”Хайрт эцэг” Хорлоогийн Чойбалсан
Монголын ард түмний “хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Хорлоогийн Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр Москвагийн тусгай эмнэлэгт 57 насандаа таалал төгсчээ. Одоогоос 59 жилийн өмнөх энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” яаралтай хүргүүлж байжээ. Юун цагаан сар манатай “Маршалгүйгээр бид чинь яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө ихэр татан уйлалдаж байсан гэж аав маань ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг зогсоож “зөвхөн малчдын хүрээний баяр” болгосон түүхтэй. Тэрээр Москва руу эмчилгээнд ирэхийг сануулан удаа дараа дуудагдсаны эцэст дахин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй янзлан сейфнийхээ түлхүүрийг хүртэл миний дараагийн хүнд өгөөрэй хэмээн туслахдаа захиж өгч үлдээж байсан гэж ярьдаг.
Тэртээ 70 гаруй жилийн өмнөөс Маршал Чойбалсангийн шууд удирдлагаар манайд өрнөсөн их аллага хядлагыг бид л “хэлмэгдүүлэлт” гэж даруувтар дуугарсан хэвээрээ л байгаа болохоос биш тэрхүү аймшигт үйл явдлыг оросууд одоо “Төрийн аллага” гэж оноон нэрлэж байна. Лениний шадар Яков Свердловын хүргэн Ягодагаар 30-аад онд эхлүүлсэн их аллагыг Ежов гэгч үргэлжлүүлж Сталиныг нас барсны дараа 1953 онд Бериягаар дуусгаж байв. 1937 онд ЗХУ-д ганцхан жилийн дотор сая 500 мянган хүнийг баривчилж, 700 мянгыг нь шууд буудан алж байжээ. “Ардын дайснуудыг илчлэх, илрүүлэх, шүүх, тушаал гүйцэтгэх үйл ажиллагаанд тухайн үеийн ханшаар Зөвлөлт төр 75 сая рубль төсөвлөж, түүний заримыг нь манай улсын төсөвт суулгаж өгч байсан гэдэг. 1937 оны 5 сард маршал М.Тухачевскийг баривчилснаар Сталин арми дахь их цэвэрлэгээгээ эхэлсэн бол манайд яг хуулбар нь тэр зун Дэмид маршалд хор өгч алан армийнхны хэлмэгдүүлэлтээр явагдаж байж.
1937 онд Москвад Зөвлөлтийн До яамны нууц тушаал гарч төрийн аллагат хамруулах иргэдийг "Нударган”, "Зөвлөлтийн эсрэг бослогод оролцогчид”, "Троцкистууд", "Шашин, сүм хийдийнхэн” гэхчлэн ангилж байсан бол Монголд энэ хувилбар нь “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Лхүмбийн”, “Ёнзон хамбын”, “бароны үлдэгдэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт-Артурын хэрэг” гэхчлэн хувааж төрийн хядлагыг өргөн хүрээгээр өрнүүлж байж. ЗХУ-д тэр үед 6 сая хүнийг ГУЛАГ-ийн шоронгуудад илгээсний 25 хувь нь ардын дайсан нэр зүүж 75 хувь нь ямар ч гэмгүй иргэд байсан бол Монголд алагдсан 30 шахам мянган хүний 30 шахам хувь нь төрийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд, цэргийнхэн үлдсэн нь 70 хувь нь лам хуврагууд жирийн иргэд байсан гэдэг. Янз бүрийн эх үүсвэр өөр өөр тоо баримтууд дэлгэдэг ч ер нь нийтдээ 15 сая орчим хүн тэр үед Сталины дэглэмийн золиос болсон гэж үздэг.
1936 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар 1939 онд баривчлагдаж, Москва руу ачигдан шоронд тамлуулж байгаад 1941 оны наадмын урьд өдөр буюу 7 сарын 10-нд цаазаар авахуулжээ. 1936 оноос манайд Сталины шууд даалгавраар мянга мянган хүмүүсийг баривчлан буудаж байсныг эсэргүүцсэн Амарыг хөөх хурал дээр Чойбалсан: "Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм" гэж мэдэгдэж байжээ. Харин уг хурал дээр Амар "Надад ийм хүнд байдал ирэхийг би мэдэж байсан. Нөхөд намайг хаяж таягдах цаг нь нэгэнт болжээ. Үүнд гомдох газаргүй. Харин нөхдөөс маань намайг эсэргүү нартай холбоотой гэж үзэх юм бол би хэрхэвч хүлээхгүй. Би Монгол улс тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн хүсдэг. Би улс эх орондоо хайртай, үүнийгээ ч би үйл ажлаараа батлан харуулсан. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна"” гэж мэдэгдэж байжээ. Уг хурлаас гаргасан тогтоолд "Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, тэднийг шууд хамгаалдаг байсан" хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлжээ. Мөнхүү хурлаар Ерөнхий сайд Д.Гэндэнг огцруулж, тvvний орлогчоор ажиллаж байсан Х. Чойлбалсанд эрхийг нь шилжvvлж хавсруулахаар болжээ.
Ийнхүү ардын хувьсгалын анхны долоогийн нэг гэгддэг Х.Чойлбалсанг уг албан тушаалд В.И.Сталины өгсөн vvрэг даалгаврын дагуу томилсон нь цаанаа 1936-1939 онд алсын хорт бодлогоор их цуст яргаллыг хийлгэхээр төлөвлөсөн ч байж болох. Чойбалсан эдгээр он жилүүдэд Сталины гар хөл болон олон арван мянган гэм зэмгvй хүний амь насыг хэлмэгдүүлсэн билээ. Маршал Чойбалсангийн хоёр ч туслах нь тэр үед хоёулаа амиа хорлосон нь цаанаа маш их дарамттай байсныг батлаад байгаа юм.
Айл гэр бүрт аймшигт ул мөрөө үлдээсэн хар дарсан зүүд мэт аймшигт “37 он” ингэж эхэлсэн түүхтэй. 1937-1940 он хүртлэх дөрвөн жилд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 11% -ийг эзэлж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 11 хүн шийтгэгдэж, үүний найм нь шууд буудуулж байсан гэсэн үг юм. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байсан юм. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ.
Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан учир мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичин хурууных нь хээг даруулдаг байсан гэлцдэг. Мөрдөн байцаагчид лам нараас “Хэн хэнийг таних вэ” мэтээр цөөхөн хэдэн асуулт асууна. Тэд өөрсдийн таньдаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд ахмад зэрэг цолтойг нь толгойлогч болгон “томилоод” гарынх нь хээг даруулангаа шууд аваачаад л буудчихдаг байсан талаар олон хүн ярьдаг. Манай аавын авга Гэжээбал, Ёндон нарыг ингэж л цааш нь харуулсан даа. Баривчлах хүний тоог онцгой комиссос гаргаж өгдөг. Төлөөлөгч нар өөрсддөө ногдсон энэхүү даалгавраа биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчилж аваад явсан тохиолдол байсан талаар мэдээ байдаг.
Дорноговь аймгийн шоронд хүн орох зайгүй болсон байсан учир 30 хүнийг буудан алж зай гаргаж байсан тухай баримт хадгалагдан үлдсэн байдаг.
Мөн лам нарыг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон арваар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ ч бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас барж байсан гэдэг.
Энэ их хядлагат гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдсанаас гадна хэлсэн ганц үгнээсээ болж тарчлан хоригдож зовсон сэхээтэн тун олон байлаа. Тухайн үед Л. Нямдаваа гэгч хүн Өвөрхангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа “аливаа шүүмжлэл бол чөлөөтэй байдаг юм. Ард хүн хэнийг ч, тэр дундаа Чойбалсанг ч шүүмжлэх эрхтэй" гэж хэлснээсээ болж найман жил хоригдох ял авч байжээ. Яг нөгөө “Танай нөхөр хаачсан бэ” гэж хөдөөний нэг малчин эмэгтэйгээс асуухад “Радио шиг чалчсанаасаа болж арван жил аваад явчихсаан” гэлээ гэдэг шиг.
Чойбалсангийн жинхэнэ нэрийг нь Дугар гэдэг бөгөөд Монголын түүхэнд Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн байна. Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх нь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр оролдож хавчиж гадуурхдаг байсан учир Хорлоотойгоо гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан гэдэг. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байснаа буцаж эх нутаг руугаа яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.
Дугар хүү багадаа нилээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байж, хоёр ч айл дамжин үрчлэгдсэн боловч гологдон төрсөн эх дээрээ буцаж ирж байсан гэдэг. 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан багын найз нарын хамт гэрээсээ оргон Их Хүрээнд ирж, хар бор ажил хийж амь зууж байгаад Эрхүү хот руу 8 монгол хүүхдийн хамт явж суралцжээ. X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байжээ. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ Бортолгой “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг.
Гүндэгмаа гуайг Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байсан талаар манай нутгийн партизан Цэдэндамбаа гуйн эхнэр Мөнхбаяр гэдэг хүн олон сайхан дурсамж ярьдаг байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан гэх ба хожим нь өөрийнх нь дүрийг кинонд бүтээсэн аавтайгаа усан дусал шиг адилхан Нэргүйг маршалын төрсөн хүү нь байсан гэлцдэг.
Чойбалсанг ихээхэн ууртай түргэн догшин ширүүн зантай гэх боловч төрөлхийн маш аймхай хүн байсан гэдэг яриа бий. 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагчаар явж байгаад цагаантнуудад бүслэгдчихэж. Уг бүслэлтийг сэтлэн дутаах үед түүний морь нь суманд оногдон явгарч алуулдгийн даваан дээр түүнийг Дэмбэрэл гэх нилээд бярархуу эр морин дээрээсээ шүүрч авч сундлан давхиснаар амьд авч гарч чаджээ. Хожим нь нөгөө Дэмбэрэл нь өөрийнх нь удирдлаганд Улсын бага хуралд ажиллаж байгаад хэлмэгдэлд өртөн баригдаад байхад нь Чойбалсан орос зөвлөхөөсөө айж эмээн цагтаа амийг нь аварч байсан түүндээ ч тусалж чадалгүй хороолгож байсан гэдэг. Мөн их аллагынхаа энэ үеэр тэрээр Алтан-Өлгийд байсан Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын шарилын өмнө сөгдөн гэм нүглээ цайруулж, аврал эрэх мэт олон юм үглэн орилон уйлдаг байсан гэж туслахаар нь ажиллаж байсан хүн хожим нь дотныхоо хүнд дурсан ярьсан байдаг.
1921 оны 8 сарын 25-нд тэрээр залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдож байжээ. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, мөн “Феодалын хөрөнгө хураах төв комиссыг” толгойлжээ. Харин 1930-аад онд Х.Чойбалсанг архи байнга уух болсон, авгай хүүхэн эргүүлж агсам согтуу тавьдаг хэмээн шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл болж байж. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн ба 1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Энэ Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг үлдсэн байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг шинэ үүрэгт ажиллагаанд боловсруулан бэлдсэн гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна. Сталин, түүний гар хөл бологчид, өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг ийнхүү олжээ. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилсон нь Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг цааш нь харуулахад хүргэсэн гэдэг.
Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" нь До яамнаас оруулсан нэрсийн жагсаалтыг үндэслэн зөвхөн нэг өдрийн хурлаар 1300 шахам хүнд ял оноож байсан баримт байдаг. Тухайн үеийн талаар яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч:
Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед үүнд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй. Уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан билээ. Чойбалсангийн үед МАХН-ын Төв Хорооны 1-р н.б.дарга асан Д.Дамба хожим нь ХААДС-ийн орлогч захирлаар ажиллаж байхдаа “Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад Маршал “Сүм дугана нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан байнга ирүүлэх нь үнэхээр аймшигтай байсан” хэмээн дурсдаг байлаа. Тэр үед Оросуудын өөрсдийнх нь тооцоолсноор Монголын сүм хийдүүдийн хөрөнгө 57 сая алтан рубль болж байсан гэдэг.
1939 онд дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болсон гэж үздэг. 1939 оны 9 сард Москвагийн уулзалтын үеэр ЗХУ-ын засгийн газар Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслахаар болж байжээ. Зөвлөлтийн энэ тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэн ба Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлэн Чойбалсан ч үүнийг өлгөн авч малаа өсгөсөн малчдыг одон медаль, бараа таваараар хайр найргүй шагнаж байсны зэрэгцээ нам засгийн төлөвлөгөө биелүүлж чаддаггүй “муучуудад” нь ногдуулах шийтгэл хирээс хэтэрч байв. Манай нутагт л гэхэд ноосны төлөвлөгөө биелүүлж чадахгүйгээсээ сандарч хүмүүс үстэй дээлнүүдээ хайчилж мөн тэр их ноосыг нь Хатгал руу хүргэх жинд тэмээ нийлүүлэх нам засгийн даалгавар биелүүлээгүйгээс болж таван жилийн ял авч байсан хүн бий.
Маршал өөрийн биеэр баруун хязгаарт очиж нүүдэлчин Казак малчдад нутаг олгон 1940 онд Баян-Өлгий аймгийг анх байгуулж байжээ. Оспанд Чойбалсан Оспантай хамт баруун хязгаарт 1944 он харин ихээхэн хэмжээний зэвсэг өгөхөд нь өнөөх нь “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн” үгээр 1947 онд манай баруун хязгаар руу эргээд уулгалан дайрч байсан түүх үнэн. Одоо баатар эрсийн маань тэднээс хамгаалан тулалдаж байсан алдарт “Байтаг Богд” уул маань Хятадын хилийн бүр цаад талд дүнхийж байгааг хэн хүнгүй мэдэх байлгүй.
Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар Сталины шахалтаар "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрсөн нь том үйл явдал болсон юм. 1945 оны наадмын өмнөхөн Сталин Чойбалсанг Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд анх удаа хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авч байжээ. Дараа нь “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүгдээрээ санал өгвөл бид зөвшөөрч болох юм” гэж Чан Кай Ши мэдэгдсэнээр иргэд 100% тусгаар тогтнолынхоо төлөө санал өгч, Хятад улс манай тусгаар тогтнолыг дуртай дургүй хүлээн зөвшөөрсөн гэдэг.
Харин 1945 онд тэр үед тусгаар тогтнолоо зарлаад байсан “Бүгд Найрамдах Өвөр Монгол Ард Улсын” түр засгийн газрын Мүгдэнбуу тэргүүтэй төлөөлөгчдийг Маршал Чойбалсан Улаанбаатарт урин ирүүлж, Нүхтийн аманд 20 гаруй хонуулах үеэр төлөөлөгчид ирсэн хүсэл зорилгоо түүнд илэрхийлж тусламж гуйсан бичгээ гардуулжээ. Гэвч Маршал маань Оросуудаас дэмжлэг авч чадалгүй нөгөөдүүлийгээ 1945 оны аравдугаар сард машинаар Сулинхээрийн чиглэлээр маш нууцаар хил гаргаж өгсөн гэдэг юм билээ. Төлөөлөгчдийг өвөр Монголдоо буцаад ирэхэд нь хятадууд өнөөх түр засгийн газрыг нь аль хэдий нь тараачихсан байжээ. Ингэж өвөрлөгчид маань “Өвөр Монголын Өөртөө Засах орон” нэртэйгээр Хятадын хараат хэвээрээ үлдсэн түүхтэй.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байсан баримтуут олон бий. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд зүүн Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж түүнд үнэнчээ харуулах үеэр Чойбалсан очоогүй. Автономит Тува улсын тэргүүн Салчак Тока Монголд айлчлах үеээрээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг хатгасан маягийн үг хэлэхэд нь тэрээр ихэд уурсан алгадсан гэдэг яриа ч буй.
Гэвч Чойбалсан нь 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан баримт бас буй. Тэрээр 1949 оны 9-р сарын 30-нд Сочид Сталинтай уулзахдаа, ”Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?” гэж асуухад нь Сталин: ”Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид гадаад, дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна” гэж зөвлөсөн байна. Монголд элчин сайд байсан Молотов манай ГЯЯ-ны сайд Аварзадтай Давст уулын асуудлаар маргалдаж байх үедээ: ”Та нар алгын чинээ газрын төлөө юун их юм болох юм. Цагтаа танай маршал Чойбалсан чинь Монгол улсаа тэр чигээр нь манайд нэгтгэхийг гурван ч удаа хүсэж байсан явдал бий шүү дээ” гэж байжээ.
1941 оны зун Герман ЗХУ-руу гэнэт халдан довтолсон дайны эхний өдрөөс л монголчууд «Бүхнийг фронтод» гэсэн уриан дор ажиллаж Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт хүн амынхаа дунд өрнүүлж байжээ. Малчин ардууд хагас сая шахам шилдэг морьдоо фронтод зориулан ор нэр төдий хямд үнээр худалдаж, 30 гаруй мянган хурдан сайн морьдоо харамгүй бэлэглэсэн байдаг. Монголын төлөөлөгчид галын фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж Улаан армид хүлээлгэн өгсөн байна.
Салчак Токагаар удирдуулсан Бүгд Найрамдах Тува Ард улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохоор шийдвэрлэсэн 1944 оны долдугаар сард Улсын ерөнхий прокурор Б.Жамбалдорж МАХН-ын УТТ-нд албан ёсоор тавьсан саналдаа: “Манай Монгол Улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно” гэсэн байжээ. Үүгээр хязгаарлагдсангүй 1950 оны 8 сард С.Авирмэд, Б.Бадарч, Г.Галбадрах, Д.Төмөр-Очир, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд нарын хүмүүс Чойбалсан, Цэдэнбал хоёрт хандан бичсэн захидалдаа “Монгол улсад социалист нийгмийг бүрэн байгуулахын тулд материал-техникийн хүчирхэг баазтай байх ёстой. Ийм баазыг бидэнд гагцхүү Зөвлөлтийн аж үйлдвэр тавьж өгөх учир бид ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан орсон тухайд л буй болгож чадна. Нэгэнт учир ийм болохоор манай улс өөрийн амьдрал ба хөгжлийн шаардлагаар эрт орой хэзээ боловч энэхүү холбоонд багталцан орох нь гарцаагүй болно” гэж бичиж байжээ.
Маршал Чойбалсангийн их хэлмэгдүүлэлт Монголын нэртэй бөхчүүдийг ч тойрсонгүй, 1939 онд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд хоёулаа мөн хэлмэгдэж байжээ. “Урт гарт” хэмээх хочит Завхан аймгийн харьяат улсад зургаан удаа шөвгөрөөд байсан хурц арслан Лхагва, залуу цэрэг Түвдэндоржтой үзүүр түрүүнд үлдчихээд түүнийг барьж авангуут сугадан тонгорч эхэлж. Тойрон мушгиж долоо тонгороход нь Түвдэн аварга арайхийж тогтсон боловч засуулууд нь салган “Лхагваа арслан тонгорч явахдаа толгойн үс нь газар шүргэсэн” хэмээн зарлаж Маршлын шивнээсээр Түвдэндорж аваргыг түрүүллээ хэмээн зарласан гэдэг. Тэр үед Маршал “Дайнтай жил жирийн цэрэг түрүүллээ, бид Японыг ялна” хэмээн ихээхэн хөөрцөглөж байжээ.
Гэвч ихээхэн уурссан Лхагва арслан “Маршалын нүд сохроо юу даа” гэж хэлчихснийхээ хар гайгаар тэр дорхиноо урьд нь хүрээ хийдэд шавилан сууж байсан гэдэг шалтгаар “аавынд” 10 жил хоригдох ял авсан түүхтэй.
Тэр намар нь хятад худалдаачдын гар дээр ихээхэн бэлэн мөнгө эргэлдээд байгаа талаар “Монгол банкны” захирал нэгэн Маршалд ярьж. Үүнийх нь дагуу тэр мөнгийг яаж салгаж авч болох талаар До яамныхантай зөвлөлдөхөд цаадуул нь сайн мөрийтэй тоглодог хүнээр дамжуулан олж авах арга сэджээ. Хэн байж болохыг Маршал асуухад шинэхэн аваргын нэр тодорч гэнэ. Ингээд удаж төдөлгүй Түвдэн аваргад ахиухан зоос банкнаас авч өгөөд явуулж. Нөгөөх чинь тэд нартай тав хоног өдөр шөнөгүй тоглоод нэг шуудай мөнгө үүрч ирээд банкинд тушаахад 40 мянган төгрөг болж байсан гэдэг /одоогийнхоор доор хаяж 40 сая юм уу даа/. Мөрийтэй тоглоомын хэргээр хятадуудыг тэр үедээ Маршалын бөх хэмээн цоллуулж байсан Түвдэн аваргатайгаа хомруулан яллаад “их гэртээ” суулгачихсан гэдэг. Гэвч оросуудаас ухаан алдатлаа айдаг байсан Маршал хойтон жил нь наадмын өмнөхөн орос зөвлөхийнхөө хүсэлтийн дагуу аваргыг суллаж байсан гэдэг юм билээ.
Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй явдалтай шууд холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх түүхэн амаргүй хувь заяа Х.Чойбалсанд ногдсон юм билээ. Чухамхүү хатуухан түүхэн сургамж хэмээх нь энэ буюу.
Ш.Пүрэвсүрэн 2011-01-26
СЭТГЭГДЭЛ БИЧИХ