Оюутан тэшүүрчид Казахстаныг зорив

img

Олон улсын оюутны спортын холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох "Оюутны тэшүүрийн ДАШТ-2014" хоёр дахь удаагийн тэмцээн Казахстаны Алмата хотноо энэ сарын 18-22-нд зохиогдох юм. Тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20 орчим улсын 150 гаруй тамирчин оролцох ажээ. Алматагийн дэлхийн оюутны АШТ нь тус хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж явагдаж байгаагаараа онцлог юм байна.

a

Энэхүү Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээнд Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран Монгол Улсаа төлөөлж хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг бэлтгэн оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд оролцогч тамирчид болох МУИС-ийн оюутан (эм) 18 настай А.Энх-Ариун, МУБИС-ийн БТДС-ийн оюутан (эр) 19 настай, Б.Тулга нар дасгалжуулагч ОУХМ Ж.Долгорсүрэнгийн хамт өнөөдөр Туркийн авиакомпанийн Бишкекийг зорьсон байна.

a

Монголын тамирчид 500 м, 1000м, 1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн таван зайн уралдаанд өрсөлдөх бөгөөд тэд хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьсан ажээ.

d

Тэшүүрийн ДАШТ Алмата хотын дэлхийд алдартай 6500 хүний суудал бүхий “Медеу” тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Медеу цэнгэлдэх нь Тяньшан уулны дунд хэсэгт, далайн түвшнээс дээш 1691 метрт байрладаг ажээ.

й

Сонирхуулахад, дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ удаа хоёр дахиа болно. Харин 2016 оны тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдах юм байна.

й

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ