
ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотоос зүүн зүгт 94 км-ын зайд буюу хойд өргөрөгийн 51.858°, дорнод уртрагийн 95.825° градуст рихтерийн шаталбараар 6.7 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг манай сайт өнгөрсөн шөнийн 00.31 цагт шуурхай мэдээлсэн. Улаанбаатарын цагаар 23.21 цагт болсон уг газар хөдлөл нь Улаанбаатар хотод 23.32 цагт мэдрэгдсэн байна.
Нийслэлийн онцгой байдлын шуурхай албанд ирсэн мэдээллээр“Улаангом, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул аймгийн сумдууд болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 шар, Баянгол дүүргийн X хороолол, Төмөр замын Богд-Ар хороолол, Хан-Уул дүүргийн 120 мянгат, офицеруудын ордон зэрэг газруудад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна” гэсэн байна.
Одон орон, геофизикийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сэлэнгээс тодруулаа. Тэрээр урьд шөнө
жижүүртэй хоножээ.
-Өчигдөр орой болсон газар хөдлөлт нийслэлийн зарим дүүрэгт хүчтэй мэдрэгджээ?
-Зарим дүүрэг гээд онцлоод байх шаардлагагүй. Ерөнхийдөө нийслэл даяар мэдрэгдсэн. Ялангуяа орон сууцны 5-аас дээш давхарт оршин суугчдад илүү их мэдрэгдсэн.
-Нийслэлээс гадна орон нутгуудад хэдэн баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн бол?
-Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.
-Газар хөдлөлтийн цөмд болж буй чичирхийлэл манай улсад дахин ирэх болов уу?
-Магадгүй.
-
Ер нь хүчтэй газар хөдлөлт болсны дараа чичирхийлэл нь хэр удаан үргэлжилдэг вэ?
-Хуримтлагдсан энерги нь дуустал чичирхийлэл мэдрэгддэг. Өчигдөр оройны газар хөдлөлт одоо ч үргэлжилсээр байна.
-Кызылийн газар хөдлөлт яагаад Улаанбаатарт хүчтэй мэдрэгдсэн юм бол?
-Чичирхийлэл тарж байгаа чиглэл нь 119 градус байгаа. Энэ нь яг Улаанбаатарын чиглэлд тарах чиглэл гэсэн үг. Тиймээс газар хөдлөлтийн голомтоос Улаанбаатарын чиглэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж байгаа юм.
Ж.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ