
Умард Солонгост их удирдагчийнхаа үхэлд эмгэнэн улс орон даяар гашуудал зарлаад байгаа. Үүний зэрэгцээ шинэ удирдагч Ким Чен Уны улс орны гадаад, дотоодын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн тушаалууд гарсан.
Тус улсын удирдлага солигдож буй энэ цаг мөчид цэргийн ямар нэгэн эргэлт гарахаас сэрэмжилж армийн анги нэгтгэлүүдийг байрлалаасаа холдож, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхыг Ким Чен Ун хатуу тушаал буулгаад байгаа.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр өчигдөр тус улсын дотоодод хүчний байгууллагуудын дунд нууц баривчилгаа болсон тухай дурдсан нь шуугиан тариад байна.
Өмнөд Солонгосын хилд ойрхон орших Кангвон мужид энэхүү баривчилгаа явагдсан гэнэ. Кангвон мужийн Вонсан хотод байрших дотоод яамны салбар удирдлагын байрыг Пхеньянаас ирсэн сөрөх тагнуулын албаны тусгай ажилтнууд бүслэн улмаар дотоод яамны олон ажилтнуудыг ажлын байран дээрээс баривчилсан хэмээн эх сурвалжаас авсан уг мэдээлэлд дурджээ.
Баривчлагдагсадын тоо 30-40 гаруй байсан гэнэ. Өмнөдийн таамаглаж буйгаар магадгүй тус улсын хууль хяналт, хүчний байгууллагуудын дотор ямар нэгэн төрийн эргэлт гарах сэдэл гарсан ба үүнтэй холбоотой их баривчилгаа өрнөсөн, цаашид ч улам эрчимтэй өрнөж магадгүй тухай мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ