
Өнөөдөр NBA тоглолтоор дүүрэн өдөр. Нийт 12 тоглолт болохоос яг одоо эхний таван тоглолт өндөрлөөд байна. Нью Жерси Нетс ба Вашингтон Визардс багууд улирлын эхний тоглолтоо нийслэлийн Веризон центерт хийлээ.
Талбайн эзэд шинэ улирлын анхны тоглолтдоо 90:84-ийн харьцаагаар Нью Жерси Нетст хожигдлоо.
Вашингтон Визардсаас Рашард Льюис, Андрей Блатче нар довтлогчоор, Жавал Мак Жи төвөөр, Жордан Кроуфорд, Жон Волл нар хамгаалагчаар гараанд гарсан бол Нью Жерси Нетсээс Дэмион Жеймс, Крис Хамфрис нар довтлогчоор, Йохан Петро төвөөр, Энтони Морроу, Дерон Уиллиамс нар хамгаалагчаар талбайд гарсан юм.
Нэгдүгээр үед талбайн эзэд илт давуу тоглолт үзүүлж 26:13-аар давамгайлж ирсэн. Хоёрдугаар үед Дерон Уиллиамсын тоглолт тэсрэлт хийж багийнхнаа уриалан дуудаж чадсан юм. Тиймээс Нью Жерсигийн залуус эзэн багаас 5 оноо илүү авч чадсан юм.
Гуравдугаар үед ч Нью Жерсигээс Крис Хамфрис, Энтони Морроу, Йохан Петро нар сайн тоглож Дерон Уиллиамсыг дэмжсэнээр эзэн багийнхнаас оноо илүү салгасан ба ингэснээр тоглолтын санаачлагыг алдсан Вишингтон Визардсын тоглогчид сүүлийн үед сэргэлт авч амжихгүй байсаар хожилоо зочдод алдсан юм.

Нью Жерсигээс Дерон Уиллиамс 23, Крис Хамфрис 21 оноо авч багаа тэргүүлсэн. Удаад нь Энтони Морроу 16 оноо авсан.
Ийнхүү Нью Жерсигийн гарааны тоглогчид бүх үеийн турш илүү зүтгэлтэй тоглолт үзүүлсэн бол эсрэгээрээ Вашингтон Визардсын гарааны бүрэлдэхүүнээс Жордан Кроуфорд дээд тал нь 16 оноо авсан байна.
NBA-гийн 30 багаас нилээд доогуур түвшинд бичигдэж хоёр багийн анхны тулаанд ийнхүү Нью Жерси яллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ