Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт эрх зүйн шинэчлэл хийгдсэн жил гэв
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт эрх зүйн шинэчлэл хийгдсэн жил байлаа гэдгийг салбарын яамнаас онцолж байна. Учир нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль шинэчлэгдэн батлагдсан юм. 2011 оны намрын чуулганаар шинэчлэгдэн батлагдаж 2011 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоож, ажил олоход хүндрэлтэй бүлгийн иргэдэд чиглэсэн нэмэгдэл үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн төвлөрсөн бус хэлбэрээр зохион байгуулах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нутгийн захиргааны болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоо, идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажлыг хийж эхлээд байна. Түүнчлэн энэ хууль батлагдсанаар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх зэрэг өвөрмөц бүлгийнхэн аж ахуй эрхлэлтийн сургалт, жижиг зээл болон санхүүжилт, инкубацийн үйлчилгээнд хялбар бөгөөд хүртээмжтэй хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байна.Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн халамжийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах бөгөөд нэр томъёог ойлгомжтой, хялбар болгох, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг оновчтой зохион байгуулж давхардал хийдэгдлийг багасгах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж боловсрол, эрүүл мэндийг дэмжих болон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд зэрэг хүн амын тодорхой бүлгүүдээс гадна амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүдийг хамруулах зэрэг шинэлэг зүйлс тусгагдсан болно. Түүнчлэн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох хишиг, хувийг зогсоох, хэлбэрийг өөрчлөх зэрэг тохиолдолд хэрэглээ багатай өрхүүдийн амьжиргаанд дэмжлэг болж өөрчлөлтийн сөрөг үр дагавраас хамгаалах, цаашид нийгмийн халамжийн тогтвортой, үр ашигтай тогтолцоо бүрдүүлж ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа Ахмад настнуудын орлогын баталгааг олон эх үүсвэрээс хангах зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрт тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлэх зорилт тусгагдсан билээ. Энэхүү олон давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь давхаргыг бий болгох зорилгоор Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Нийгмийн суурь тэтгэвэр нь ахмад настнуудад улсын төсвөөс олгох орлогын нэмэлт баталгаа бөгөөд тэтгэврийн шинэчлэл хийх болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн Нэрийн дансны тогтолцоонд шилжих үеийн сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой юм. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авч буй 213.000 ахмад настанд суурь тэтгэвэр олгох бөгөөд үүнд ДНБ-ний нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулагдах болно. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Монгол Улсын иргэд гадаадын улс оронд очиж, гадаад улсын иргэд манай оронд ирж ажиллах явдал эрчимжиж байна. Энэхүү гадаад хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг 2001 онд батлагдсан Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд өнөөдөр бий болж байгаа нөхцөл байдлыг харгалзан, өмнө хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан өөрчлөн шинэчлэхийг зорьсон юм. Ингэхдээ хилийн чанадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний хөдөлмөрлөх эрх, хүний эрхийг хүндэтгэж, хоёр талын харилцан ашигтай байх нөхцөл боломжийг хангахад илүү анхаарсан заалтууд орж байгаа юм. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин өндөртэй, хууль эрх зүйн зохицуулалт сайтай, хүний эрхийг дээдлэх соёл, эрмэлзэлтэй орнуудад өөрийн ажиллах хүчийг гаргахыг дэмжих, гадаадаас зөвхөн өндөр нарийн мэргэжлийн ажилчдыг ажил олгогчийн бодит хэрэгцээнд тулгуурлан авах зарчмыг баримтлахаар хуулийн төсөлд тусгасан болно. Энэ хууль батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний зохицуулалт боловсронгуй болж, хувь хүн, ажил олгогч ба улс оронд үзүүлэх эерэг нөлөө нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойшхи хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд олон өөрчлөлт гарлаа. Энэ өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг шинэчлэн боловсронгуй болгож, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгааг хууль эрх зүйн талаас нь хангах, хөдөлмөрийн харилцааны төлөвшилтийг дэмжих шаардлага зүй ёсоор гарч байна. Тиймээс ажил олгогч, эзэд болон хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг нийгмийн янз бүрийн бүлгүүдийн төлөөллийг оролцуулан хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй бэрхшээл хүндрэл, түүнийг зохицуулж буй хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн ОУХБ-ын дэмжлэгтэйгээр Хөдөлмөрийн тухай хуульд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр шинэчлэлийн ерөнхий зарчим, үзэл баримтлалаа тохиролцсоны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулах ажил хийгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ