Отгон их мастерын цолны мялаалга боллоо

img

Шатарчин А.Энхтуулын дэлхийн шатрын их мастер цолны мялаалга өчигдөр Чингис хаан зочид буудлын Өргөө ресторанд боллоо. Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард дэлхийн шатрын их мастер цолны болзлыг биелүүлж, түүний цолыг Норвегийн Тромсо хотноо болсон ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулсан. Ингэснээр А.Энхтуул Монгол Улсаас төрсөн долоо дахь их мастер болсон.

ө

Түүний их мастер цолыг мялаах хүндэтгэлийн ёслолд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар хүрэлцэн ирж, Дэлхийн шатрын их мастер цол тэмдэг, батламжийг албан ёсоор гардуулсан юм. Мөн түүний төрөлх нутаг Сэлэнгэ аймгийн удирдлагын төлөөлөл, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин зэрэг албан хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэсэн. А.Энхтуул "Намайг энэ хүртэл явахад тусалж, дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй хичээх болно" гэж хэлсэн. Харин түүний багш гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн "Шавь бид хоёр бэлтгэл сургуулилт сайн хийж, улам хичээж супер их мастер болно" гэдэг амлалтыг өгсөн юм. Их мастер цолны мялаалгад А.Энхтуулын гэр бүлийнхэн, анхны багш Ц.Батболд болон шатарчид, түүний дэмжигчид баяр хүргэхээр цугласан байсан.

ө

Монголын эрэлхэг хүчит хөвгүүд, охид дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваагийн адил оюуны бяр, чадалт залуус нь дэлхийн шилдгүүдтэй ухааны цэц сорьж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулсаар яваа билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ