Спортыг ШУУД онцолж байна
Он солигдох мөч сар, улирлаар биш өдөр цагаар хэмжигдэж, хүн бүр улиран одож буй ондоо юу хийж бүтээснээ, түүнээс юу нь нь илүүтэй онцлох байсныг оюун бодолдоо тунгааж буй биз ээ. Түүний нэгэн адил бид уншигчдадаа 2014 онд өрнөсөн онцлох үйл явдлуудыг салбар бүрээр тоймлон мэдээлж байгаа билээ. Ингээд спортын оны үйл явдлыг ШУУД онцолсноо хүргэе.
Энэ онд манай тамирчид тив, дэлхийн ганцаарчилсан болон багийн уралдаан тэмцээнд оролцож, аваргалж, эр бяр, уран мэхээр эв нэгдлээр хүчийг үзүүлж, эх орон, түмэн олноо баярлуулсан амжилт арвин байлаа.
Жүдочид нэгэн цул байж, сүр хүчийг гайхууллаа
ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар түрүүлж дэлхийд аваргалав. Тэрээр аваргын төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны бөхийг буулган авч, аварга болсон билээ.
Тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон түүний хөдөлмөрийг төр үнэлж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв.
АНУ-ын Лодердейл хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртэж, дэлхийн залуучуудын аварга болсон. Тэрбээр БНСУ-ын Инчон хотноо болсон Азийн 17-р наадамд мөн энэ жиндээ оролцож, мөнгөн медаль хүртэж, монголчуудаа баярлуулж байсан билээ.
Улиран одож буй 2014 онд хамтын хүчийг гайхуулсан тамирчид бол манай жүдогийн шигшээ багийнхан. Жүдогийн эмэгтэй шигшээ багийн тамирчид ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Эмэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал Б.Мөнхтуяа нарын шилдгүүд барилдсан.
Тивийн олимпоос “атгасан” 10 медаль
Ази тивийн олимп хэмээгддэг Азийн зуны спортын наадам дөрвөн жилд нэг удаа болдог. 17 дахь удаагийн наадам энэ жил БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан. Энэхүү наадмаас жүдочдоос Олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Д.Төмөрхүлэг, МУГТ М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж эх орныхоо төрийн дууллыг Инчоны тэнгэрт эгшиглүүлсэн. Түүнчлэн Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр нар мөнгөн медаль зүүж, Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүрэл медалийн тавцанд зогссон.
Пара жүдочдийн бахдам амжилт
Азийн зуны спортын пара наадамд оролцсон Монголын баг тамирчид 11 медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн. Энэ удаагийн наадамд манай жүдочид шилдэг амжилт үзүүлж багийн төрөлд өрсөлдсөн эмэгтэй жүдочид өрсөлдөгчдөө ялж, аваргалан, эх орныхоо төрийн дууллыг Инчоны тэнгэрт эгшиглүүлсэн. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д Н.Алтанцэцэг алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон.
Эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Хашцэцэг, 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү мөнгө, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, 66 кг-д А.Мөнхбат хүрэл медаль зүүсэн юм. Харин А.Мөнхбат, Б.Ууганхүү, Д.Ганбат, Д.Эрдэнэбаяр, Э.Даваадавга, Л.Эрдэнэбаяр, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй шигшээ баг алтан соёмбот далбаагаа мандуулан хүрэл медалийн тавцанд зогссон билээ.
Чөлөөтөөс төрсөн Дэлхийн аваргууд
Бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Сүхээгийн Цэрэнчимэд 19-хөн насандаа чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо. Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан тэрбээр алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаа Ташкентын тэнгэрт мандаж, эх орны сүлд дуулал эгшиглэсэн билээ.
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх тав дахь алтан медалийг эх орондоо авчирсан С.Цэрэнчимэдийн болон түүний багш Ц.Хосбаяр нарын хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр үнэлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр мялаасан.
Чөлөөт бөх хэмээх их айлд байдаг “мундаг” Батцэцэгүүдийн нэг бол Ц.Баярсайхан дасгалжуулагчийн гарын шавь А.Батцэцэг. Тэрбээр энэ жил Хорват Улсын Загреб хотноо болсон залуучуудын ДАШТ-д эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд эх орноо төлөөлөн хүч үзэн, бүх өрсөлдөгчөө ялж, залуучуудын дэлхийн аварга болсон.
Ийнхүү А.Батцэцэг залуучуудын дэлхийн аварга гэдэг цолыг хүртсэн монголын долоо дахь, эмэгтэй бөхчүүдийн хувьд гурав дахь тамирчин юм.
Азийн наадмын таван медалийг зүүжээ
Ази тивийн олимпод Монгол Улсаа төлөөлөн барилдсан чөлөөт бөхийн тамирчдаас ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, Б.Номин, Д.Хүдэрбулга, С.Цэрэнчимэд, МУГТ О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн.
Дэлхийн аварга мэргэн буудагчид
Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Гренада хотноо болсон. Энэхүү тэмцээнд СМ Г.Буянбаатар, СМ О.Төгөлдөр, СМ Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй манай залуучуудын баг 25 метрийн стандарт гар бууны дасгалд тэргүүн байр эзэлсэн юм. Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг зүүж, аварга болсон.
Бидний найдвар О.Гүндэгмаа
Азербайжаны Габала хотод болсон буудлага спортын "Дэлхийн цом"-ын шигшээ тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв.
Азийн спортын 17 дугаар наадмын медалийн салхийг Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмаа нарын эмэгтэйчүүдийн баг хагалж, хүрэл медаль хүртлээ. О.Гүндэгмаа ганцаарчилсан төрөлд хүрэл медаль зүүлээ гээд тэрбээр зорьсон тэмцээн бүртээ эх орныхоо алдрыг дуудуулан медаль зүүдэг, бидний итгэлийг алддаггүй тамирчдын нэг билээ.
Шинэ аварга Ч.Нарантуяа
Азийн зуны спортын XVII наадмын тав дахь буудлагын тэмцээнээс Монголын баг тамирчид дөрөв дэх алтан медалиа хүртсэн. Энэ нь 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын монголчуудын дөрөв дэх алтан медалийг авчирсан. Тэрбээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Олимпийн эрх дагуулсан хүрэл медаль
Азийн зуны спортын пара наадамд оролцсон Монголын баг тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдсөн. Тэд хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. Монголын пара буудлагын шигшээ багийн тамирчин З.Ганбаатар хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын баг тамирчдын медалийн салхийг хагалсан. Тэрбээр Герман улсын Зуль хотноо пара буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож “Рио-2016” олимпийн эрхээ авсан билээ.
Бодибилдингийн анхны дэлхийн аварга Ж.Нурлан
23 жилийн турш тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж, хөлсөө урсгаж, хүчээ дайчлан бодибилдингийн спортод үнэнч явсаны хэргийг гаргаж Монгол Улсын бодибилдинг, фитнессийн багийн тамирчин Ж.Нурлан дэлхийн аварга боллоо. Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 40-49 насны ангилалд алтан медаль хүртсэн тэрбээр Монголын бодибилдингийн спортын түүхэн алтан үсгээр бичигдэх түүхийн эзэн болов.
Тэрбээр 1991 оноос эхлэн бодибилдингийн спортоор хичээллэхдээ 2004, 2005, 2006, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аварга “Монголын мистер", Азийн аваргын хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Түүнийг дэлхийн аварга болоод ирсэний дараа МҮОХ-ны "Алтан-очир" одонгоор шагнасан.
Шатрын Их мастер А.Энхтуул
Шатрын спортын оргил Их мастер цолыг манай улсын тамирчин Алтан-Өлзийн Энхтуул хүртлээ. Ийнхүү манай улс долоо дахь их мастераа өлгийдөн авсан. Шатрын Олон улсын мастер А.Энхтуул гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрч, шатрын спортын Их мастер цолны болзлыг хангасан юм. Түүний цолыг Норвегийн Тромсо хотноо болсон ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулж, цол тэмдгийг хүлээлгэн өгсөн билээ.
Монголын шатрын спортын түүхэнд ХХ зууны сүүлчээр шатрын дээд оргил болох Их мастер цолыг Б.Хатанбаатар, Д.Шаравдорж нар анхлан хүртэж, 2012 онд Ц.Батчулуун, 2013 онд Б.Гүндаваа, эмэгтэй шатарчдаас 2003 онд Б.Мөнгөнтуул, 2009 онд Т.Батчимэг нар хүртэж Монгол түмнээ баярлуулсан юм. Тэгвэл манай улсын долоо дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь их мастер А.Энхтуул болсон. Отгон их мастер булган сүүлтэй байх болтугай.
Найман настай дэлхийн аварга
Найман настай шатарчин охин Даваахүүгийн Мөнхзул Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, монгол хүүхдийн оюун ухааны гайхамшгийг олон улсад гайхуулав. Есдүгээр сард Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн юм.
Тэрбээр найман насанд 51 шатарчнаас найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8.5 оноогоор аваргалсан байна.
Тэмцээний хөвгүүдийн мөн насны ангилалд тоглосон Есөнтөмөрийн Төгстөмөр хүү орон орны шилдэг шатарчин багачуудтай уран нүүдэл, хурц ухаанаа уралдуулсаар хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль зүүсэн билээ. Тэрбээр зургаан настайдаа Азийн аварга, долоон насандаа сурагчдын дэлхийн аварга, мөн насандаа Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цолтой болсон юм.
Оюуны чадвар, ухааны бяр
Монгол хүний оюуны чадвар, ухааны бярыг дэлхийд гайхуулж буй хэсэг хүмүүс бол Монголын оюун ухааны академийн баг тамирчид. Тэд энэ оны сүүлч буюу 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнд мөн л гайхамшгийг үзүүлсэн. Монгол Улсаа төлөөлөн оролцсон 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд 29 медаль хүртсэн амжилтаар ДАШТ-ий дэд байрт шалгарсан билээ.
Энэ оны есдүгээр сард Энэтхэг улсад болсон Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улсын гурван тамирчин, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт оролцож, 30 медалийн есийг нь хүртэж байсан. Мөн тэд дунд насны ангилалд Дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор багийн оноогоороо тэргүүлсэн юм. Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнх “хөзөр цээжлэх” хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр БНХАУ-ын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоон, энэ амжилтыг эзэмших болсон. Харин 16 настай Т.Энхжингийн хувьд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн “хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Түүнчлэн есдүгээр сард Хонг-Конгт болсон Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай 10 тамирчин амжилт дүүрэн оролцсон.
Монголын эрэлхэг хүчит хөвгүүд охид дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваагийн адил оюуны бяр, чадалт хүүхэд, залуус дэлхийн шилдгүүдтэй ухааны цэц сорьж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулсаар яваа билээ.
Түүхэн амжилтыг эзэн “Дэрэн”-ийнхэн
Шведийн Гётеборг хотноо зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болсон "Gothia Cup" хөлбөмбөгийн тэмцээний хөвгүүдийн 12, 16 хүртэлх насанд Монгол Улсын баг тамирчид оролцож, 16 хүртэлх насны ангилалд оролцсон Г.Мөнхчулуун эзэнтэй "FC Deren Sumida" багийнхан хүрэл медаль хүртсэн.
Дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон тэмцээнд амжилттай оролцсон тэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгалаасаа салж амжаагүй байсан Монголын хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан нь энэ.
Тэд ийнхүү Монгол Улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн түүхэнд тэмдэглэгдэх амжилт үзүүлсэн билээ. “FC Deren Sumida" багийн тамирчид “Энэ багаараа олон жил хичээллэсэн болохоор зорилгоо биелүүлэхийн тулд хамтдаа зүтгэсэн. Тэмцээний үеэр Швед, Герман улсын багуудыг хожоод урам зориг нэмсэн гэж ярьсан. Түүнчлэн хөлбөмбөгт дуртай, сонирхолтой үеийнхэндээ сэтгэлтэй, итгэлтэй, зоригтой байхыг захиж, тэгж чадваас бүгдээрээ дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсын шигшээг бүрдүүлэхэд ойрхон байна” гэж хэлж байсан.
Багийн гишүүд хичээлийхээ завсар, зайгаар өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэлтэй хийдэг гэсэн. Тэдэнд өвөл спорт заал олддоггүй учраас бэлтгэлээ сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө буюу өглөөний 07.00 цагаас хийдэг байна. Зарим тамирчин Биокомбинат, Яармаг, Нисэх, Шувуун фабрикаас ирж бэлтгэлээ хийдэг гэнэ. Ийнхүү “Дэрэн”-ийн цовоо, мятрашгүй тамирчид хамтдаа амжилт, ялалтын төлөө зүтгэж буй.
Инчоны наадамд өнгөлсөн Сагсчид
Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн зуны спортын XYII наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд амжилт дүүрэн оролцож, шилдэг найман багийн нэгээр шалгарсан билээ. Монголын сагсан бөмбөгийн түүхийн хуудаснаа бичигдэх бахдам амжилт үзүүлсэн тэднийг бид онцолж байна.
Энэхүү тэмцээний үеэр Монголын багийн хөгжөөн дэмжигчид заалыг эзэгнэн, тамирчдадаа урам, эрч хүч хайрлаж, баг тамирчид нь шуугиулж байсныг андахгүй санаж буй байх.
Түүнчлэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Билгүүн, Т.Санчир нарт гадны багт тоглох санал ирсэн гэдэг.
Мөн “Инчон-2014” Азийн спортын XYII наадмыг зорьсон манай эмэгтэй сагсчид гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Азийн наадамд анх удаа оролцсон манай эмэгтэй сагсчид чадварлаг тоглож, амжилттай өрсөлдөн, VIII байрт шалгарсан амжилтыг бид онцолж байна. Монголын шигшээ баг н.Долгор, н.Алтанзаяа, Б.Хос-Эрдэнэ, Б.Болортуяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Золзаяа, н.Цолмон, Г.Баярцэцэг, Г.Энхдэлгэр нарын 11 тамирчинтайгаар Азийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд багтсан билээ.
Ийнхүү түүхэн амжилт өвөртлөн ирсэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн хүчирхэг, чадварлаг баг тамирчид ирэх онд амжилт дүүрэн байг.
“Чингисийн цавчилт” дэлхийд тэргүүлэв
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо наймдугаар сард болсон Холимог тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах "One Championship 2014" тэмцээнд манай улсын тамирчин Ж.Нарантунгалаг амжилттай оролцож, аваргын бүсний эзэн болсон.
Тэрбээр тэмцээний сүүлийн шийдвэрлэх тоглолтыг Японы тулаанч Кожи Ойшитой хийж өрсөлдөгчөө илт давуу ялсан. Тэмцээний туршид 11 тулаан хийснээс манай тамирчин аравт нь ялалт байгуулсан гэдэг.
2003 оноос мэргэжлийн тулаанаар хичээллэж эхэлсэн тэрбээр 2004 онд Японд К-1-ны тэмцээнд орж, Голландын тамирчинтай тулалдахдаа “Чингисийн цавчилт” гэдэг өшиглөлтөө хийж байсан гэж ярьдаг. Түүний “Чингисийн цавчилт” гэх өшиглөлт нь сонин түүхтэй. Багадаа жүдо бөхөөр барилддаг байсан Ж.Нарантунгалаг акробатын урагшаа сойлтыг жүдо бөхийн уналттай хослуулж, тэр өшиглөлтийн техникийг зохиосноо тулалдахдаа хийсэн нь амжилттай болж. Тэмцээний дараа япончууд “Энэ одоо ямар техник вэ” гэхэд нь одоогийн ёкозүна Асашёрюү Д.Дагвадорж “Чингисийн цавчилт” гээд хэлчихсэн гэдэг.
Ширэн бээлийтнүүд Азийн олимпоос
“Инчон-2014” Азийн наадмын боксын тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарч, 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө тулалдсан. Тэрбээр Филиппиний боксчин Чарли Суаресыг хожиж Монголын боксчдоос анхны Азийн наадмын аварга болсон билээ.
Мөн ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд хүч үзсэн М.Нандинцэцэг хүрэл медалийн тавцанд зогссон.
Пара наадмаас хоёр тамирчин хүрэл медаль хүртэв
Азийн зуны спортын пара наадамд оролцсон Монголын баг тамирчид 11 медаль хүртэж, ганзага дүүрэн ирсэн. Бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл хүрэл медаль хүртэж, пауэрлифтийн төрөлд Э.Содномпилжээ хүрэл медалиар энгэрээ гоёж, эх орны төрийн далбаагаа мандуулсан.
“Дака ралли”-ийн автомашины төрөлд анх удаа уралдана
Автомашин, мотоциклийн олимп буюу "Дака ралли" уралдааны автомашины төрөлд анх удаа Монгол Улсын тамирчин ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан уралдахаар болсон.
Тус уралдааны автомашины төрөлд оролцоход зардал мөнгөнөөс гадна туршлага хэрэгтэй болохоор энэ тэмцээнд өрсөлдөх нь саяхныг хүртэл манай тамирчдын мөрөөдөл байжээ. Тэрхүү мөрөөдөл "Uniqa Sandlander" багийнхны тусламжтайгаар биелэх боломжтой болж буй. ОУХМ Н.Лхамаа болон багийнхан анх удаа оролцож буй ч тодорхой амжилт үзүүлэхээр зорьж бэлтгэлээ базаасаар буй аж.
Монгол, Унгарын хамтарсан "Uniqa Sandlander" багийнхан энэ удаа гурван машинаар үйлдвэрээс гарсан шинэ машины ангилал болох Т2-т уралдана.
Манай тамирчид унаж уралдах машинаа Монгол Улсынхаа төрийн дууллыг монгол бичгээр бичих, эх орныхоо газрын зураг, төрийн далбаа зэргээр гоёж, нэг тэрбум үзэгчтэй "Дака ралли"-д Монгол улсаа сурталчилан уралдана хэмээсэн.
Манай улсын тамирчид хоёр жилийн өмнөөс анх "Дака ралли"-д оролцож, ОУХМ Н.Лхамаа, Д.Болдбаатар нар мотоциклиор уралдаж байсан. Өнгөрсөн жил мотоциклийн төрөлд уралдсан ОУХМ Д.Болдбаатар уралдааны замаа дуусгаж, амжилттай оролцсон билээ. Тэрбээр мөн энэ жил мотоциклийн төрөлд эх орноо төлөөлөн уралдана.
36 дахь удаагийн "Дака ралли" уралдаан ирэх 2015 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Аргентин улсад эхлэх юм.
Хүн, хүлэг хоёрын хатуужил сорьсон 188 хоног
Нарны тооллоор дэлхий нараа тойрч, цаг хугацаа, өдөр хоног өнгөрсөөр нэгэн жилд 365 улирна. Тэдгээрийн 188 хоногт “хээрээр гэр, хэцээр дэр хийж”, ихэнх цаг хугацааг морин дэл дээр өнгөрөөсөн таван залуу бий. Тэд монгол мориор, Монгол эх орноо нар зөв тойрох их хүсэл өвөрлөж, Улаанбаатар хотоос тавдугаар сарын 9-нд хөдөлж, Өмнөговь аймгийн Овоотын отрядаас холын аянд мордож, хүслээ гүйцээгээд намрын сар адаглаж буй нимгэн цагаан хяруутай, жавар үнэртсэн сэрүүн салхитай өдөр аяны дөрөө мулталсан. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн багш-Аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар болон “ETV” телевизийн зураглаач Д.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар урт аянд хүлгийн жолоо залсан билээ.
Тэдний аялал 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуух 15 аймгийн 89 сумаар дамжин үргэлжилж 10394 км замыг туулснаар аялал эхэлсэн цэг Овоотын отрядад урт аян отголжээ.
Эх орныхоо өмнийн шаргал говь, өндөр цэнхэр хангай, дорнын уудам тал гээд бүхий л байгалийн бүс бүслүүрээр хэсч, бүх л ястан үндэстэнтэй уулзаж, нутаг нутгийн салхийг амьсгалсан тэд Монгол эх орон, монгол мориороо бахархаж, монгол хүмүүний тэсвэр хатуужлыг бахдаж байсан. Харин аялал эхэлсэн цэгээс жолоо залж, 10394 км замыг эзэдтэйгээ хамт туулж, монгол морины гайхамшгийг харуулсан монгол буурал /аяллын багийнханы өгсөн нэр/ моринд “Өгөөдэй хааны хүлэг” хэмээх алдар хайрласан.
Хуулиар “төрсөн” дархан аваргууд
Үндэсний их баяр наадмын тухай хуульд тодорхой өөрчлөлт орж, энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр үндэсний бөхөд хоёр дархан аварга төрсөн билээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.1, долоодугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгосон.
Шинэ дархан аварга цолтнууд Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд зүүний магнайн тэргүүн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Дүнжингарав бөхийн дэвжээ, “Ээлт Хангарьд” компанийн бөх, дархан аварга А.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярыг амлаж, барилдалгүйгээр тахимаа өгч үзэгчдийг гайхашруулж байсан.
Арлын орныг шуугиулж буй Монгол хөвгүүд
Арлын орны үндэсний спортод Монгол Улсын нэрийг цуурайтуулах бөхчүүдийн цуваа үргэлжилсээр байна. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Кюүшюү башёд түрүүлэн, 32 дахь түрүүгээ авч, сумогийн дэвжээнд босоо аварга гэдгээ баталсан. Түүний энэхүү амжилт нь Японы их аварга Тайхогийн дээд амжилттай зэрэгцэж ирсэн билээ.
Мөн Ичиножёо А.Ичинноров Макүшита, Жюүрёо зиндаанд хоёр башё барилдаад дээд зиндаа руу хамгийн хурдан хугацаанд орж ирсэн сумочоор тодроод байгаа. Түүний хурдан хугацаанд Сэкивакэ хүртэл дэвшсэн түүхэн амжилтыг үнэлж, Япон улсын “Хочи” спортын сонин 2014 оны “Шилдэг шинэ тамирчин”-аар тодруулах болсноо зарласан тухай мэдээлсэн. Мэргэжлийн сумо бөхийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна буюу Их аварга цолтноор талын Монголын хүчит хөвгүүд тодорсон бол энэ амжилтыг үргэлжлүүлэх итгэл найдварын нэгээр сэкивакэ Ичиножёо А.Ичинноров нэрлэгдэж байна.
Дэлхийн шилдгүүдээс илүүрхэн, эх орныхоо алдрыг дэлхийн чихнээ дуурсгаж буй Монгол тамирчдын минь амжилт, ялалтын зам гэгээн байг ээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ