Харих завгүй амьдрал

Өвлийн эхэн сарын жавартай өглөө. Салхи сөрж алхахад хацар жиндэж, ороолт
цантана. Бид шүүхийн нийтэд
нээлттэй, ил тод болсон давуу талыг ашиглан, иргэний хэргийн шүүхэд өнжиж, шинэчлэгдсэн
шүүхийн үйл ажиллагааг нүдээр үзэж, нөхцөл байдалтай танилцах зорилго өвөрлөн
яваа нь энэ. Товлосон цагаас хоцрох вий гэсээр 09 цаг 30 минуттай уралдан Дүүргийн
иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх гэсэн хаягтай таван давхар саарал
байрны үүдээр орлоо.
Ямар нэг юманд дугаарлаж дараалал үүсгэсэн, хэд гурваараа бөөгнөрөн зогсч
хоорондоо ярилцсан, хананд тогтоосон зурагтын өмнө аль нэг сувгийн нэвтрүүлэг
үзэж буй хөгшин, залуу олон хүн биднийг угтав. Урт дараалал үүсгэж дугаарласан
иргэд“Мэдээлэл лавлагаа”-ны хэсгээс
шүүхийн үйлчилгээ авч буй аж. Харин зурагтын өмнө анхааралтай зогсох хүмүүс аль
нэг нэвтрүүлэг, кино бус шүүх хуралдааныг шууд үзэж, зарим нь тэмдэглэл хийж
байлаа. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүх хуралдааныг нээлттэй үзүүлдэг болсон
нь ийнхүү олон нийт болон хуулийн ангийн оюутнуудад давуу боломж олгожээ. Шүүх
хуралдааны танхимын хаалганд “Шүүх хуралдаан болж байна” гэсэн бичиг өлгөсөн нь
шүүх хурал хэдийн эхэлснийг гэрчилнэ. Хоёрдугаарт давхар руу гарахаар
цаашилбал, шатны хажуугийн ширээний ард суусан шар тэмдэг бүхий хар дүрэмт хувцастай
биерхүү залуу бичиг, баримт шалгаж нэвтрэх эрх олголоо. Энэ бол шүүхийн
шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж буй
Тахарын албаны алба хаагч аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар баталсан Шүүхийн шинэтгэлийн
багц хууль хэрэгжиж, шүүхийн шинэчлэл эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаа
өнгөрч байна.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд дагнасан
шүүхүүдийг байгуулан, нэг шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэргийг
хүлээн авч, нэг шүүгч гурван төрлийн хэрэг хянан шийдвэрлэдэг байсныг халсан
билээ. Тэдний нэг нь нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэн,
хуулийн этгээдэд үйлчлэхээр зохион байгуулагдаж, хуучнаар Сүхбаатар дүүргийн
шүүхийн байранд үйл ажиллагаа явуулж буй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I
шүүх. Ийнхүү тодорхой төрлийн хэргээр дагнан мэргэшсэн чадварлаг шүүгч иргэдийн
итгэл хүлээсэн шүүхийг цогцлооход хамгийн чухал гэж үзсэн хэрэг.
Шүүхийн хоёр, гуравдугаар давхрын
зай муутай хонгилд ч мөн аль нэг өрөөний үүдэнд дугаарласан, бичиг, баримт барьж
ийш тийш хөхөлдсөн хүн олон байх. Бүгд энэ шүүхээр үйлчлүүлж буй иргэний
хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гэрчээр дуудагдсан хүмүүс. Энэ байдал, анх
угтсан нэгдүгээр давхрын урт дараалал зэрэг нь шүүхийн ачаалал ихтэйг илтгэнэ.
Нэгдүгээр давхрын мэдээллийн самбарт хадсан шүүх хурлын зар дээр энэ долоо
хоногт 306 хурал товлосноос, өнөөдөр 45 хурал зарлагдаж, шүүх хурал өглөө 08:00
цагт эхэлсэн байсан. Зарим хурал нэг цаг үргэлжилдэг бол өглөө хамгийн эхэнд
орсон хурал орой 22:00 цагт дуусах тохиолдол ч бий гэнэ. Хэлэлцэж буй хэргээсээ
шалтгаалдаг байна.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх “нэг долоо хоногт
дунджаар 280 шүүх хурал товлогдож, 70 орчим хувь хянан шийдвэрлэгдэж, үлдсэн нь
ямар нэг шалтгаанаар хойшилдог. Шүүх хурлын дөрвөн танхимтай ч хүрэлцдэггүй.
Үүнийг зарим иргэн ойлгохгүй шүүх хурал цагтаа эхэлсэнгүй гэж бухимдах асуудал
гардаг. Эдгээрийг шийдвэрлэхээр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын акталж орхисон
хуучин байрыг түрээслэхээр гэрээ байгуулж, оноос өмнө амжиж ашиглалтад
оруулахаар яаравчлан, засвар хийж эхэлсэн” хэмээж байлаа.
Анх орж ирэхдээ шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтний өрөөг хайгаад
олохгүй болохоор залгатал Тамгын газрын даргынхаа өрөөнд зохион байгуулагч,
нягтлантайгаа тавуул суудаг байж таарсан. Ер нь тус шүүхийн өрөө байр хүрэлцээ
муу учраас нэг өрөөний хаалган дээр 2-7 хүний нэр байх аж. Шүүхийн байр
жижигхэн, өрөө хүрэлцээгүй учир шүүгчид нь хоёул суух бол шүүгчийн туслах,
шүүхийн нарийн бичгийн дарга нар 6-7-уул нэг өрөөнд ажилладаг юм байна.
Иргэнд ойртсон шинэчлэл
Энд тэндгүй үйлчилгээ авах гэсэн иргэд. Баасан гариг болохоор амралтын
өдрүүдээс өмнө ажлаа амжуулах гэсэн хүмүүс нэмэгдээд ачаалал ихтэй байгаа юм уу
гэтэл үгүй аж. Өдөр бүр л ийм байдаг гэнэ. Бид БЗД-ийн иргэн А.Эрдэнэбилэгтэй
уулзлаа. Тэрбээр “Шүүх хурал эхлэхийг хүлээж байна. Шүүхэд шинэчлэл хийгдэж
өмнө байсан, одоо байгаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай болж байгаа гэж бодож
байна. Шүүхэд өргөдөл гаргахад 20-30 шүүгчийн нэгэнд нь тойргийн журмаар
хуваарилагдаад очиж байгаа болохоор таньдаг, таньдаггүй шүүгч гэх ойлголт
байхгүй болж байгаа юм. Цаашдаа шүүгчдийг ажлын цагаар гар утсаар яриулдаггүй
болгочих хэрэгтэй санагдаад байгаа. Гар утсыг нь тахар дээр хураачих хэрэгтэй.
Шүүгч нийгмээс хичнээн тусгаарлагдана шийдвэр төдий чинээ шударга гарна гэж би боддог”
гэж ярьсан.
Аливаа үйлийн хар, цагааныг шүүж, буруу, зөвийг тунгаан, худал, үнэнийг
шударгаар дэнслэх эрх мэдэл гагцхүү шүүхэд буй. Гэхдээ энэ хэргийг хүлээн авна,
тэрийг авахгүй, үүнийг шийдэхгүй, түүнийг шийднэ гэх эрх үгүй. Тэгш эрхийн
зарчмыг баримтлан, адил үйлчилдэг.
Гуравдугаар давхарт гарч ирэхэд
“Эвлэрүүлэн зуучлагч” гэсэн содон хаяг нүдэнд туслаа. Шүүхийн шинэчлэлийн
хүрээнд үйл ажиллагаанд нь нэвтэрсэн нэг шинэ алхам бол эвлэрүүлэн зуучлал. Тусгай
сургалтаар бэлтгэгдсэн эвлэрүүлэн зуучлагчид үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй
хугацаа өнгөрч буй. Тэдний үйл ажиллагааг сонирхмоор санагдаж, шууд л яваад
орлоо. Эдний өрөөнд ч мөн хүн тасардаггүй аж. Бидэнтэй зөрөөд нэг иргэн гарсан.
Удалгүй дараагийн үйлчлүүлэгч, эвлэрүүлэн зуучлагчийн хамт уулзалтын өрөө рүү
оров. Энэ шүүхэд таван эвлэрүүлэн зуучлагч гэр бүлийн болон иргэний эрх зүйн
маргаантай хүмүүст үйлчилж, эвлэрүүлэн ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлагч Д.Даваасүрэнгийн
ярьснаар тэд есөн сарын хугацаанд 1100 гаруй өргөдөл хүлээн авч ажилласнаас 384
эвлэрлийн гэрээ байгуулж, талуудыг эвлэрүүлсэн байна. Асуудлыг богино хугацаанд
шийдвэрлэдэг, хүмүүсийн цаг, мөнгийг хэмнэдэг учир иргэд эвлэрүүлэн зуучлагчдад
хандах нь ихэсчээ.
Ийнхүү танилцаж яваад, шүүх хурлын танхимын үүдэнд түр саатаж нэг эгчтэй
цөөн хором ярилцахдаа шүүхэд шуудангийн үйлчилгээ нэвтэрч, хэргийн оролцогчдод
шүүх хуралдааны зарлан дуудах, шүүх хуралдаанд ирүүлэх хуудсыг хүргэдэг болсон
тухай мэдээллийг сонсов.
Энэ үйлчилгээ өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс эхэлсэн
ба иргэдийн болон шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг хөнгөвчилжээ. Өмнө нь шүүхийн
бичиг хүргэгч зарлан дуудах, ирүүлэх хуудсаа үүрээд харьяа дүүргээрээ явган явж,
айл, айлын хаалга тогшиж тараадаг байжээ. Гэр хорооллын айлд бичиг хүргэж яваад
нохойд хазуулсан тохиолдол ч гарч байж. Иймд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд
шуурхай хүргэх, бичиг хүргэгчийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор ШЕЗ-тэй хамтраад
шуудангийн үйлчилгээг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар 3000 гаруй шүүх
хуралдааны зарлан дуудах хуудас, шүүх хуралдаанд ирүүлэх хуудас хүргэжээ.
Түүнчлэн үүрэн телефоны операторуудтай хамтраад хэргийн оролцогчдод
мессежээр шүүх хуралдааны зар явуулах ажлыг эхлүүлэхээр судалж буй аж. Энэ
мэтчилэн шүүхийн ажил иргэддээ ойртож, нээлттэй болж байна.
Тэд хэзээ харих бол
Олон зузаан хавтас, бөөн бичиг цаас тэвэрсэн ажил хэрэгч хувцастай эмэгтэй,
эрэгтэй хүмүүс шатаар өгсөж, уруудан гүйх шахам явах. Заримдаа иргэдтэй уулзаж,
юм асууж лавлах эсвэл тайлбарлаж байгаа харагдана. Энэ хүмүүс бол шүүгчийн
туслахууд. Тэдний ажил их. Харин шүүх хуралтай шүүгчдэд бүр амсхийх чөлөө
олддоггүй мэт санагдлаа. Тэд өдрийг шүүх хурлын танхимд барах юм. Нэг хэргийг
хянан шийдвэрлээд оролцогчид гарч ирнэ. Шүүгч цай уухын завдалгүй дараагийн
хурал шууд эхлэх юм. Нэг өдрийн хугацаанд 45 хэргийг хянан хэлэлцэхээр
төлөвлөсөн тэдэнд цаг, минут бүхэн үнэтэй аж.
Бид өнөөдөр шүүх хуралгүй шүүгч хэрхэн ажиллаж буйг сонирхож, нэг өрөө рүү
шагайлаа. Компьютерээс нь өндөр хураалттай хавтастай юмс, бичиг цаас дүүрэн
ширээний ард шүүгч уншсаар, бичсээр суух. Тэрбээр кофе, цайны аль нэгийг ууж
ажилдаа шамдах ба намайг анзаарах сөхөөгүй ажиллаж байсан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүх арваннэгдүгээр сарын байдлаар
11400 нэхэмжлэл хүлээн авч, 6200 нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Тус шүүх 28
шүүгчтэй. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 39 шүүгчийн орон тоотой байхаар
баталжээ.
Ийнхүү шүүгч дутмаг байгаа нь шүүхийн ачаалалтай шууд хамааралтай
болохоор ирэх онд долоон шүүгч нэмж, 35 шүүгчтэй болгох бодлого баримталж буй
гэсэн.
Одоогийн байдлаар нэг шүүгч өдөрт дунджаар 10 шүүх хуралд орж, 7-8 хэргийг
хянан шийдвэрлэдэг байна. Ажлын цаг дууслаа. Өглөө 08:00 цагт цугласан шүүгчид 17:00
цагт тарах ёстой. Гэтэл хэн ч явсангүй. Бүгд ажилласаар. Бүр нэг давхрын
танхимд шүүх хурал үргэлжилж байлаа. Энэ өдрийн ажил нь дууссан хэдэн шүүгч,
шүүгчийн туслах 20:00 цагийн үед гарч явсан юм. Тэдний хувьд энэ өдөр хамгийн
эрт тарж байгаа нь энэ аж. Өнөөдөр шүүх хуралгүй байсан шүүгч, шүүгчийн
туслахууд хүртэл маргаашийн ажилдаа бэлтгээд завгүй л байх. Нийт шүүхийн нэг
жилд шүүн тасалсан хэргийн 80-85 хувийг иргэний хэрэг шүүн таслах ажиллагаа
эзэлдэг гэдэг. Шүүгчдийн ажиллаж буй нь энэ баримтыг батлах мэт.
Оройн 21:00 цаг өнгөрч шүүхийн нэг өдөртэй танилцсан бид харихаар яарлаа.
Харин тэд гэр лүүгээ явах царайгүй ажилласаар байх юм. Биднийг гаргаж өгсөн
шүүхийн ажилтан “Манайхан тарах болоогүй ээ. Ингээд л сууж байдаг хүмүүс дээ”
гэв. Гадаа цаанаа л нэг жавартай, жихүүн салхи сэвэлзэж, утаа үнэртэнэ.
Ойр
хавийн орон сууцны айлуудыг эс тооцвол энэ хавьд шүүхээс өөр цонх нь гэрэлтэй албан газар алга. Өрөөний гэрэл хэдэн цагийн
дараа унтарч, тэд хэзээ гэрээдээ зорихыг бүү мэд. Гэрийн зүг алхахад өдөр нэгэн
шүүгчийн туслах “Тахарын албаныхан эхэндээ, та нар чинь орой, үдэш, хагас,
бүтэн сайнгүй байнга л ажил дээрээ байх юм. Хэдийдээ гэртээ харьж, унтаж
амардаг юм бэ гээд гайхдаг байсан. Одоо ч бидний ажлыг мэддэг болж байна даа”
гэж ярьсан нь санаанд оров. Надад ч гэсэн “тэд хэдэн цагт харих бол, гэр
бүлийнхэн нь хүлээгээд сууж байгаа болов уу, одоо тараагүй байгаа хүнийг
харихад хүүхэд нь хүлээсээр нойрондоо дийлдэн унтчихсан байдаг байх даа...”
гэсэн бодол төрсөн.
Хүмүүс тэднийг өндөр цалинтай гэж шүүмжилдэг, өрөөлийн талд үйлчиллээ гэж
зэмлэдэг. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг
дээдэлж, зөвхөн шударга үнэнийг дэнслэх тангарагтай тэдний ажил өглөөний
нартай уралдан эхэлж, үдшийн бүрий, шөнө дөл болтол үргэлжилсээр. Шүүх
хуралдааны шийдвэр алхны цохилттой зэрэгцэн өчнөөн хүний амьдрал шийдэгддэг.
Зузаан зузаан хавтаст хэрэг бүхэнд бусдын алдаа эндэл, хувь тавилан “багтаж
байдаг”. Эрхэм шүүгч хавтаст хэрэг дэх цэг, таслалыг ч андуурах эрхгүй тангараг
өргөсөн. Өрөөний цонх нь гэрэлтэй хэвээр. Шүүхийн шинэчлэл шүүгч, иргэн хоёрыг
бүр ч илүүтэй ойртуулж, холбож, ойлголцуулж өгөө юу гэсэн бодол эндээс тээсээр явсан.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ