Г.Пүрэвбаатар: Би ”Монстер” шоунд оролцсоноор аавынхаа эцсийн хүслийг биелүүлж чадсан
Монстер шоуны ивээн тэтгэгчдийн шагналт Г.Пүрэвбаатартай ярилцлаа
-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? - Сайн байцгаана уу? shuud.mn-н уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ганбаатарын Пүрэвбаатар гэдэг. Одоо Зуун билэг дунд сургуулийн 4-р ангид суралцдаг. 8 настай. Бүүр багаасаа дуулж бүжиглэх сонирхолтой байсан. Тэр хүслээрээ одооч гэсэн дуулаад л явж байна. Харин тв8 телевиз хурд хамтлагтай хамтарсан “Монстер” шоундаа 490 дугаартайгаар оролцсон. Тэгээд чамгүй амжилт гаргасандаа би их баяртай байгаа.
- Анх “монстер” шоунд ямар зорилгоор оролцсон бэ. Тэрхүү зорилго нь биелсэн үү. - Анх бол би өөрийгөө туршиж үзье миний авъяас цаашид илүү ихээр хөгжиж чадах нь уу, урлагт надад ирээдүй байна уу гэдгээ шалгаж үзье гэж оролцсон. Бас аав маань тэр үед их хүнд өвчтэй байсан. Тэгээд түрүүлчихвэл авсан шагналынхаа мөнгөөр аавыгаа эмчүүлэе гэсэн бодолтой байсан.
- Тэгээд аавыгаа эмчлүүлж чадсан болов уу? - Харамсалтай нь манай аав “монстер” шоуны төгсгөлийг үзэж чадаагүй өнгөрсөн. Намайг 4-р шатанд орох гэж байхад өөд болсон. Гэхдээ би аавыгаа бага ч гэсэн баярлуулж сэтгэлийг нь амрааж чадсан гэж боддог . Аав намайг “монстер” шоундаа түрүүлээрэй гэж захиж байсан. Хэдий тэргүүн байрыг нь аваагүй ч би энэ олон том том ах эгч нартайгаа хамт оролцож тусгай байранд орсондоо маш их баяртай байгаа.
- Их харамсалтай юм болсон байна. Гэхдээ аав нь “монстер” шоуны үеэр хүүгээрээ их л бахархаж байсан байх даа. Үзэгчид чамайг маш их дэмжиж байсан шүү дээ. - Тэгэлгүй яахав надаар бахархаж байсан. Тэр дундаа би “монстер” шоуны 3-р шатанд МУГЖ Төмөрбаатар ахын дуулдаг “Миний улаанбаатар” гэдэг дууг дуулсан Тэр дуулалт үүзэгчдэд бас шүүгчдэд илүү их хүрсэн гэж боддог. Тэгээд шүүгчдийн зүгээс намайг шоуны зөвлөх шүүгч МУГЖ Төмөрбаатар ахтай хамтарч дуулаач гэсэн санал хэлээд бид 2 хамтарч дуулсан. Манай гэрийхэнд төдийгүй надад ч үнэхээр сайхан байсан. Намайг дуулж байхыг хараад аав минь маш их баярлаад уйлж байсан. Одоо ч гэсэн аавын минь баярласан сэтгэл нь миний нүдэнд харагдсаар л байдаг.
- Тэгвэл чамд одоо эргээд бодоход шоуных нь 3-р шатнаас эхлээд л дурсамжтай мөч олон байжээ. - Дурсамжтай үе гэвэл зөндөө байгаа. Хамгийн анх би тайзны ард хөтлөгч Амгаа ахтай тоглоод сууж байхад “за ахын дүү амжилт хүсье” гээд бөмбөрчин Сайнбаяр ах нуруу руу чанга цохиход аймаар цочоод шоконд орж байсан. Одоо бодоход үнэхээр инээдтэй. “Монстер” шоу гэж бодохоор л яг тэр санаанд ороод байдаг юм. /инээв/ Тэгээд байнга л манай оролцогч нар хамт байсан болохоор хөгжилтэй дурсамжтай зүйлүүд зөндөө л байдаг.
- Шоундаа оролцож байхад юу нь илүү таалагдаж байсан бэ. - Манай “монстер” шоунд оролцсон хүүхдүүд надтай маш гоё дотно харилцаж байсан нь их таалагддаг. Бас шүүгчид шудрага үнэн зөв шүүж байсан нь гоё. Тэгээд л надад зөндөө олон боломжууд бас дурсамжууд үлдээсэн болохоор шоу тэр чигээрээ л таалагдсан. /инээв/
- Шагнал авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ? Энэ шагнал нь чиний хувьд ямар өөрчлөлтүүдийг авчирсан бол. - Анх бол ерөөсөө итгэлтэй байгаагүй ээ. /инээв/ яагаад гэвэл сайн сайн дуулдаг том ах эгч нартайгаа өрсөлдсөн болохоор би ерөөсөө шагнал авахгүй байх гэж бодож байсан. Тэгээд намайг ивээн тэтгэгчдийн шагналаар Пүрэвбаатар гэхэд гайхаад л зогсоод л байсан. Энэ шагнал миний хувьд урьд нь оролцож байсан бүх тэмцээнээс хамгийн том нь байсан. Нэр хүндийх нь хувьд ч тэр надад өгсөн мөнгөн шагналын хувьд ч тэр. Манай гэрийхэн ч их баярласан. Тэр шагналаа аавынхаа эмчилгээнд зарцуулж амжаагүй болохоор ээж бид 2 банкинд хадгалуулчихсан байгаа.
- Нууц биш бол банкинд мөнгөө цуглуулж хадгалуулаад юу хийе гэж зорьж байна. - Нууц бишээ. /инээв/ Би анх л “монстер” шоунд орохдоо аавыгаа хөл дээр нь босгоно гэж бодож байсан. Хэдий тэр хүсэл минь биелээгүй ч би аавдаа зориулж CD гаргах гэж байгаа. Тийм болохоор ээж бид 2 олсон бүх л мөнгөө хадгаламжиндаа хийчихдэг. Тэнгэр дээрээс аав намайг харж байгаа гэж би боддог. Тийм болохоор тэр гаргасан CD-нд маань аав их баярлана.
- Чи ер нь их хатуужилтай байхаа. Аав нь хорвоог орхиж явсан ч “монстер” шоундаа эрч хүчтэй хэвээрээ л оролцож дуусгасан. Бас амжилт ч гаргасан. - Ер нь л хатуулжилтай гэж боддог шүү. Би аавыгаа өнгөрөхөд л уйлсан Дараа нь дахиж уйлаагүй ээ. Уйлж болохгүй гэж боддог. Одоо би гэрийн эзэн болсон болохоор хичээл номоо сайн хийж, уран бүтээлээ сайн гаргаж, ээж эгч хоёрыгоо сайн харах ёстой. Тэгээд ч хэдий аав мнь тэнгэр лүү явсан ч “монстер” шоунд оролцож амьд сэрүүнд нь баярлуулж чадсан.
- Чамд маш их баярлалаа. Манай уншигчдад илэн далангүй яриа өрнүүлсэнд. Дүүдээ хамт олныхоо өмнөөс сурлагын болон урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе. - Баярлалаа. Танай уншигчдад болон сайтын хамт олонд ажлын амжилт хүсье. Намайг “монстер” шоунд үргэлж дэмжиж байсан үзэгчиддээ баярлалаа. Дээр нь дандаа хамт байдаг гэрийхэндээ хайртай шүү. Хүү нь та нарыхаа итгэлийг алдахгүй ээ. Ингээд эцэст нь бүх монголчууддаа удахгүй болох сар шинийн мэнд хүргэе.
- Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ