"Мянгат малчин хүртэл цагаан зээрийн мах идэж байна"
Монгол орны дорнын уудам тал, өмнийн ухаа толгодоор сүрэглэн нутагладаг, хялганат талын хурдан хөлт цагаан зээр хууль бус анчдын гарт өртөж, хорогдож үгүй болохын аюул тулгарчээ.
б
Манай орны олонх цагаан зээр нутаглаж буй Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар томилолтоор ажиллаж, уг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн өдөр тутмын Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар ийн ярьж байна. Тэрбээр “Манай сонинд зүүн аймгуудад цагаан зээрийн хууль бус ан хэтэрч байна гээд ирж сурвалжилж өгөх санал, хүсэлт ирсэний дагуу зүүн гурван аймгийн олонх сумдад ажилласан. Миний явсан газруудын малтай, малгүй иргэд цагаан зээрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. Бүр аймгийн сайн малчин, 3000 малтай хүн ч малаа хайрлаад цагаан зээрийн мах идэж байна. Малчид нь бэлчээр талхалдаг, малд шүлхий өвчин тараадаг гэж ад үздэг аж. Том жийп унаж, портер машин дагуулсан хууль бус анчид цагаан зээрийг агнаж, гэдэс толгой шийрийг нь хаяад, махыг нь портер дээрээ ачаад яваад байдаг юм байна. Мөн хилийн цэргийн алба цэргүүдийнхээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдан хорих ангийнхан хоригдол ялтнуудынхаа хоол хүнсэнд цагаан зээрийг махыг хэрэглэдэг гэнэ. Би хилийн цэргийнхэнтэй таарсан. Мөн ороо нь орсон оонын чив, засааг авах гэсэн залуус зээрийг хөнөөдөг юм байна. Иргэд цагаан зээрийг агнаад Сүхбаатар аймгийн төвд авчирч нэг гулууз махыг 25 мянган төгрөгөөр ченжүүдэд зардаг юм билээ. Энд ажиллаж буй хууль хяналтынхан ажиллахгүй байна” гэж ярьсан.
ө
10 зөвшөөрөл хэд дахин үрждэг
х
Энэ асуудлыг зөвхөн мэдээлээд зогсохгүй төр, олон нийтийн анхаарлыг хандуулж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор БОНХАЖЯ, МХЕГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Амьтны эрх хамгаалах нийгэмлэг гэх байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг “Өдрийн сонины асуух эрхийн танхимд” зохион байгуулсан юм.
ы
Дэлхий дээр оршин буй цагаан зээрийн олонх нь Монгол Улсад нутагладаг гэдэг. Гэхдээ албаныхан яг одоогийн байдлаар хэдэн тоо толгой байгааг мэдэхгүй байна. Учир нь хамгийн сүүлд 2009 онд улсын хэмжээнд цагаан зээрийн тооллого явуулахад 3.3 сая орчим тоо толгой гэсэн дүн гарчээ. Үүнээс хойш тоолоогүй гэнэ. БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Онон уг хэлэлцүүлэгт оролцсон. Тэрбээр “Хууль бус ангийн 90-95 хувь нь галт зэвсгээр үйлдэгдэж байгаа. Цагаан зээрийн хууль бус ан ч мөн ийм байдлаар үйлдэгдэж байгаа. Иймд ОХУ-д үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай буюу нэг удаагийн буудалтаар олон амьтан хөнөөх энэ зэвсгүүдээр ан агнуулахгүй байхыг УИХ-д өргөн бариад буй Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд тусгасан. Үүнийг энэ хэвээр нь батлах хэрэгтэй” гэлээ.
б
Мөн малчид цагаан зээрийг шүлхий тараадаг гэж ад үздэг. Гэхдээ цагаан зээр нь шүлхийг өвчний вирусыг малд тараадаггүй. Харин малаас халдвар авдаг болохыг Дэлхийн мал, амьтны байгууллагаас тодорхойлсон гэдгийг онцолсон. Түүнчлэн Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн “Дорнод Монголын үндэсний паркийг байгуулснаар цагаан зээрийг хамгаалах боломжтой” гэдгийг онцолж байсан.
б
2000 оноос өмнө цагаан зээрийг үйлдвэрийн зориулалтаар буюу олноор агнадаг байжээ. Энэ нь цагаан зээрийн тоо толгой багасахад нөлөөлсөн тул цагаан зээрийн үйлдвэрлэлийн агналтыг хориглох тухай тушаалыг тухайн Байгаль орчны сайд гаргаж байжээ. Ингэснээр цөөн тооны зээрийг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгодог болжээ. Нэг цагаан зээр агнах зөвшөөрөл авахын тулд 100 мянган төгрөгийн хураамж төлөх ёстой аж. Энэ онд нийт 300 цагаан зээр агнах зөвшөөрөл БОНХАЖЯ-аас олгожээ. Зээр агнах 10 зөвшөөрөл аваад тэр нь 100, 200 болж хувирдаг. Зөвшөөрлийн дагуу ан хийсэн эсэхийг хянах субъект байддаггүй гэдгийг эх сурвалж дурдаж байсан. Энэ мэтчилэн энэ жилийн олгосон 300 зөвшөөрөл хэд болж үржсэнийг мэдэхгүй. Харин иргэд 100 мянган төгрөг төлж нэг зээр агнах зөвшөөрөл авах бус, хурдан буу, том машин хөлөглөж хэдэн зуугаар нь хядах хууль бус анг сонгож байна. Хууль сахиулагчид, мэргэжлийн хяналтын юу хийж байна вэ.
б
Тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын газрууд төлөвлөгөөт шалгалтуудаа удирдамжийн дагуу хийж буй гэнэ. Харин цагаан зээрийн орооны үе эхэлж, олноор нэг газар сүрэглэдэг энэ үед хяналтаа сайжруулах, шалгалтаа эрчимжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг МХЕГ ойлгож, ингэхээр шийдвэрлэж байгаа тухай Байгаль орчны хяналтын улсын байцаагч ярьсан. Цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг Ооно 500 мянган төгрөг, шарагчин 550 мянган төгрөг, эр янзага 350 мянган төгрөг, эм янзага 370 мянган төгрөг байдаг аж. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгох гэж Ан агнуурын тухай хуульд заасан байна. Гэвч энэ мэт арга хэмжээ авсан, авч буй тохиолдол байхгүй гэж мэдээлж байна.
б
Цагаан зээр хууль бусаар агнасан гэмт хэрэг бүртгэгдээгүй
х
Мөн хэлэлцүүлэгт ЦЕГ-ын ЗБГХТГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлан мөрдөн байцаагч оролцсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-т Ан агнуурын тухай хууль зөрчсөн гэмт хэргийн тухай зааж өгсөн байдаг. 203.1-т зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол энэ хэргийн субъект болдог. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр иргэд хуулийн мэдлэг багатайгаас энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь олон байдаг аж.
б
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн хэрэг 2011 онд 28, 2012 онд 45, 2013 онд 22, 2014 оны байдлаар 47 бүртгэгдээд байгаа аж. Гэхдээ эдгээрийн дотор зөвхөн цагаан зээр агнаж Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдсон тохиолдол бараг байхгүй гэнэ. Ийм зөрчилд тухайн орон нутгийн Байгаль орчны улсын байцаагч хяналт тавьж, гэмт этгээдэд захиргааны журмаар арга хэмжээ авдаг байна.
б
Зүүн гурван аймгийн хувьд ЦЕГ-ын ЗБГХТГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс орон нутгийн цагдаагийн байгууллагад чиг үүрэг өгч, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж эхэлж байгаа тухай мэдээлсэн.
б
Тухайн нутгийн иргэдээс цагаан зээрийн махыг урд хөрш руу гаргадаг, энэ асуудалд хил, гаалийнхан ч холбоотой байх магадлалтай гэсэн мэдээлэл ирсэн байна. Тиймээс хянах, шалгах эрх бүхий байгууллагууд үүнийг анхаарна биз.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ