NBA эхэллээ: Бостон Селтикс

img

Удтал хүлээлгэсэн NBA-гийн шинэ улирал зул сарын баяраар шилдэг багуудын өрсөлдөөнөөр эхэллээ. Ингээд баг тус бүрийг шинэ улирлын эхэнд хэр зэрэг өнгөлөг бөгөөд чансаатай байгаа тухай, багийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийн тухай мэдээллийг цувралаар хүргэе. NBA-гийн бүх цаг үеийн түүхэнд төдийгүй яг одоо үед хамгийн хүчирхэг багуудын нэгт зүй ёсоор бичигдэж буй Бостон Селтикс баг улирлын эхний тоглолтоо Нью-Йорк Никс багтай хийсэн юм. Тэд улирлын эхний тоглолтдоо ганцхан бөмбөгийн зөрүүгээр хожигдсон. Үнэндээ Нью-Йорк Никсээс Кармело Энтони талбайд гайхалтай байсан нь энэ хожигдолд гол нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ ганцхан бөмбөгийн зөрүүгээр хожигдсон улирлын хамгийн эхний тоглолтын үр дүнгээс Бостонг үнэлэх ёсгой билээ. Бостон Селтиксийн хувьд NBA-гийн багуудаас хамгийн хөгшин бүрэлдэхүүнтэй гэгддэг энэ жил ч тэр бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт гараагүй. Гэсэн хэдий ч тэдний эгнээнд өмнө нь NBA-д үзэгдэж байгаагүй шинэхэн залуус орсон. Хамгаалагчийн байрлалд И Тваун Мур, төвийн тоглогчоор Грег Стемсма хэмээх хоёр шинэ цэрэг энэ сарын эхээр гэрээгээ хийж NBA-гийн карьераа эхэлсэн. Мөн Орландо Мэжикээс Брэндон Бассыг довтлогчоор авсан нь Бостоны карьерт тун эерэгээр нөлөө үзүүлэх магадлал өндөр байна. Тэрбээр Нью-Йорктой хийсэн тоглолтод сэлгээний суудлаас 27 минут гараанд гарч 20 оноо аван тун давгүй тоглолт үзүүлсэн. Энэ нь ч түүнийг шинэ багтайгаа гар нийлж хурдан идээшихийн шинж. Хэдийгээр зарим хүчний тоглогчдоо өөр багууд руу үдсэн ч  хашир туршлагатай Жермэн О Нил, энэ жил 16 дахь улиралдаа тоглож байгаа домог болсон Гарнетт нар дээр хүчний байрлалд тоглох шинэ цэргүүд Грег Стиемсма, Крис Вилсокс, Брэндон Басс нараар хүч нэмэгдүүлж улирлыг өнгөтэй эхлүүлж байна.  Улирлын эхний тоглолтод Ражон Рондо багуу тэргүүлэн 31 оноо авч өөрийнхөө бэлтгэл дээд цэгтээ байгааг харуулсан. Багийн гол онооны машин Пол Пирс нэлээд хэдэн тоглолтыг өнжих хэрэг гарвал мэдээж тэдэнд хүнд байх болно. Ер нь Пол Пирсгүйгээр Бостонг төсөөлөхөд хэцүү л дээ. Түүнийг эргэж ирсний дараа Бостон конференцээ итгэл төгс тэргүүлэх биз ээ. NBA-д нийтдээ 17 удаа буюу хамгийн олон удаа түрүүлсэн Бостон 2008 оноос хойш аваргын цомыг өргөөгүй байгаа. Тэдний тоглолтын гол цөмийг бүрдүүлдэг Кевин Гарнетт, Пол Пирс, Рэй Аллен нарын хувьд энэ жил магадгүй алдаж болохгүй сүүлийн улирал ч байж мэднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ