1500 хүүхэд “Шидэт толины нууц”-ыг задаллаа
Өвлийн өвгөн аав байдаг, түүнээс хүссэн зүйл биелдэг гэдэгт итгэдэг гэнэн итгэмтгий, гэгээн, цагаан хүсэл мөрөөдөлтэй хүүхэд багачууд өнөөдөр Үндэсний циркт цугларч, “Шидэт толины нууц”-ыг задаллаа. Монгол циркийн хөгжлийн төвөөс санаачлан шинэ жилийн баярыг угтан хүүхэд, багачуудаа баярлуулахаар “Шидэт толины нууц” тоглолтыг толилуулсан нь энэ юм.
б
Энэ өдөр 1500 хүүхэд хамтдаа бүжиглэж, дуулж, хөгжилдлөө. Тэд циркийн жүжигчин, акробатчдын сонирхолтой, содон үзүүлбэр, шадар цэргүүд, цасан охидын хөөрхөн бүжиг, алиалагчийн хөгжилтэй үзүүлбэрүүдийг шимтэн үзэж, гайхан сонирхож байсан. Үзүүлбэрүүдийн дараа хөтлөгч таалагдсан эсэхийг асуухад “таалагдсан” гэж нэгэн дуугаар, чангаас чанга хариулах цовоо багачуудын нүүрэнд хөгжилтэй инээд тодорч, баясна.
б
Цаа буга хөлөглөн тэнгэрийн орноос ирдэг өвлийн өвгөн аав нэгэн шидэт тольтой. Тэрбээр шидэт толиндоо энэ оны турш аав, ээжийнхээ үгэнд орж, амжилт бүтээлээр дүүрэн байсан багачуудыг харж, тэдэнд бэлэг гардуулдаг. Мөн муу хүүхдүүдийн дүрс ч түүний толинд тусна. Тиймээс бүтэн жилийн турш муу сурч, хүүхдүүд шоглож, үймүүлсэн Залхуудай, Муудай шинэ жилийн баяраар бэлэг авахыг хүсэж, өвөөгийн шидэт толийг авч үгүй хийхээр шийднэ. Гэвч тэд сайн хүүхэд байхын, шинэ жилийн баярын сайхныг ойлгож, Залхуудай, Муудай хоёр сайн хүүхдүүд болж үлгэр төгсдөг. Хөтлөгч хүүхдүүдэд “аав, ээж, ах эгчийнхээ үгэнд ордог, тэднийгээ хайрладаг, сайн хүүхэд байвал шидэт толь хагарахгүй. Өвлийн өвгөн аав та нарыг шагнах болно. Харин муу зүйл хийвэл шидэт толь хагарч, өвлийн өвгөн аав та нарыг харж, хүслийг нь биелүүлж чадахгүй болно” хэмээн тайлбарлахад, хүүхдүүд мөн л нэгэн дуугаар “ойлгосон” гэж хариулах нь өхөөрдөм.
б
Ийнхүү хүүхдүүдийг хөгжөөсөн, хүүхэд бүрийг шинэ жилийн бэлгээр урамшуулж, тэдний бяцхан ухаанд сайн хүүхэд байхыг таниулсан “Шидэт толины нууц” хөгжөөнт тоглолтод циркийн 30 гаруй авьяаслаг жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулсан. Мөн дуучин Мино “Хатариш” дуугаа Залхуудайтай хамт дуулсан бол, Мix хамтлагийнхан багачууддаа зориулж ая дуугаа өргөсөн юм.
б
Тоглолт дуусч гарах хаалгыг зүглэж байхдаа хүүхэд бүр аав, ээждээ циркийн жүжигчдийн үзүүлбэрийг гайхан ярьж байх нь сонсогдож байсан. “Шидэт толины нууц” найруулагч Ю.Гэрэлбаатар болон Монгол циркийн хөгжлийн төвийн хамт олны хэлсэнчлэн шинэ жилээр багачуудад барих хамгийн сайхан бэлэг байлаа.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ