Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан аймагт 10 сая, суманд 5 сая төгрөг олгоно

img

“Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хууль, “Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай”УИХ-ын тогтоолыг  “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт  нийтэлжээ.  УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг дээрх хуулиар соёрхон баталсан байна.  

“Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай”, “Зарим хүнийг шүүгчийн албан тушаалд томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг,  “Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10 сая, суманд 5 сая төгрөг байхаар тогтоосон бөгөөд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөх, айргийн тавд орсон морьд, эхний гурван байрыг эзэлсэн харваачдын бай шагналыг хэрхэн тогтоосныг эмхтгэлд нийтлэгдсэн хавсралтаас харах боломжтой.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих зорилгоор мэдээлэл солилцон хамтран ажиллах журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг эмхтгэл нийтлэв.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавихад тагнуул, цагдаа, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын байгууллага ямар үүрэгтэй ажиллахыг журмаар нарийвчлан заажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ