
Өнөөдөр МҮОХ, БТСГ, Скай резорт ОУ-ын стандартын цанын бааз, Монголын цанын холбоо, хамтран Сочи-2014 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд 4 тал гарын үсэг зурлаа.
Австрийн Инсбрук-2012 залуучуудын өвлийн олимпийн анхдугаар наадам эхлэхэд 18 хоног үлдээд байна. Өвлийн олимпийн наадамд гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөнө.
Энэ наадам хаалга тогшиж байгаа мөчид нэгэн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Сочи-2014 хөтөлбөр нь 2014 оны өвлийн олимпийн наадмыг дуустал үргэлжлэнэ. 4 талын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжих энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд илүү өргөн цар хүрээнд буюу өвлийн спортыг олон улсын жишигт хүргэхэд чиглэгдэж байгаа юм байна.
Ингэснээр өвлийн спортын төрөл хөгжих нэг үндэс суурь нь тавигдаж байгааг албаныхан онцлон хэлж байлаа.
“Сочи-2014” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын тамирчдын амжилтыг олимп, тив дэлхийн наадмын амжилтын түвшинд хүргэх, өвлийн спортын хөгжлийг ОУ-ын жишигт хүргэх, цанын спортоор хичээллэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, өвлийн улиралд иргэдийг цэвэр агаарт биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжийг бүрдүүлэн эрүүл чийрэг байлгахад оршиж байгаа.
Мөн тэднийг цанын спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ОХУ-ын “Сочи-2014” Олимпийн наадам, Пара олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын бүх талын бэлтгэлийг хангах юм байна.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар "Скай резорт" компанийн гүйцэтгэх захирал А.Батсуурь, дэд захирал н.Сугарсүрэн нарыг БТС-ын 90 жилийн ойн медалиар шагнав.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ