “ABC news” цахим хуудсанд нийтлүүлсэн юм.
Уг зураг цахим хуудаснаа гарсны дараахан АНУ-ын Төрийн тэргүүн нэлээд шүүмжлэл сонсч, Монгол улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйхыг шаардсан хүсэлтэд “дарагдсан” хэдий ч уучлал гуйх асуудал тэгсхийгээд намжсан. Харин Цагаан ордны Дипломат ёс зүйн хорооныхон Б.Обамагийн үйлдэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ДУУЛИАН дэгдээв
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой нотлох баримтуудыг хэвлэлийнхэнд дэлгэж ДУУЛИАН дэгдээв. Тухайн үед гарсан үймээний үеэр таван хүний амь нас эрсэдсэн боловч өдгөө хүртэл эзэн холбогдогч нь тодорхойгүй байсан билээ. Гэтэл энэ хэрэгт холбоотой баримт буюу цагдаагийн өдрийн тэмдэглэлийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийнхэнд тараасан нь амиа алдсан иргэдийн ар гэрийхэнд багахан ч атугай итгэлийн оч гялсхийлгэсэн юм.
Цагдаагийн өдрийн тэмдэглэлд иргэд рүү буудсан цагдаа нарын нэр ус бүр цолтойгоо дурьдагдсан төдийгүй иргэд рүү буудсан хэргийн ул мөрийг хэрхэн яаж баллах талаар заавар зөвөлгөө өгч буйг бичжээ. Түүнээс гадна цагдаа нарт хэдэх үгийг нь хүртэл зааж өгч байсан тухай тэмдэглэсэн байна. Тухайлбал, 2008.07.02-ны өдөр “Дарга өрөөндөө нэг нэгээр нь оруулж халуун сав барьсан настай эрэгтэй хүн “Гадаад явдлын яамны урдаас хойд чигт, цэнхэр өнгийн суудлын автомашин, маш хурдтай гарч ирээд биднийг буудаад байна” гэж хэлсэн гэж хэлээрэй гэв. С.Даржаа дарга яг ингэж хэлээрэй гэсэн”. 2008.07.03-ны өдөр А/а Мандах: Д/ х Мягмаржавтай хамт явахдаа би нэг залуугийн хөл рүү чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а Батдорж мэдэж байх юм гэж яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг надад ярьж байхад д/а Ариунболд, Ганбаатар бид хэд өдрийн хоолоо ангийн гуанзанд идэж байсан юм. Мөн энэ өдөр ангийн үүдэнд хоёрдугаар тасгийн хэдэн цагдаа байсан. Цагдаа Жавхаа ярихдаа: Ангийн захирагч х/а Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд буудаж унагахыг харсан, сайн бууддаг юм билээ гэж ярьсан.
2008.07.04-ны өдөр, Д/а Ганбаатар 8 цаг 45 минутад бид хөдөллөө, буудсан сумуудаа түүгээд ав. Одоо сургуулийн сум гэж хэлэх болсон шүү гэж хэлэв.
-Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х Даржаа таван ширхэг буудсан сургуулийн хонгио өгч самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл гэв. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х Ганбаатар “Сургуулийн сумаар буудсан гэж хэл прокурорт үг алдаж бусдыгаа чирч гай болов” гэв. Энэ өдөр зургадугаар тасгийн а/а Гансүх, а/а Мөнхбаяр, жолооч Сүхбат, д/а Ганбаатар а/а Батдорж нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ нийлүүлэв /Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв/ гэхчилэнгээр бичсэн нь ДУУЛИАНТ долдугаар сарын нэгний ДУУЛИАНТ хэрэг илчлэгдэж магадгүй ДУУЛИАН боллоо.
Цунамийн гамшиг Монголыг ч бас ЦОЧООВ
НАМИГуравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 14:46 цагт Японы зүүн хойд эргээс 120 км-ийн зайд, 20 км-ийн гүнд 8.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 10 м хүртэл өндөр давалгаа бүхий цунами үүссэн юм. Энэ нь яваандаа хүчээ авч 39,9 метрт хүрч байсан төдийгүй хамгийн өндөр хэсэгтээ 40 метр хол давсан тухай эрдэмтэд тогтоосон юм.
Эргийн бүс нутгийн 2100 км урт газар нутаг усанд автсан төдийгүй эрэг орчмын тосгонууд цунаминд хүчинд автаж далайн усанд үйсэн. Цунамийн улмаас 20 орчим мянган хүн амь эрсдэж, гамшгийн хохирлын хэмжээ 123 тэрбум ам.долларт хүрсэн юм.
Цунамийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн бүхнийг сэргээн босгох ажил таван жил үргэлжилж, 235 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон билээ.
ОНЫ ОНЦЛОХ ГЭМТ ХЭРЭГ
Б.Эрдэнэбилэг цаазын ял сонслоо
Баянзүрх дүүргийн нутаг дэвсэгт оршин суугч М-ын гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэрэг өнгөрөгч долодугаар сард гарсан юм. Хувийн өс хонзон санасан Б.Эрдэнэбилэг гэгч нь М-ыэ гэрт шөнийн цагаар нэвтэрч гэрийн эзнийг зургаан удаа, эхнэрийг нь таван удаа хутгалж амийг нь бүрэлгээд зогсохгүй охин Ү- г нь хүчирхийлэн хөнөөсөн хэрцгий хэрэг үйлдсэн билээ.
Эх сурвалжийн хэлэхээр Б.Эрдэнэбилэг нь талийгаач Ү-тэй дотно харилцаатай байсан гэдэг. Тэрбээр эл хэргийг үйлдэхээсээ өмнө буюу 2009 оны зургадугаар сард архи уусан үедээ хүний амь нас хөнөөж, дээрэм, хүчин, танхайн хэргийг нэг дор үйлдсэн хэрэгт татагдаж шалгуулж улмаар хэрэг нь гурван шатны шүүхээр явсаар батлан даалтад гарсан аж. Батлан даалтад гарсан зунаа дээрх ноцтой хэргийг үйлдсэн юм. Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноов.
Хүн барьцаалсан хэрэг гарав
Тахилтад хадам эхийнхээ амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан хэрэг өнгөрөгч зургадугаар сард гарсан юм.
Тухайн үеийн мэдээллээр уг хэргийг Багануур дүүргийн харьяат 25 настай Ч.Энхээ гэгч үйлдэхдээ хувийн маргааны улмаас нүүрэндээ баг зүүн эхнэрийнхээ ээжийн амьдардаг байшингийн яндангаар орж хадам эх болох 45 настай Б-г мэсээр хоолойг нь хэрчин хөнөөсөн юм.
Улмаар 85 настай эмэг эх Б-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан билээ. Үүгээр ч зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалсан, танхайн сэдлээр хүний амь хөнөөөсөн хэрэгт нь Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял оноосон
PC тоглоомын газарт хүний амь эрсэдэв
Монгол Улсын Их сургуулийн хичээлийн тавдугаар байрны ойролцоохи PC тоглоомын газарт хоёр хүн амь үрэгдсэн ноцтой хэрэг гарсан юм. Тоглоомын газрыг түрээслэгч 30 орчим насны эрэгтэйг 20 гаруй насны эрэгтэй “ТОЗ-8” маркийн буугаар хөнөөгөөд улмаар амиа хорлосон хэрэг гарч дуулиан дагуулж байв.
Хэргийн талаар нэхэн сануулахад “Манай найз гурав хоногийн өмнө, би найзыгаа буудчихлаа” гэсэн мессежийг найзууд руугаа явуулснаар цагдаагийн газрынхан шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын явцад М гэгч залуу маргааны улмаас найз болох 30 настай эрэгтэйгээ хөнөөж улмаар өөрийгөө егүүтгэсэн хэргийг үйлдсэн юм. Уг хэргийг үйлдсэн эзэн холбогдогч нь нас барсан тул харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хавтаст хэргийг хаасан билээ.
ОНЫ ОНЦЛОХ БЭРХШЭЭЛ
Догшин инфляци
Оны бэрхшээлүүдийн нэг инфляцийн өсөлт байсан гэдэгтэй эрхэм та санал нийлэх болов уу. Инфляцийг тооцож гаргахын тулд үнэ дээр нь заавал судалгаа хийдэг, хэрэглээний үнийн сагсны 287 бараа үйлчилгээний 215 ширхэгийнх нь үнэ есдүгээр сард өссөнийг ҮСХ-ноос мэдээлсэн юм. Харин арваннэгдүгээр сард инфляци өмнөх сарынхаас 1.3 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 8.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчихлөө. Буруутан нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ лээ. Төв банкны ерөнхийлөгчийн хэлж буйгаар энэ жилийн инфляцийн 30 орчим хувийг махны үнэ бүрдүүлсэн гэсэн. Тиймээс махны нийлүүлэлтийг сайжруулаад үнийг нь өнгөрсөн оны төвшинд аваачвал инфляци 2-3 нэгжээр буурч, арван хувь руугаа ойртох боломж байгаа гэсэн юм. Ер нь бол инфляцийн өсөлтөд түлшний хомсдолоос хамааралтайгаар нийтийн тээврийн үнэ өссөн нь нөлөөлсөн байгаа. Бүр ихээр нөлөөлж байгаа нь улстөрчдийн өгөөмөр сэтгэл. Тодруулбал, бэлэн мөнгөний тараалт, төсвийн хэт тэлэлт гэдгийг Монголбанкнаас анхааруулж ирсэн. Улмаар 1 их наядыг төсвийн зарлагаас таначихвал инфляцийг 2 оронд барина гэсний араас улстөрчид нэлээдгүй танаж баярлуулсан ч, дахиад төсвийн төсөлдөө тодотгол хийхээр болоод байна. Төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмэхийн төлөө ийм шийдвэр гаргаж байгаа юм. Магадгүй, тодотгоод цалин нэмчихвэл ОУВС болоод Дэлхий банкнаас анхааруулаад байгаачлан инфляци 20-25 хувь хүрэхгүй гэх газар үгүй болов уу.
Түгжрэл чамайг алдаршуулъя
Их хотын иргэн бүрийн яс махаараа мэдэрдэг нэгэн бэрхшээл бол замын түгжрэл. Улаанбаатарын гудамж бүрээр дүүрэх шахуу 200 шахам мянган авто машины үүсгэдэг түгжрэл ёстой л дөрвөн зүг найман зовхисыг хамрах болжээ. Тиймээс Оны бэрхшээлээр замын түгжрэлийг нэрлэж байна. Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы танхимд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн билээ. Мэдэгдлээс нь үзэхэд 2017 он гэхэд хотын түгжрэл шингэрэх нигууртай ч юм шиг.
Юу гэхээр 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн гэнэ лээ. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина гэсэн. Ерөнхийдөө бол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарчууд Түгжрэлд баяртай гэж хэлэх шахуу юм л яригдаад байгаа. Гэтэл нөгөө талд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр нь хөрөнгө мөнгөний гачаалтай байгаа шүү дээ. Ийм байхад алдарт түгжрэл маань шингэрэх цаг хэзээ бол?
Гамшиг буюу Утаа...
Уг нь бол утаа энэ оных төдийгүй сүүлийн жилүүдийн турш хүчтэй бэрхшээл байж ирсэн. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Улаанбаатар тодорчихоод байхад 2011 оны бэрхшээлд утааг оруулахгүй өнгөрөөж хэрхэвч боломгүй байна. Түүнийг арилгахын төлөө тэрбумаар хөрөнгө мөнгө зараад л байдаг. Гэхдээ л тэр бэрхшээл хэвээрээ байна. Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах хувилбаруудыг судалгаагаар гаргасан байгаа юм. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамран явуулсан судалгаагаар агаарын найрлага дахь тоосонцорт ( PM2.5 -нарийн тоосонцор болон PM10 -бүдүүн тоосонцор) өдөр тутам өртөх нь зуурдын нас баралтын тохиолдлыг жилд дундажаар 1600-аар[1], уушиг зүрхний өвчлөлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог дунджаар 8500[2] -аар тус тус нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээр эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн эдийн засгийн өртөг нь Улаанбаатар хотын 2008 оны ДНБ-ий тавны нэгтэй тэнцэх хэмжээний үнийн дүнгээр илэрхийлэгдэж байна. Агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг жилийн дундажаар хэмжиж үзэхэд Монгол улсын агаарын чанарын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлттэй гарчээ. Агаарын найрдлага дахь тоосонцорын агууламж ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг, оршин суугчдын дийлэнх нь нүүрсээр халаадаг зуух хэрэглэдэг гэр хорооллын бүсүүдэд илүү өндөр үзүүлэлттэй гарсан байна. Мөн Улаанбаатар хотын хэд хэдэн цэгүүд дэх тооцонцорын хэмжээ дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй тийм өндөр хэмжээнд хүрсэн байна. Энэ хэмжээний бохирдолд хүний эрүүл мэндэд хамгийн их хор уршигтай PM2.5 буюу нарийн тооцонцорын үзүүлэлт бас орсон байна. Агаарын найрлага дахь тоосонцорын агууламжийн хэмжээг Монгол улсын агаарын чанарын стандартын хэмжээнд хүргэж, бууруулахын тулд тоосонцорын ялгарлын хувийг 90-ээс илүү хувиар бууруулах шаардлагатай байгааг судалгаа харуулж байна.
8 дахь удаагийн их хомсдол
Монголчууд нефтийн бүтээгдэхүүний 8 дахь удаагийн хомсдолыг энэ онд үзэцгээв. Оросоос нефтийн бүтээгдэхүүний 98 хувийн хамааралтай бид 2011 он үзсэн бэрхшээлүүдийн нэгээр яах аргагүй шатахууны хомсдолыг тодотгон нэрлэх хэрэгтэй болж байна. АИ-92, АИ-80 бензиний үнийг импортлогчид хэд хэдэн удаа нэмлээ. Хомсдолоо шийдээд сайхан наадлаа гэж байтал нефть импортлогчид зөрүүдлэж үнэ нэмсэн. Шалтгаан нь оросууд автобензинүүдийн үнээ тонн тутамд нь 100-201 ам.доллараар нэмэгдүүлсэн Оросын Роснефть компани наймдугаар сард дахин 2 доллараар өсгөхөөр болчихоод байгаа учраас хэмээн тайлбар хийж байсан. Түлшний хомсдолыг дагаад нийтийн тээврийн үнэ, бусад бараа үйлчилгээний үнэ өсч инфляцийн төвшин өсөлттэй гарч байсан билээ. Хэдийгээр Засгийн газар түлшний хараат байдлаас гарахын тулд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, шав тавьсан зэрэг арга хэмжээ болсон ч, үр дүнг нь хартал багагүй хугацаа шаардлагатай юм. Тэрчлэн энэ сард Засгийн газраас шатахууны нөөцийг 2-3 сараар бүрдүүлэх шийдвэрийг гаргаад байна. Шийдвэрийн хүрээнд шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг салбарын хэрэгцээг 15 хоногоор хангах зорилгоор автобензинийн улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийг Эрсдэлийн сангаас гаргахаар болсон. Мөн салбарын яамны зүгээс дахин хомсдол үүсэхгүй гэж мэдэгдэж буй. Гэхдээ энэ нь 100 хувь найдвартай гэсэн үг биш. Салбарын эрхмүүд ингэж хэлцгээж л байдаг. Тэгээд л хомсдол үүсчихээд л байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ