5.5 сая ам.долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлнэ
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны өмнө тулгарч байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа хэмээн мэдэгдэж байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын төсөл хөтөлбөрт оролцох, төсөл хэрэгжүүлэх талаар тодорхой зарим арга хэмжээ авч эхлээд байгаа гэнэ. Үүний нэг жишээ нь БОАЖЯ манай орны зарим бүс нутагт усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ авах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх тухай баримт бичигт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай гарын үсэг зуржээ. Уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр манай оронд хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраар дамжин Киотогийн протоколын Дасан зохицох сангийн 5.5 сая америк долларын санхүүжилтээр хэрэгжих юм. Төслийн үйл ажиллагааны гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж байгаа зарим голын сав газарт экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал юм. Манай орны экосистемийн хувьд хоорондоо ихээхэн ялгаатай хоёр томоохон голын сав газрыг сонгон авч төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Алтайн нурууны эко-бүс нутгийг төлөөлж Хархираа-Түргэний голын сав газар, мөн Дорнод талын эко-бүс нутгийг төлөөлж Улз голын сав газруудад төсөл хэрэгжинэ. Төсөл хэрэгжсэнээр уур амьсгал өөрчлөгдөж байгаа нөхцөлд эдгээр голын сав газрыг хамгаалах, хөрс, бэлчээр болон усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах, улмаар эдгээр голын экосистемийг сэргээж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах юм. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авна. Төсөл хэрэгжсэнээр зөвхөн дээрх голын сав газруудаар зогсохгүй манай орны бусад голын сав газруудын экосистемийг хамгаалах, сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдал болон учирч болох эрсдэлийг бууруулахад ашиглах гол үндэслэл, загвар бий болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ