
Мөнгөний хүч чадлын тухай Кристофер Ж.Воллер нийтлэлдээ ийн өгүүлжээ. Худалдааг илүү үр ашигтай болгосноор мөнгө эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Харин мөнгө хэвлэх эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг. Эндээс Засгийн газар мөнгө хэвлэснээр илүү их бараа үйлчилгээ худалдан авах боломжтой нь харагдана. Гэвч Засгийн газрын мөнгө хэвлэх энэхүү чадвар нь аюулт дур сонирхлыг өдөөнө. Мөнгө хэвлэх эрх мэдэлтэй байсансан бол та яах байснаа төсөөлөөд нэг үз дээ! Танд тансаг сайхан амьдрах, өлөн зэлмүүн, орон гэргүй хүмүүст туслах боломж бүрдэх байлаа шүү дээ. Дан ганц мөнгө хэвлээд л боллоо.
Гайхамшигтай сонсогдож байгаа биз? Тэгээд юунд санаа зовох ёстой гэж?
Хэрвээ засгийн газар хэт их мөнгө хэвлэвэл бараа, үйлчилгээний үнэ, цалин хөлс нэмэгдэнэ. Ингэснээр мөнгөний худалдан авах чадвар, мөнгөний үнэ цэнэ буурна. Үнэн хэрэгтээ засгийн газар хэт их мөнгө хэвлэвэл мөнгө ямар ч үнэ цэнэгүй болж мэднэ. Дур сонирхолдоо дийлдэн эцэс сүүлд нь гиперинфляцитай тулгарч байсан олон орны жишээ бий. Хорьдугаар зуунд Герман, Унгар, Эквадор, Боливи, Перу, Зимбабве зэрэг улс гиперинфляцид өртөж байв. Ийм өндөр инфляци эдийн засгийг доройтуулах, бүр цаашлаад нураах аюултай байдаг. Иймээс мөнгө хэвлэх эрх мэдлийг хүндлэхгүй байж үл болно.
Мөнгө хэвлэх дур сонирхол хөгжиж буй орнуудаар хязгаарлагддаг гэвэл эндүүрэл болно. АНУ гэхэд хэд хэдэн удаа өндөр инфляциас үлэмж их хохирол амсаж байв. Хувьсгалаас өмнө олон муж мөнгө хэвлэх эрхээ эдлэн илүүдэл мөнгөний асуудалтай тулгарч байлаа. Хувьсгалын дайны үеэр буюу 1775 онд Тивийн Конгресс мужуудад Тивийн доллар хэвлэн дайныг санхүүжүүлэх эрх мэдлийг олгож байжээ. 1779 он гэхэд эргэлтэнд буй цаасан мөнгө хэт их болж Тивийн долларын үнэ цэнэ 25 дахин унав. Иргэний дайны үед Холбооны засгийн газар мөн л мөнгө хэвлэж бараа худалдан авах дур хүсэлдээ хөтлөгдсөн байдаг. 1861-1864 онд Холбооны долларын нөөц 10 дахин нэмэгдсэн бол үнэ мөн хэмжээгээр өсчээ. Засгийн газрын зардлыг мөнгө хэвлэн санхүүжүүлэх оролдлого 20-р зуунд ч тохиолдож байв. ХНБ дөнгөж байгуулагдаж байх үед Засгийн газрын өрийг ХНБ-наас мөнгөжүүлэх бодлогыг Сангийн яамнаас баримтлах болжээ. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа инфляци цогиж эхлэхэд шууд нөлөөлсөн юм. Ийнхүү АНУ-ын засгийн газар мөнгө хэвлэх замаар зардлаа санхүүжүүлж байсныг дээрхи хэд хэдэн жишээ нотлоно.
Хугацаа өнгөрөхийн хэрээр олон орон санхүүгийн сахилга батыг дээдлэн, мөнгө хэвлэн бараа үйлчилгээ авах эрх мэдлээ хязгаарлах талаар санаа тавих болсон юм. Хязгаарлалт тавих үе үеийн шалгарсан арга нь мөнгөний үнэ цэнийг ямар нэгэн бараатай, тухайлбал алттай уях байв.
Алтны үйлдвэрлэлийг засгийн газар хянаж чадахгүй учир хэвлэх мөнгөний хэмжээ алтны нөөцөөр хязгаарлагдах учиртай. Засгийн газар дураараа дургих боломж хаагдсан ч нөгөө талд мөнгөний хэрэгцээ нэмэгдэх үед (хүмүүс мөнгөн тэмдэгтийн активыг илүүд үзэх) эсвэл газар тариалангийн ажил эхлэх үед (үр ихээр худалдаж авах) мөнгө нийлүүлэх боломж мөн хаагдсан юм. Бас бус асуудал ч үүслээ. Тухайлбал, алт олборлолт нэмэгдэхийн хэрээр мөнгөний нийлүүлэлт өсч инфляци хөөрөгдөх болов. Аль эсвэл, алт олборлолт эдийн засгийн өсөлтөөс хоцрон бараа, үйлчилгээний үнэ унаж дефляци ажиглагдах болов. Үүгээр зогсохгүй цаасан мөнгийг баталгаажуулахын тулд алт олборлож хадгалах нь маш их өртөг зардалтай байлаа. Эндээс алтан стандартын тусламжтайгаар мөнгөний нийлүүлэлтийг хянах нь дэндүү өрөөсгөл, өртөг өндөртэй болох нь ойлгогдож эхэлсэн юм.
Улс орнууд ямар нэгэн бараагаар бус харин засгийн газрын үүрэг, амлалтаар баталгаажсан мөнгөн тэмдэгтийн тогтолцоог сонгох болов. Ийм тогтолцооны хүрээнд засгийн газар нь зардлаа мөнгө хэвлэн санхүүжүүлэхгүй, сахилга баттай байна хэмээн иргэддээ амладаг болов. Товчхондоо бол иргэд нь засгийн газартаа итгэнэ гэсэн үг юм. Гэвч итгэлийг хугалахгүй гэсэн баталгаа үгүй тул амлалтаа биелүүлэх институционал зохицуулалтыг ард иргэд шаардсан байдаг.
Иймээс ихэнх засгийн газар өөрийн эрх мэдлээ хязгаарлах, эдийн засгийн эрх ашгийг зөв зохистой төлөөлж чадна гэсэн итгэлийг олж авахын тулд ажилласан байдаг. Мөнгөний нийлүүлэлт Засгийн газрын мэдэлд байгаа нөхцөлд тэд татварын хэмжээг бууруулах төдийгүй мөнгө хэвлэн зардлаа санхүүжүүлэх замаар дараагийн сонгуульд ялахаа бодно. Улмаар, улс төрчид хариуцлагатай байх амлалтаа хөсөрдүүлнэ гэдэг нь тодорхой болсон юм. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд, эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохгүйн тулд мөнгөний нийлүүлэлтийг сонгуульт бус хүмүүст хариуцуулах хэрэгтэй. Тэд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх “төв банк” гэсэн байгууллагыг удирдана.
Сонгуулиар гарч ирсэн улс төрчдийн тоглоом болохгүйн тулд Төв банкны удирдлага улс төрөөс хараат бус байх нь маш чухал юм. Нөгөө талаас, энэ их эрх мэдлийг эдэлж буйн хувьд Төв банк сонгогчдын өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх учиртай. Төв банк хариуцлагатай байна гэдэг нь ил тод, нээлттэй байхын нэр юм. Ийнхүү сайн төв банк нь нэгдүгээрт итгэл даадаг, хоёрдугаарт хараат бус, гуравдугаарт хариуцлага хүлээдэг, дөрөвдүгээрт ил тод, нээлттэй байх шаардлагатай билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ