Монголчууд Антарктидын баялгаас хүртэх эрхээ баталгаажууллаа
Монгол Улсын засгийн газар, Болгарын Антарктидын институт болон Монголын Антарктидын нийгэмлэгийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын Антарктидын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Дүгэржав олон улсын 20 дахь экспидицийн багийнхантай хамт 2010 оны 12 дугаар сарын 8-наас энэ оны нэгдүгээр сарын 21-ныг дуустал эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэсэн байна. Өмнө нь тэрбээр 2008 онд мөн судалгаа шинжилгээний ажлаар Антарктид тивд ажилласан ба тус тивд зорчсон Монголын 4 дэх хүн юм. Антарктид тив нь дэлхий дээр судлагдаагүй үлдсэн цорын ганц тив бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцийн 80%, газрын тосны нөөцийн багагүй хувь болон судлагдаагүй үлдсэн байгалийн баялаг ихтэй учир дэлхийн олон улс орнууд судалгаа шинжилгээний томоохон ажлууд хийж байгаа бөгөөд глобалчлагдаж байгаа энэ үед тэрхүү нөөцөөс хувь хүртэхийн тулд Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд байнга оролцох нь зүйтэй юм. Энэ нь Антарктидын баялагаас Монгол Улс хувь хүртэх боломжийг олгох Антаркидын конвенцед Монгол Улсыг нэгдэн ороход чухал нөлөө болох юм. Антарктид тив нь эх газраас алслагдсан учир холбоо барих, мэдээлэл дамжуулах зэрэг харилцаа холбоо хязгаарлагдмал байдаг тул зөвхөн сансрын холбооны утсаар холбогдох боломжтой.
Энэ удаагийн Антарктид судлалын ажлыг Сансрын хөдөлгөөнт холбооны цогц үйлчилгээг үзүүлэгч MSC группын Юнител компани дэмжиж ажилласан ба Иридиум сансрын утсыг Монголынхоо судлаачид өгч эх оронтойгоо болон бусад судлаачидтайгаа холбогдох боломжийг олгож байжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгч Говь ХК, Дархан нэхий компани, Бодь даатгал, Индастриал Про ХХК-иуд ирээдүйд Антарктидын баялгаас хүртэх боломжийг Монголчуудад олгох Антарктид судлалын үйл ажиллагааг дэмжиж ажилласан байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ