Хан Хэнтийн УТХГ: 12 дугаар сарын 15-нд Хан Хэнтийн ТХГ-ын хамгаалалтын захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт хамгаалалтын “Тэрэлж” хэсэгт ажиллав. Энэ үеэр байгаль хамгаалагч Х.Дагас, М.Сахьяа, Ж.Алтантүлхүүр, С.Содов нарын ажлын байр, тэдгээрийн тохижилт, байгаль хамгаалагчдын ажилтай танилцлаа. Мөн “Туул” постын хяналтын байр, зохицуулагчид, “Туул” МССҮ төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Хөвсгөлийн УТХГ: Төрийн захиргааны албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг дүгнэж, 2011 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаа шалгарууллаа. Хөдөлмөрийн аваргаар төрийн захиргааны албан хаагч мэргэжилтэн Д.Үржинбадам, байгаль хамгаалагч Ц.Ганхуяг, үйлчилгээний албан хаагчдаас сахиул Ц.Мөнхбаяр нар ажил хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүллээ.
Хангайн нурууны БЦГ: Ойн туруутан амьтдын мониторинг судалгаа хийхдээ мэдээллийн стандартчилсан маягтууд ашиглан Ойн туруутан амьтдын популяцийн мониторинг судалгааны үндсэн мэдээлэл болох амьтны зүйл, нийт тоо, сүрэг дэх амьтны нас, хүйс, тухайн амьтан тэмдэглэсэн газрын байршил зэргийг цуглуулан гүйцэтгэв.
Хустайн нурууны БЦГ: 2011 оны 12-р сарын 14-нд Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын албаны 36 ажилтан Хустайн БЦГ-т зочилж, туршлага судаллаа. Хустайн БЦГ-ын дарга Н.Банди болон хамгаалалтын албаны бусад ажилтан тэднийг хүлээн авч уулзан, ажил байдлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тус хамгаалалттай газарт нутагшуулж байгаа тахь адууг үзүүлж сонирхууллаа.
Тарвагатайн нурууны БЦГ: Тус хамгаалалтын захиргааны жилийн эцсийн тайлан, хяналт шалгалтын тоон болон бичмэл тайлан, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, 2012 оны төсвийн хуваарь, хөрөнгө оруулалтын тайланг хугацаанд нь хийж явууллаа.
Онон балжийн БЦГ: Хилийн 0287 дугаар ангийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, Онон-Балжийн БЦГ-аас бэлдсэн 350 шоо метр түлээний шинэс, нарс төрлийн модыг хураан авав. Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтад заасны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд учруулсан 22.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дэх заалтад заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагааг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хэрэг бүрдүүлэн материалын хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүллээ.
Тужийн нарсны БЦГ: Алтанбулаг, Шаамар сумдын ЗДТГ, улсын байцаагч, байгаль хамгаалагчидтай нягт уялдаатай хамтран ажиллаж, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна.
Орхоны хөндийн БЦГ: Орхон багийн иргэн Х.Алтангэрэл зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид 183.3 мянган төгрөгийн хохирол учруулсан зөрчил илрүүлж, эрүү үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
Их Богд уулын БЦГ: Богд сумын байгаль хамгаалагч С.Батсуурь, Эрдэнэцогт сумын байгаль хамгаалагч Н.Энхтүвшин, Галуут сумын байгаль хамгаалагч Ц.Мөнхтогоо нар хариуцсан сумдын малын тоог нэгтгэх ажилд оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ