“ОНТРЭ”-ГИЙН ЛИЦЕНЗ БА 24.3 ТЭРБУМЫН АСУУДАЛ
“Онтрэ”-гийн лиценз шилжээгүй гэх ч 24.3 тэрбум төгрөг ямар учиртай вэ?
Оюутолгойн бүлэг ордын Шивээ толгой, Жавхлант хоёр лицензийг тойрсон маргаан татварын дансанд орсон 24.3 тэрбум төгрөгөөр дахин хурцдаж буй. Засгийн газар лиценз шилжээгүй гэж мэдэгдэж байгаа бол “Онтрэ Ресурс” шилжүүлгийн бэлтгэл ажлаа үргэлжлүүлж буйгаа хөрөнгө оруулагчдад мэдээлжээ. Гол асуудал нь лиценз шилжсэн эсэхээс гадна Монгол Улсын эрх ашгийг ямар нөхцөлөөр хамгаалж байгаа вэ гэдгийг хөндөх ёстой.
2026 оны зургаадугаар сарын 22-нд “Онтрэ”-гийн талаас лиценз шилжүүлэгтэй холбоотой нийт 24.3 тэрбум төгрөгийг Монголын татварын дансанд шилжүүлсэн байна. Уг асуудлыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндөж, хэлцэл үргэлжилж буй үед ийм хэмжээний төлбөр орсон нь лиценз шилжүүлэх үйл явцтай холбоотой эсэхэд олон нийтэд тодорхой хариулт өгөхийг шаардсан юм. Харин Сангийн сайд З.Мэндсайхан энэ мөнгийг Татварын алба нэхэмжилсэн бус, компани өөрөө татвараа тооцож, нэхэмжлэл үүсгэн шилжүүлсэн гэж тайлбарлав. Татварын байгууллага лиценз шилжүүлэхэд шаардлагатай тодорхойлолтыг өгөөгүй бөгөөд төлбөр шилжүүлсэн нь лиценз шилжсэн гэсэн үг биш гэдгийг онцолсон байдаг. Аравдугаар сарын 21-нд ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мөн адил байр суурь илэрхийлж, лиценз шилжээгүй, урьдчилан шилжүүлсэн мөнгийг буцаах эсвэл компанийн татварын өрөөс суутгах боломжтой гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоогоор нийтэд ил болсон мэдээллээр хоёр лицензийн шилжүүлэг албан ёсоор дууссан гэж дүгнэх үндэслэл алга.
Компанийн мэдээлэл ба Засгийн газрын тайлбар зөрж байна
“Онтрэ Ресурс” аравдугаар сарын 6-нд гаргасан мэдэгдэлдээ Шивээ толгой, Жавхлант тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх бэлтгэл ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлж байгаагаа мэдээлсэн. Талуудын хэлэлцээ үргэлжилж, тохиролцоонд хүрсний дараа шилжүүлгийг сааталгүй хийхэд бэлэн байгаагаа ч илэрхийлжээ. Мөн “Рио Тинто” 2025 оны зургаадугаар сарын 6-ны мэдэгдэлдээ “Онтрэ”-гийн хамтарсан төслийн талбайд олборлолт явуулахын тулд лицензийг “Оюу толгой” компанид шилжүүлэх шаардлагатай, уг шилжүүлэг шийдэгдэх хүртэл тухайн хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоож буйгаа мэдээлж байсан. Эдгээр мэдээллээс лиценз шилжүүлэх асуудлаар хэлэлцээ өрнөж, тодорхой ажиллагаа хийгдэж ирсэн нь харагдаж байна. Гэхдээ хэлэлцээ үргэлжилсэн, шилжүүлгийн бэлтгэл хангагдсан гэх мэдээлэл нь лицензийг эцэслэн шилжүүлж, Монголын тал зөвшөөрөн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэсэн үг биш юм. “Онтрэ Ресурс” татварын төлбөрийг өөрөө тооцон шилжүүлж, лиценз шилжүүлэх үйл явц урагшилж буй талаар хөрөнгө оруулагчдадаа мэдээлсэн бол манай талаас лиценз шилжээгүй гэсэн байр суурь илэрхийлсээр байна. Төлбөр ямар эрх зүйн үндэслэлээр шилжсэн, лиценз шилжүүлэх хэлцэл ямар шатанд яваа, Монгол Улсын хүртэх эдийн засгийн өгөөж хэрхэн тооцогдож байгааг Засгийн газар мухарлах нь зүй байх. Эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашиг ямар нөхцөлөөр, хэрхэн хангагдаж байгааг бодит тооцоонд үндэслэн дүгнэх учиртай.
24.3 тэрбум төгрөгөөс том асуудал бий
Энэ маргааныг зөвхөн татварын мөнгө буцаах, буцаахгүй тухай асуудал болгон харж болохгүй юм. Гол асуудал нь Оюутолгойн бүлэг ордын стратегийн ач холбогдолтой хэсэгт Монгол Улсын эрх ашиг хэрхэн хангагдах вэ гэдэг юм. УИХ-ын 120 дугаар тогтоолоор “Онтрэ”-тэй холбоотой асуудлыг тусгайлан авч үзэж, Монголын талын эрх ашгийг хамгаалах чиглэлээр шийдвэрлэх шаардлага тавигдсан тухай УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд мэдээлж ирсэн. Ийм нөхцөлд лиценз шилжүүлэх асуудлыг зөвхөн татварын төлөлтөөр хэмжих нь хэтэрхий жижигдэх асуудал. Төрийн эзэмшлийн хувь, ашиг хуваарилалт, татвар болон АМНАТ-ийн нөхцөл, ирээдүйн өгөөжийг хамтад нь авч үзэх шаардлагатай. “Онтрэ” лицензээ шилжүүлээгүй гэж Засгийн газар мэдэгдэж байгаа нь нэг хэрэг. Харин цаашид ямар хэлцэл хийх, ямар нөхцөлөөр шилжүүлэх боломжтой, Монгол Улс хэдий хэмжээний өгөөж хүртэхийг олон нийтэд тодорхой тайлбар хүлээж байна.
“Онтрэ”-гийн лиценз шилжээгүй гэх Засгийн газрын тайлбар, татвар төлж, шилжүүлгийн ажил урагшилж байгаа гэх компанийн мэдээлэл хоёр хоорондоо зөрж буй. Эцсийн дүндээ асуудал 24.3 тэрбум төгрөгтөө бус, Монгол Улс стратегийн ордынхоо өгөөжийг ямар нөхцөлөөр хамгаалж авч үлдэх вэ гэдэгт байна. Н.Учралын Засгийн газар Монголын эрх ашиг хэрхэн хангагдаж байгааг нэг мөр мухарлаж, нийтэд үнэн зөв мэдээлэл өгмөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ