Сангийн сайд Сэлэнгийн сайн малчдад шагнал гардууллаа
Монгол улсын засгийн газар жил бүрийн цагаан сарын өмнөхөн тухайн жилийн Улсын сайн малчдыг шалгаруулдаг уламжлалтай. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгаас төрөн гарсан “Улсын сайн малчид”-ын хот гэрийг зорин очиж, шагналыг нь гардууллаа.
Сэлэнгэ аймгийн хувьд улиран өнгөрч байгаа бар жилд хамгийн олон аваргуудыг төрүүлсэн амжилтаараа манлайлж байгаа. Энэ жил Сэлэнгэ аймгаас Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав нар “Улсын сайн малчин”-аар шалгарсан юм. Тэд удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан. Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хандив туслалцаа үзүүлэх, нутаг орныхоо өрхийг малжуулах, ажлын байр бий болгох, залуу малчдад арга туршлагаа зааж сургах чиглэлээр нутаг усандаа манлайлсан зэрэг амжилтаар ийнхүү “Улсын сайн малчин” болсон юм.
Сангийн сайдын очсон эхний хот айл бол Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ байлаа. Ч.Эрдэнэ 30 жил мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 22 жилийг “Алтайн улаан ямаа”-ны эрдэм шинжилгээний ажлын туршилтын суурийг малласан байна. Тэрээр сүүлийн жилүүдэд сум, орон нутгийнхаа цөөн малтай иргэдийг малжуулан ажлын байр шинээр бий болгоход зориулж 200 гаран толгой малыг иргэдэд олгон, нэг өрхийг туслах малчнаар ажиллуулж байгаагаа Сангийн сайдад танилцуулсан юм.
Дараагийн шагнал гардан авсан “Улсын сайн малчин” бол Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав байв. Тэрээр сүргийн зохистой бүтэц, малын чанарт анхааран ажиллаж, малаа жил бүр мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд бүрэн хамруулснаар малын зүй бус хорогдолгүй эрүүл сүрэгтэй болсон байна. Үүний хамт сум, орон нутгийнхаа цөөн малтай иргэдийг малжуулах, иргэдийн ахуй амжиргааг дээшлүүлэх чиглэлд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, 400 гаран толгой малыг иргэдэд олгон, дөрвөн өрхийг туслах малчнаар ажиллуулж байгаа гэнэ. Түүний ахуй амжиргаагаа дээшлүүлэх чиглэлээр ихэд анхаарахын зэрэгцээ байгалийн цасыг ашиглан малын хороо, гэрийн дулаалга хийсэн туршлагыг Сангийн сайд болон ирсэн зочид ихэд сонирхож, ажилсаг амжиргаатай айл гэдэг хаяанаас нь харахад л мэдэгдэж байгааг өөр хоорондоо ярилцаж байлаа.
Мөн энэ үеэр аймгийн төвөөс 300 гаран км-ын зайд байгаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Цоохор морьтын нуруунаа өвөлжиж байгаа малчин Д.Жамсрангийнд хүрч, оны хамгийн олон төл бойжуулан авч “Алтан хурганы эзэн”-ээр шалгарсанд Сангийн сайд баяр хүргэж шагналыг нь гардуулсан юм. Д.Жамсран удам дамжсан сайн малчин бөгөөд Увс аймгийн харъяат түүний хувьд Сэлэнгэ аймагт нутагт суурьшаад 11 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд баян хангайн уул ус, Сэлэнгэ нутгийн ард түмэнд талархаж явдагаа илэрхийлж байлаа.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ